Э.Бат-Үүл: 80 мянган ахмадыг орон сууцтай болгоно

МАН-ын бүлгээс болж завсарлаад байсан НИТХ-ын ээлжит IX хуралдаан өчигдөр “Хангарьд” ор­донд боллоо. Төлөөлөгчид цувсаар  62 хувийн ирц­эйгээр хуралдаан товло­сон цагаасаа хоцорч эхэл­лээ.  “Ахмадын орон сууц” хө­төл­бөрийг эсэргүүцэж буйгаа МАН-ын бүлгийн дарга Д.Амар­баясгалан тайлбарлаж, ахмадууд бо­лон төрийн бус байгуул­лагынхны сана­лыг танил­цуулах гэж завд­сан. НИТХ-ын дарга Д.Бат­тулга түүний алхам, үг бүрийг буруу шааж “Дэгийн дагуу явна. Хур­лын дэгээ унш” гэж са­хил­гатай байхыг сануул­сан. НИТХ дахь МАН, АН-ын бүлгийнхэн хоо­рондоо элдэв үгээр дай­ралцан, дуугаа өндөрс­гөцгөөж нэлээн цаг авсан. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нар “Ахамдын орон сууц 4000” хөтөлбөрийн талаар санал зөрөлдөж хоорондоо ширүүн маргалдсан юм. Э.Бат-Үүл “Чи миний хүүтэй адил залуу хүн. Чи битгий тавьт­­варгүйтээд бай. Жаахан намбатай байгаач. Төлөө­лөгч болсон цагаасаа эхлэн чи манай намын хийж байгаа бүх ажлыг эсэргүүцэж, жад­лаж ир­сэн биз дээ. Манай нам та бүхний хэ­зээ ч хийж бай­гаагүй аж­лыг барьж аваад нулимс­тай яваа ахма­дуудынхаа амьд­ралыг өөд татах гэлээ. Буруу нь юу байна. Орон сууц хүлээж байсан нэг ахмад гурав хоногийн өм­нө хүслээ биелүүлж ча­далгүй бурхны оронд оч­лоо. Засаг дарга болсноос хойш миний сэтгэлийг зовоосон зүйлийн нэг нь нийслэлийн 80 гаруй мян­ган ахма­дыг яажшуухан орон сууцтай болгох асуу­дал байлаа” гэх мэтээр уурлаж, учирлахын зав­сарт ширүүхэн хэлсэн. Түүний уцаарт хүч нэмж Э.Ганхүү төлөөлөгч тан­химд эвгүй өнгөөр орилж “Аятайхан байгаарай чи, Д.Амар­баяс­галан” гэж хэдэнтээ занаад авсан. Сөрөг хүчин гэдэг утгаараа МАН-ын бүлгийнхэн тэдний оруулж ирсэн төс­лийг болж өгвөл унагачих гэж нэлээн үзээд олон­хийн шийдвэрт цохиулсан юм. Улмаар 4000 гэсэн тооны хязгаа­рыг арилгаж “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэг­жүүлэхээр болж, ба­тал­лаа.  Мөн “Улаан­баа­тар-Орон сууц” сангийн журам батлах тухай,  80 бага сургуулийн барилгын байршлийг тогтоолоо.

НИТХ  дахь  МАН бүлэг,  МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүл­гийн саналын дагуу нийс­лэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөл­бө­рийн хэрэгжилтийн явц, нийс­лэлийн 2013 оны Хө­рөнгө оруулалт, бүтээн байгуу­лалтын ажлын явц, үр дүн зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дар­га Э.Бат-Үүл “Энэ хөтөлбөр нь нийслэлийн ахмадуудад чиглэнэ. Хөтөлбөрийн хү­рээнд зөвхөн ахмадуудын орон сууц биш соёлын болон үйлчилгээний тө­вүүд, чөлөөт цагаа өнгө­рүүлэх цэцэрлэг, талбайг цогцоор нь шийдсэн хо­роолол барина. Жилд 10-15 мянган хүн ахмадуудын эгнээнд шилжиж байна. Тиймээс бид хямд өр­тө­гөөр түрээслэх зарчмаар ахмадуудаа орон сууцанд амьдруулах боломжтой” гэж онцлон хэллээ.

Мөн  “Улаанбаатар-Орон сууц” сангийн жур­мыг тө­лөө­лөгчид дэмжин баталсан юм.

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих