Талийгаач өөрийгөө боомилохоос өмнө багш руугаа мессеж бичжээ

Соёл урлагийн их сургуулийн оюутан сургууль дээрээ өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан.

Тус сургуулийн жүжигчний “2в” ангийн оюутан  Д ням гарагийн орой сургууль дээрээ ирээд жижүүрээс дотогш орохыг гуйхад нь жижүүр түүнийг оруулсан байна.

Гэтэл түүнийг 23 цагийн үед өөрийгөө боомилсон байхыг олжээ. Талийгаач ямар учраас өөрийгөө боомилсон талаар олон янзны мэдээлэл гарч байгаа. Тухайлбал түүнийг жирэмсэн  байсан бөгөөд аав, ээждээ мэдэгдэхээс айсан учир амиа егүүтгэснийг зарим эх сурвалж өгүүлж байна.

Мөн дээд дамжааныхаа оюутнуудын дарамтыг тэсэлгүй амиа хорлосон гэдэг мэдээлэл ч гарч байв. Харин ангийнхан нь үүнийг үгүйсгэж байна. Талийгаачийн ангийн оюутан “Манай сургуульд нэгнээ дарамталдаг зүйл байхгүй. Дээд дамжааны оюутнууд биднийг дарамтлаад байгаа юм алга. Бас цахим хуудсуудаар түүнийг жирэмсэн байсан гэсэн байна билээ. Түүнийг нь сайн мэдэх найзууд нь энэ тухай мэдээгүй байсан” гэв.

Урьд нь их, дээд сургуулийн байранд оюутан амиа хорлосон тохиолдол гарч  байгаагүй. Тиймээс талийгаач өөрийгөө сургууль дээрээ боомилсон нь сургуультай нь холбоотой асуудал гарсан байж магадгүй гэж хардах хүн цөөнгүй байгаа. Талийгаачийн ангийн багшаар СТА Л.Дэмидбаатар ажилладаг юм байна. Түүнээс хэрэг явдал болохоос өмнө тус сургууль дээр юу болсон талаар тодруулах гэсэн боловч хариулт өгөхийг хүссэнгүй.  Мөн хамт сурдаг ангийн нөхөд нь болон хичээл заадаг багш нар нь ч энэ талаар ярихаас татгалзлаа. Тэд “цагдаагийн газарт шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөхгүй” гэцгээж байв.

Харин тарийгаач амиа хорлохоос өмнө багшийнхаа утас руу мессеж бичсэн  тухай баримт бидэнд олдсон юм. Тэрээр “Хэрвээ би шалгалтандаа уначихвал амиа хорлоно” гэсэн мессежийг багшийнхаа утас руу илгээсэн байна. Ингээд шалгалтандаа унасан учраас ийм үйлдэл хийсэн бололтой юм.

Чухам хэн гэдэг багш руугаа мессеж илгээсэн, энэ мессежийг уншсан багш нь яагаад тоогоогүй талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Оюутан нь өөрийгөө егүүтгэх гэж буй талаар мессеж бичиж байхад эцэг, эх асран хамгаалагчид нь мэдэгдэх боломж байсан ч ингэсэнгүй. Их сургуулийн багш хүнд оюутан бүрээсээ ирсэн мессежид анхаарал тавих шаардлага байхгүй байж болох ч ийм ноцтой асуудалд анхаарал хандуулаад эцэг эхэд нь мэдэгдэх, эсвэл өөртэй нь уулзаж ярилцсан бол ийм харамсалтай явдал гарахгүй байх боломжтой байсан ч байж болох юм.

Тус сургуулийн захирал Э.Сонинтогосоос талийгаач багшийнхаа утас руу амиа хорлох талаараа мессеж илгээсэн байхад яагаад ямар нэг алхам хийгээгүй талаар тодруулахад “Манай сургуулийн хэн нэгэн багшид, ямар нэгэн мессеж ирээгүй. Хэн тийм худал мэдээлэл өгч байгаа юм. Энэ хэргийг шалгаж байхад бид мэдээлэл өгөх боломжгүй.

Манай сургуулийн ямар ч багш энэ талаар мэдээлэл өгөхгүй” гэлээ. Захирал багш мессежийн талаар үнэхээр мэдэхгүй юу, эсвэл нууж байгаа юу гэдгийг хэн ч мэдэхгүй.  Одоогийн байдлаар уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд шалтгаан нь удахгүй тодорхой болох биз ээ.

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих