Ерөнхийлөгчийн фэн
Иргэний Зориг-Ногоон намын дарга С.Оюуныг Ерөнхийлөгчийн фэнээр тодруулж болох юм. Тэрбээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг тэр дундаа тус намаас нэр дэвшиж байгаа Ц.Элбэгдоржийг дэмжихээр болсноо зарласан. Энэ нь С.Оюуны хувьд шинэ содон зүйл биш юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр мөн Ц.Элбэгдоржийн талд зогсож. Ийнхүү дахин дэмжих болсноо “Шударга ёс, сайн засаглалыг тогтоох, авлига, ажилгүйдэл, архидалттай тэмцэхэд дорвитой алхам хийсэн” гэх үгээр тайлбарласан. Ямартай ч Ерөнхийлөгчийн фэн гэдгээ харуулж, хоёр удаа дэмжихээр боллоо. С.Оюун гишүүний тухайд Ардчилсан намыг сонгуулиар дэмжиж оролцдог. Үүгээр зогсохгүй олон намтай хамтарч, эрчүүдтэй эн зэрэгцэж алхдаг. Гэхдээ намуудтай хамтарч ажилладаг нь түүний чихнээс хонх уядаг гэхэд буруудахгүй биз. Сүүлийн үед намд нь хөдөлгөөн өрнөж, Иргэний Зориг-Ногоон намыг “ганц хүний нам” хэмээх болсон. Энэ нь тус нам олон жил болж байгаа ч С.Оюунаас өөр лидергүй, улс төрд танигдсан хүнгүй байгаатай холбоотой. Намынхан нь ч намын даргаа улс төрөөс холдуулахгүй, парламентад ганц боловч суудал аваад байж байхыг илүүд үздэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид тодрохоос өмнө С.Оюуныг намаасаа дэвшиж, эмэгтэйчүүдийн төлөөлөл болох нь гэж бичицгээсэн. Гэтэл тэрбээр хэл амгүйхэн Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоор болсон юм. Ямартай ч түүний дэмжсэн хүн өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд гарч ирсэн. Харин энэ удаа хэрхэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй юм.
Ц.Энхцэцэг
URL: