“Хянагч, бултагч”

magnaitenСүүлийн үед “О.Магнай даргад хэлнэ шүү” гэдэг үг моданд орох болж. Хэн нэгнийг айлгахыг хүсвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хэлэхэд хангалттай бололтой юм. Тэрбээр өчигдөр фэйсбүүк, твиттер хэрэглэгчдийг айлгаад амжив. Сонгуулийн ерөнхий хороонны дэргэд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих хэвлэлийн зөвлөлийг байгуулжээ. Тус зөвлөл нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран сурталчилгаанд хяналт тавихаар болсон аж. Ийнхүү тус зөвлөл нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээс гадна фэйсбүүк, твиттер хэрэглэгчдийг хянах нь гэсэн мэдээлэл олны анхаарлыг татав. Олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг талбар болсон “Social network”-ийг оролдож эхэлсэн нь тэдэнд таалагдаагүй юм. Харин энэ мэдээлэл нь худал болж таарлаа. О.Магнай арга твиттер хуудаснаа “Фэйсбүүк, твиттер нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд орохгүй. Зүгээр нэг зүйл бус, ардчиллын хэмжүүр болсон цаг үе. “Social network”-ийг хааж, хорих, хянах нь нийгмийн үнэт зүйлтэй харшилна. Фэйсбүүк, твиттер бол хувь хүний микроблог болохоос олон нийтийн мэдээллийн хэрэгсэл биш” гэв. Үүнийг уншсан цахим ертөнцийнхний санаа нь амарсан биз ээ. Ямартай ч бизнесийнхний айлгадаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Social network”-ийг хаахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэгэхээр цахим ертөнцийнхөн О.Магнай даргаас айх хэрэггүй боллоо.

 

Ц.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих