Халдварын голомтод 16 айл, 5,5 мянга гаруй мал байна

a616267f1f94d229bigБулган аймгийн Орхон сумын нутаг Хичээнгүйн хонд хэмээх газарт гарсан үхрийн хорт салст халуурал өвчний голомтын бүсэд Булган болон Орхон аймгаас хяналтын пост ажиллуулж байна.

Халдварт өвчнөөр өвчилсэн малын эзэн нь Орхон, газар нутаг нь Булган аймгийнх, халдварлалтын бүсэд эдгээр аймгийн малчид айл саахалтаар хаварждаг тул ийнхүү хоёр аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж хорио цээрийн дэглэм тогтоон халдварлалтыг хязгаарлах, тархалтаас сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах зэрэг ажлыг хамтран шуурхай зохион байгуулж байна.

Мөн энэ өвчин Булган аймгийн Орхон сумын нутагт гарсны дээр оршин суугаа малчдын ихэнх нь энэ сумынх учир тус сумын Засаг дарга шаардлагатай арга хэмжээ авч, холбогдох мэргэжилтэн нарыг газар дээр нь ажиллуулж байна. Хорио цээрийн бүсийн 25 айл өрх, 5,5 мянга гаруй малын ихэнх буюу 16 айл өрх нь Булганых аж.

-Үхрийн хорт салст халуурал өвчнийг одоогоор эдгээх эмчилгээ болон урьдчилэн сэргийлэх вакцин байхгүй. Иймд Арбулаг, Хонхтын баруун зүүн талд гаргасан ажлын хэсгийнхэн хорио цээрийн бүсийн малын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж аймаг, сумын мал эмнэлгийн мэргэжилтнүүд голомтод хаваржиж байгаа айлуудын малд өдөр бүр үзлэг хийж байна. Үүний дүнд дахин өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байна хэмээн аймгийн мал эмнэлгийн албаны дарга Д.Цэнгэлмаа ярив.

Тус аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат хорио цээрийн бүсэд зохион байгуулж байгаа ажлын явц, цагийн байдалтай аймгийн онцгой байдлын газар болон Орхон сумын Засаг даргын хамт газар дээр нь танилцаж зөвлөмж өгөв. Дашрамд хэлэхэд энэ өвчин нь наяад онд Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл аймагт анх гарч байсны дээр өнгөрсөн оноос манай улсын хэмжээнд гурван удаагийн тохиолдол илэрчээ.

Түүний дотор өнгөрсөн оны сүүлчээр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул, Малчин багийн малчныд энэ өвчний тохиолдол илэрч байжээ.

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих