Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр суллагдах уу

enhbayar-suuld1Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр тус намын Бага чуулганаас шийдвэрлэсэн.

Өнгөрсөн амралтын өдөр болсон Бага чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 95 хувийн саналаар намын Гүйцэт гэх товчооноос дэмжлэг хүлээсэн хатагтай Н.Удвалыг ирэх сарын их сунгаанд “тоос өргүүлэхээр” болсон билээ. Гэвч дээрх шийдвэр олонхийн шийдэл байгаагүй хэмээн өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Бага чуулганы гишүүн Г.Баярсайхан мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл, “Сонгуульд МАН-ыг дэмжье, манай нам бие даан нэр дэвшүүлэхгүй байх нь зүйтэй” гэсэн байр суурьтай хэсэг бүлэг Бага чуулганы гишүүдийн дунд чамгүй хувь эзэлж байсан тухай хэвлэлээр гарсан. Энэ мэдээлэл ортой болохыг Бага чуулганы гишүүд өөрсдөө нотоллоо.

Н.Удвалыг дэмжсэн нэг хэсэг байхад, хуралдаанд оролцсон 95 хүний 40-өөд нь хурлаа хаяж гарсан гэнэ. Бага чуулганы хуралдаанд 224 гишүүн оролцохоос 117 нь хүрэлцэн ирсэн гэж мэдээлсэн боловч 95 хүн л байжээ. Бага чуулганы гишүүн бус, “урилгаар оролцож буй” гэх тодотголтой хүмүүс ч тэнд бас байжээ. Тиймээс Бага чуулганы хуралдаан ирцдээ хүрээгүй, хууль бус хурал болсон хэмээн үзэж байгаа юм байна. “Даргаа шоронд хориулчихаад, юун сонгууль мантай. МАН-ыг дэмжиж оролцъё” гэсэн санал гишүүдийн дунд ид яригдаж байсан тэр үед ацан шалаанд орсон МАХН-ынхан Бага чуулганы товоо хойшлуулсаар байж, хуулийн хугацаандаа арайхийн амжиж, нэр дэвшигчээ бачимдуу тодруулсны учир намын даргын ам шийдвэр харж суусантай холбоотой байжээ.

МАХН-ынхныг тийнхүү дотроо бужигнаантай, гаднаа ажин түжин оргиж суух зуур айсуй сонгуульд уг гарвал нэгтэй МАН-тай ханьсан, дөрөө харшуулах тухай дээрх яриаг цагийг нь олж нам дарах сэм тохироог АН итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн байж болзошгүй гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр бол, гурван шатны шүүхээс 2,6 жилийн хорих ял сонсон, Улсын Ерөнхий прокурорт эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаад нааштай хариу аваагүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гадаадад эмчлүүлэх хүсэлтийг ёсоор болгож, хариуд нь Н.Удвалыг Бага чуулганаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохирсон гэнэ.

АН-аас угшилтай Л.Цог, бэл бэнчин, нэр хүндээр толгой илүү Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг бус, МАН-аас гаралтай сулхан өрсөлдөгч сайд Н.Удвалыг гаргуулахаар МАХН-ынханд Бага чуулганых нь өмнө АНын удирдлага шахалт үзүүлсэн гэсэн яриа бий.

МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн саналаас хуваалцах тийм наймаа хийсэн эсэх нь удахгүй тодорхой болно гэж дээрх эх сурвалж ам алдав.

Н.Дуулим


URL:

Сэтгэгдэл бичих