Г.Нарансолонго: Шинэ хамтлаг байгуулчихаад бидэнд муу бүтээл хийх эрх байхгүй
Монголын урлагийн салбарт өөрийн эгдүүтэй, өхөөрдөм төрхөөрөө орон зайгаа бий болгосон жүжигчин Г.Нарансолонго найз нөхөдтэйгөө хамтран “Эмоци” хэмээх шинэ продакшн байгуулсан. Тэдний анхны уран бүтээл болох “Эрчүүдийг уучил” жүжгийн бэлтгэлийнх нь үеэр жүжигчин Г.Нарансолонготой цөөн хором ярилцлаа.
-Юун түрүүнд шинэ тоглолтоо толилуулж байгаад баяр хүргье. Шинэ тоглолтыг үзэгчид хэрхэн хүлээж авч байна даа?
-Тоглолт маань нээлтээ хийгээд удаагүй байна. Энэ бол эмоци продакшны анхны уран бүтээл. Нээлтийн өдөр бид бүгдийн сэтгэл их догдолж байлаа. Үзэгчид сэтгэл хангалуун, өөдрөг гарч байгаад бидний хувьд их баяртай байна. Залуу хүмүүс учраас бид үзэгчдэд арай илүү шинэлэг өнгө төрх оруулахыг зорисон. Түүнийг маань ч үзэгчид олж харсан байна лээ. Та нараас их гоё эрч хүч авсан гэж хэлсэн нь бидэнд их урам өглөө. Бид үзүүлбэрээс үзүүлбэрийн хоорондох холбоосыг их сайн хийсэн гэж бодож байгаа.Ямар ч жүжгийг үзэж байхад үзүүлбэр хооронд солигдоход гэрэл унтарч тайзаа өөрчилдөг. Үүнийг л бид өөрчилж шинэлэг байдлаар шийдсэн юм. Энэ мэт зарим нэг тогтсон зүйлийг өөричлөхийг хичээсэн дээ.
-“Эрчүүдийг уучил” тоглолтын зохиолыг хаанаас сэдэвлэж авсан бэ?
-Бид тоглолтынхоо зохиолыг өөрсдөө сууж гаргасан. Үүнээс гадна зохиолч Мэеэгомботой хамтарч Ванфилофын хоёр том жүжгийн зохиолыг монгол хөрсөнд буулгасан. Эдгээр жүжгийн зохиол маань бүсгүйчүүдэд эрчүүдийг уучил, хүндэл гэсэн утга агуулгыг сурталчилдаг. Өнөөгийн нийгэмд яг тохирсон зохиол гэж бодож байна. Миний хувьд монгол бүсгүйчүүд маань эрчүүдээ хайрлаж хүндлэх нь багасаад байгаа юм шиг санагддаг. Тийм учраас анхныхаа жүжгээр охид бүсгүйчүүддээ хандаж, эрчүүдээ хайрлаж, уучлахыг уриалж байгаа юм.
-“Х-ТҮЦ” хамтлагаас өрх тусгаарлаж, шинэ продакшн байгуулахад гадуур олон цуу яриа тархсан. Ер нь яагаад тусдаа продакшн байгуулах болов?
-Тийм шүү. Гадуур сайнаасаа илүү саар мэдээллүүд цацагдаж байсан. Тухайлбал, цалингаа голсон, хамтлагийнхантайгаа муудалцсан гэх зэргээр бичиж байсан. Гэхдээ бид нарын хувьд “Х-ТҮЦ” хамтлагийнхантайгаа муудалцаж, цалин хөлсөө голсон зэрэг ямар ч асуудал байгаагүй. Ах, эгч нар маань ч биднийг тусдаа продакшн байгуулахад дуртай байсан. Хамгийн гол нь тэд бидэнд “Шувуу өдөө ургахаар үүрнээсээ нисэх нь жам. Та нарыг ойлгож байна. Хамгийн гол нь та нар сайн уран бүтээл хийгээрэй” гэж захисан. Арга ч үгүй юм “Х-ТҮЦ” бол монголын хошин урлагийн шилдэг нь. Тэдний маань хийсэн, бүтээсэн бүхэн нь чанартай байдаг. Яг одоо тоглож байгаа “Сэрүүн хасын нууц” ч гэсэн үзэгчдийг огшоосон сайхан уран бүтээл болсон байна. Тэгэхээр энэ нэр хүнд бүхий хамтлагаас гарсан бидний хувьд хийсэн уран бүтээл бүхэн минь сайн байх ёстой. Бидэнд муу бүтээл хийх эрх байхгүй.
Бид нар чинь бүгд л ажил амьдралынхаа гарааг “Х-ТҮЦ” продакшнаас эхэлж байлаа. Жүжигчин болохоос гадна хувь хүн болох хүмүүжлийг бид тэднээс олж авсан. Тийм болохоор хамтлагийнхаа ах, эгч нартаа үргэлж талархаж, хүндэлж явдаг. Хамтлагаас яагаад гарах болсон бэ гэвэл бид залуу хүмүүс учраас өөрсдийгөө сорьж үзэхийг л хүссэн юм.
-Таныг маш том театртай болохыг мөрөөддөг гэж дуулсан юм байна. Мөрөөдөлдөө алхам алхмаар дөхөж байх шиг?
-Би хувьдаа тайзтай, театртай болохыг мөрөөдөж продакшн байгуулаагүй. Бид зөвхөн өөрсдийн хүч чадал, чансаагаа сорих гэсэндээ продакшн байгуулсан.
-“Эмоци” хамтлагийн цаашдын зорилт юу байна?
-Энэ зун кино хийх төлөвлөгөөтэй байна. Бас ирэх намар жүжиг тавих байх. Ер нь дан ганц хошин урлаг гэхгүйгээр урлагийн бүх салбарт хүч үзэх бодолтой байгаа. Залуу хүмүүс учраас хйиж бүтээхээр зорисон олон зүйл байна.
-Хоёулаа урлагийн хүмүүс болохоор гэр бүлийн амьдрал хааяа цалгардана биз?
-Тэгэлгүй яахав. Хоёулаа урлагийн хүмүүс болохоор гэр бүлийн амьдралаа авч явахад хэцүү. Гэхдээ бидний аав, ээжүүд бидэнд маш их тусалж дэмждэг. Тэднийхээ ачаар гэр бүл минь сайн сайхан байгаа. Энэ завшаанд аав, ээж нартаа маш их хайртай шүү, үргэлж тусалдагт чинь баярлаж явдаг. Та нарынхаа ачийг охин чинь сайн сайхан явж хариулна гэж хэлмээр байна. Ер нь үр хүүхэд нь сайн явбал эцэг, эхийнхээ ачийг хариулж байна гэж ойлгодог.
-Та нөхөртөө эхнэр хүний хувьд ямар үнэлэлт өгөх вэ?
-Ер нь бид хоёрын хэн нь ч гэр бүлдээ зав гаргавал сайн эцэг, эх. Аль болох сайн эзэгтэй, ээж байхыг хүсдэг. Гэхдээ цаг зав бага гарах юм. Тэмкагийн хувьд маш сайн аав. Өөрийн чөлөөт цагаа гэр бүлдээ зориулж чаддаг.
URL: