ТҮК-ийн ажилчид 800 мянган төгрөгийн цалинтай болно

c07c54fb4a2ecbe1bigНийслэл хотыг өнгөтэй, цэвэр цэмцгэр байлгах ажлыг хариуцдаг ТҮК-ийн ажилчдын дунд “Хоггүй гудамж, хоггүй хороо” болзолт уралдааныг зарласан билээ.

Энэ талаар Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдах хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баярмаагаас тодрууллаа.

-ТҮК-ийн ажилчдын дунд болзолт уралдаан зарласан гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар ТҮК-ийн гудамж, талбайн ажилчдын дунд “Хоггүй гудамж, хоггүй хороо” гэсэн болзолт уралдаан зарласан. Тэмцээний дүн нийслэлийн баяраар буюу ирэх аравдугаар 29-ний өдөр гарна.

Уг уралдааны гол зорилго нь хог тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Нэг дүүргээс нэг зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нарыг шалгаруулна. Шалгарсан ажилтнуудаа Сингапур, Хонконг улсад долоо хоног амруулахаас гадна, нэгдүгээр байрт таван сая, хоёрдугаар байрт гурван сая, гуравдугаар байр эзэлбэл сая төгрөгөөр урамшуулах болно.

-Нийслэлийн хэмжээнд нийт хэчнээн үйлчлэгч байгаа вэ. Тэдгээрийн нийгмийн асуудлыг сайжруулах ямар нэгэн ажил хийгдэж байгаа юу?

-Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 366 нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн үйлчлэгч ажиллаж байгаа. Үйлчлэгчид маань өглөөний 05.00 цагаас оройны 19.00-20.00 цаг хүртэл ажилладаг. Өнгөрсөн долоо хоногоос зуны шинэ хуваарийн дагуу хоёр ээлжээр ажиллуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжинд цагийн хуваарийг Чингэлтэй дүүрэг дээр туршиж үзэж байна. Туршилт эхлээд долоо хонож байгаа.

-Туршилт эхлээд долоо хонож байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд ямар үр дүн гарав?

-Туршилт чамгүй үр дүнтэй байгаа. Туршилттай холбоотой хэд хэдэн зохицуулалт хийгдэж байгаа. Тухайлбал, ажиллах цагийн хуваарийн хувьд эхний ээлж 05.00-14.00 цаг, дараагийн ээлж нь 14.00-21.00 цагийн хүртэл цэвэрлэгээ хийхээр зохицуулагдаж байгаа. Ээлж гарах болсон учир нь гудамжуудыг байнгын цэвэрлэгээтэй байлгах зорилготой юм.

Өмнө нь ажиллаж байсан цагийн хуваарийн дагуу болохоор үйлчлэгчид нэг газрыг цэвэрлээд хэсэг хугацаанд байхгүй байх хооронд нь их хэмжээний хог хуримтлагддаг байсан. Тиймээс хогны түүвэр цэвэрлэгээ тасралтгүй явагдаж чаддаггүй байсан. Харин одоо хоёр ээлжээр ажиллаж эхэлвэл байнгын түүвэр цэвэрлэгээтэй байх болно. Мөн зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачаалал, цаг хугацаа нь хэмнэгдэх болно.

-Туршилт хийгдэж байгаа Чингэлтэй дүүрэгт нийт хэчнээн үйлчлэгч ажилладаг вэ. Тэдгээр үйлчлэгчид уг зохион байгуулалтыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Чингэлтэй дүүрэгт нийтдээ 57 зам, талбайн үйлчлэгч байдаг. Зам талбайн үйлчлэгч нартайгаа байнга уулзаад хянаад явж байгаа. Өөрөөр хэлбэл, ажилчдынхаа санал бодлыг байнга сонсч байгаа. Үйлчлэгчдэд шинэ цагийн хуваарь их таалагдаж байгаа. Түүнчлэн амрах, ажиллах цагтаа гарч, яг тогтсон нэг гудамжыг хариуцаж аваад байнгын түүвэр цэвэрлэгээ хийхээр цэвэрхэн урамтай байна гэсэн талархал их ирж байгаа.

-Шинээр хийгдэж байгаа зохицуулалттай холбоотойгоор ажилчдын цалинд ямар нэгэн өөрчлөлт гарах уу?

-Төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн ажилчдын дундаж цалин одоогоор 500-730 мянга байгаа. Тиймээс одоо цалингийн доод хэмжээг 600-700 мянган төгрөгт, тэгээд түүнээс дээш болгох зорилттой ажиллаж байгаа. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр батлагдсан.

Уг хөтөлбөрт нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч нарын цалинг 800 мянгад хүргэнэ гэсэн заалт тусгагдсан байгаа. Ер нь цаашдаа ажилчдын тоог нэмэгдүүлнэ. Учир нь хоёр ээлжээр ажилуулахад одоогийн байгаа ажилчдын тоо хангалтгүй байгаа.

-Энэ жил шинээр байрлуулахаар төлөвлөөд байсан хогийн савнуудыг байршуулж дууссан уу?

-Хаврын тохижилтын ажлаар бид 1200 гаруй хогийн савыг нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулаад дууссан. Шинээр байршуулсан хогийн савнуудыг эхнээс нь цэвэр байлгах тал дээр анхаарч байгаа.

Тодруулбал, өглөө ажилдаа гарч байгаа зам, талбайн үйлчлэгч нар өөрийн хариуцсан талбайн хогийн савыг цэвэрлэж байх зориулалттай цэвэрхэн алчуур түрдэг тэргэндээ зүүгээд гардаг. Ер нь байнга цэвэрлэгээ хийгдээд байхаар нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн сав дүүрэх, бохир заваан болох зэрэг асуудал үүсэхгүй байх болно.

/Монголын мэдээ/


URL:

Нэр: Аятунгаа Огноо: 31 December 2014

Цалинг нь нэмэх хэрэгтэй.Өглөө эрт гараад орой мөн л орой тардаг.Одоогийн энэ жаалуудыг хогоо хогийн саванд хийдэг юм шүү гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй

Нэр: БИД Огноо: 31 December 2014

ХЭ хэ яах бол доо зарим нь эрт гараад ажилаа амжуулчидаг юм байна лээ Зарим нь хэд хоног сураггүй байж байгаад нэг додомддог юм билээ. Ялгаа гаргах болов уу

Сэтгэгдэл бичих