Балагтай барилгын ажил дахин балаг тарих уу
Өнгөрсөн намар барилгын ажлын балгууд энд тэндгүй ил болж, олон хүний аминд хүрч байгааг ч мэдээлэх болсон.
Барилгын зуурмаг зуурагч нуран хичээлээ тарж явсан охины дээрээс унан амь насыг хохироосон хэргийн дараа энэ салбарт ихээхэн балагтай мэдээнүүд ар араасаа гарсан билээ.
Түүнчлэн энэ хэрэг гараад удаагүй байхад Тэнгис кино театрын хажууд баригдаж буй барилгаас төмөр унан мөн л гудамжаар алхаж байсан нэгэн сайхан залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс гадна барилга дээр ажиллаж байсан хүн тухайн барилгаасаа унан амиа алдсан гээд барилгын салбарт гарч буй балагтай мэдээллийг дурьдаад барашгүй. Тэрбүр хэвлэлээр гараад мэдээлээд байгаагүй энэ салбар талаар шуугиан дэгдээд ирсэн үед хотын удирдлагууд хэд хэдэн сүржин мэдэгдэл хийж, зарим хууль бус барилгын ажлыг зогсооно гэж байсан ч тэдний гаргасан шийдвэр тэр болгон биелелээ олсон уу гэдэг нь эргэлзээтэй.
Зарим нэг барилгын ажлыг зогсоолоо гэснээс биш барилгыг буулгах тухай шийдвэрээ биелүүлсэн үү гэвэл үгүй л гэж хариулах болов уу. Энэ мэтээр асуудлыг намжаан хүйтний улирал эхлэн барилгын салбарын ажил ч зогсон тэдний баартай үйлдэлүүд ч багассан билээ.
Тэгвэл дулааны улирал эхлэв үү үгүй юу барилгын ажлууд эргэн сэргэж, үүний хэрээр тэд аюулгүй байдлыг сахих ажлаа сайжруулах атал нөгөө үйлдэл нь дахин л давтагдах шинжтэй.
Хамгийн ойрын болоод олон нийтэд мэдэгдсэн баартай үйлдлийн нэг нь өчигдөрхөн тохиох нь тэр. Төв шуудангийн өмнө баригдаж байсан барилгын төмөр унаж замаар явж байсан автобусыг гэмтээжээ. Азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Гэмтсэн автобус нь”Херо холдинг” компанийн ажилчдын автобус байжээ. Сонирхолтой нь барилгын ажилчид автобус гэмтээсэн төирөө аваад зугтжээ. Түүнийг харсан иргэд “Ашгүй барилгаа хаяад зугтааж байна. Дахиж ирэхгүй байх” гэж хошиггнож байна.
Энэ мэтээр барилгын ажлын аюулгүй байдлыг сайжруулах хэрэгтэйг холбогдох албаныхан анхааралдаа авахгүй бол өнгөрсөн намар болсон хэргүүд шиг дахин гарах вий. Барилга барьж байгаа бол эргэн тойрны орчны аюулгүй байдлыг ханган зүгээр алхан яваа иргэдийн амийг хороогоод байвал цөөн хэдэн монголчуудаас хэдэн нь амьд үлдэх бол ….
Энд тэнд явахдаа барилгын хажуугаар гарах болгонд иргэд нь үргэлж л айдас түгшүүртэй алхах болсон. Аж амьдралын стресс дээр нэмээд барилгын хажуугаар гарахдаа хүртэл багахан стрессийг нь улам нэмэх юм. Энэхүү айдсыг төрүүлэх барилгын салбарынхаан битгий жирийн иргэдийн амь насанд хүрч, аз жаргалтай гэр бүлд уй гашуу бий болгооч ээ.
Жишээ нь 25ТВ байрны хойд замаар Бөмбөгөр худалдааны төв рүү эргэх замын хажууд баригдаж буй барилга мөн л эрсдэлтэй газарт орж байна. Хэдийгээр энэ туслах уулзварын дээр хаалт тавьсан ч доогуур нь машин явж байхад дээрээс нь жижиг чулуу зэрэг унах нь энгийн үзэгдэл болжээ. Харин дээрээс юм унах гэж байгаа сэтгэгдэл төрсөн тэр газраар гарч буй жолооч нар бие биенээ яаруулан дуут дохиогоо хангинуулан хурдан гарахын түйс болдог нь тэднийг өнөөх л барилгын төмөр дээрээс нь унах вий гэсэн айдасаас үүдэлтэй
Энэ мэтээр дайны байдалтай хотод яваа мэт түгшүүртэй амьдармааргүй байна шүү хотын удирдлагууд аа ….
С.Отгонбаяр
Эх сурвалж: dorgio.mn
URL: