Сү.Батболд гурван тэрбумын авлагатай бол Ч.Сайханбилэг нэг тэрбумын өртэй
Авлигын эсрэг хуульд “…Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан авна гэж заасан байдаг. Энэ дагуу жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авч мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлдэг. Харин энэ жилийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд хүрэхээсээ өмнө АТГ-т дахин буцаж, хэвлэгдэх цаг хугацаанаасаа хожимдож гарлаа. Өнгөрөгч даваа гарагт “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакциас “Манай маргаашийн дугаараа 237 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн эхээр нь хэвлэнэ” хэмээн мэдээлсэн ч тухайн өдөр эмхтгэл хэвлэгдсэнгүй. Маргааш нь ч хэвлэгдсэнгүй. “Төрийн мэдээлэл” эмхтгэл хугацаа хожимдож хэвлэгдэнэ гэж үгүй. Гэтэл энэ удаагийнх гурав хоногоор хойшилж хэвлэгдэв. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ХОМ-ийн эрэлд хатаж, нэг нэгнээсээ асууж сураглан хоёр хоног бужигнав. Гэтэл “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хамгийн түрүүнд нийтлэгдэх ёстой албан тушаалтнуудын 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт засвар оруулах шаардлагатай болж АТГ-аас ХОМ-ийг эргүүлэн татсантай холбоотой талаар эх сурвалж өгүүлсэн юм.
АТГ-ын www.iaac.mn сайтад ч нийтэлсэнгүй. Энэ жилийн ХОМ яагаад ийнхүү анхаарал татав, яагаад хугацаанаасаа хожимдож нийтэд тарав. Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-наас өмнө амжиж хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлэх ёстой. Ганц хоног саатуулбал, ажлаас халагдах хүртэл захиргааны арга хэмжээ авахуулдаг учраас бараг л хугацаанд нь амжиж мэдүүлдэг. Харин АТГ-ынхан хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг нэгтгэхийн тулд бүтэн хоёр сарыг зарцуулдаг байсан бол энэ удаад 90 хоногт арайхийж амжив. Гэхдээ “но”-той. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийнхэн ХОМ-ийг нийтэлчихээд сэтгүүлээ хэвлүүлэхийн даваан дээр АТГ-аас ХОМ-д засвар оруулахаар эгүүлэн татсан нь сонирхол татаж байна. Урьд өмнө ийм тохиолдол гарч байгаагүй. Хоёрдугаар сарын 15 буюу хөрөнгө орлогоо мэдүүлснээс хойш албан тушаалтнуудын дунд хөрөнгөө дутуу мэдүүлсэн байж магадгүй хэд, хэдэн тохиолдол илэрсэн учраас тэр бүхнийг ХОМ-т нь тусгахгүй бол болохгүй гэх хэн нэгний эрх ашгаас үүдсэн байх магадлалтай. Энэ хугацаанд, олны мэдэж сонссон хэд, хэдэн ийм тохиолдол гарсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогтын Швейцарийн банкин дахь офшоор данс нь ил болж, үүнийгээ ХОМ-тээ тусгаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, хариуцлагаа үүрч УИХ-ын дэд даргын суудлаа өгсөн. Бас нэг тохиолдол нь, шадар сайд Д.Тэрбишдагва Өмнөговь аймгийн удирдлагуудаас нэг сая гаруй төгрөгийн бэлэг авсан нь АТГ-ынхны шалгалтаар илэрсэн дуулиан хэдхэн хоногийн өмнө түгсэн. Энэ мэт эрхмүүдийн дутуу бөглөсөн хөрөнгийг нэмж, нөхөж оруулахын тулд ХОМ-ийг саатуулсан юм биш биз. Энэ жил нийт 47 мянган хүн хөрөнгөө мэдүүлэх ёстойгоос 99.97 хувь нь цахим хэлбэрээр болон цаасаар мэдүүлгээ бөглөсөн. Үүнээс 22 албан тушаалтан хугацаа хожимдож, 15 хүн хөрөнгөө огт мэдүүлээгүй байдаг. Хугацааг нь хожимдуулсан, хөрөнгөө огт мэдүүлээгүй хүмүүсийнхийг нэмж бүртгэхийн тулд засвар хийсэн гэж ойлговол өрөөсгөл болно. Төрийн өндөр албан тушаалтнууд хэзээ ч хугацаа хожимдож, эсвэл огт мэдүүлээгүй үлдэнэ гэж байхгүй. Таван ханатай гэр, дөрвөн тал хашаанаас өөр юмгүй жирийн нэг төрийн албан хаагч л хөрөнгөгүй юм чинь юугаа мэдүүлэх вэ гээд ичээд хожимдсон, эсвэл мэдүүлээгүй байж болно. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-т ямар нэгэн “но” гарсан гэх хар төрөөд байна.
Юутай ч 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гарлаа. Хөрөнгөө мэдүүлсэн 237 хүнээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн мэдүүлсэн хөрөнгийг сонжвол өмнөх жилүүдээс олон, олон зүйлээр ялгарч байна. Тухайлбал, УИХ-д шинээр маш олон гишүүн орж ирсэн. Олонхи нь Монголын шинэ залуу баячууд, тэдний үр хүүхдүүд, өв залгамжлагчид. Тэд хэдий хэрийн хөрөнгөтэй, хэдэн машинтай, хэдэн компанид хөрөнгө оруулдгийг нь Монголын ард түмэн мэдэх эрхтэй, мэдэж байх ч ёстой. Энэ удаа хэний хөрөнгө өсөж, хэн нь ядуурсныг бус харин хэн нь хамгийн их зээлтэй, хэнийх нь орлого хамгийн их өссөнийг сонирхуулъя. Мэдээж 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулах тул шинээр парламентад орж ирсэн гишүүдийн орлогыг харьцуулах боломжгүй юм.
Энэ удаагийн парламентад өр зээлтэй гишүүн цөөнгүй байна. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд Сургалтын төрийн санд 44 сая төгрөгийн өртэй бөгөөд өнгөрсөн жилийн ХОМ-д энэ санд яг ийм хэмжээний өртэй гэж мэдүүлсэн байсныг үзвэл өрөө төлөөгүй байгаа гэсэн үг. Түүнчлэн УИХ-д шинээр орж ирсэн гишүүн М.Батчимэг 74 сая 940 мянга, Д.Батцогт таван сая төгрөг, З.Баянсэлэнгэ зургаан сая, С.Одонтуяа 413 сая, Ц.Оюунгэрэл 533 сая, О.Содбилэг 545 сая, Ш.Түвдэндорж 106 сая төгрөгийн өртэй хэмээн мэдүүлсэн байна. Харин хуучин гишүүн Ц.Даваасүрэн 2011 онд 95 сая төгрөгийн өртэй хэмээн мэдүүлж байсан бол энэ жил өр зээл нь өссөөр 168 сая төгрөг болсон бол Н.Энхболд гишүүн бас нэмж өр тавьснаа мэдүүлсэн байна. Өнгөрөгч жил тэрбээр “Ньюком” ХХК-д 109 саяын өртэй байсан бол энэ жил түүний өр зээлийн хэмжээ 287 сая төгрөг болсон байна. Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан иргэн Б.Тогоод ноднин тавьсан 100 сая төгрөгийн өрөө бас л төлөөгүй байгаагаа мэдүүлсэн байхад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Худалдаа хөгжлийн банкны нэг тэрбум төгрөгөө төлөөгүй байгаа юм байна. Хуучин гишүүдээс ноднин өр зээлгүй байсан хүмүүс шинээр өртэй болжээ. Тухайлбал, Р.Гончигдорж 12 сая, Ц.Нямдорж 89 сая, А.Тлейхан 25 сая, Ө.Энхтүвшин 290 сая төгрөгийн зээлтэй байгаа юм байна. Мөн Р.Амаржаргал гишүүн ноднингийн 468 сая төгрөгийн өрөө төлсөн байна.
Харин өнгөрсөн жилээс энэ жил орлого нь хамгийн ихээр нэмэгдсэн гишүүдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Батхүү, Д.Оюунхорол, Ж.Батсуурь, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар тэргүүлж байна. Тэдний орлого хэд дахин нэмэгджээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2011 оны жилийн орлого ноднин 17 сая төгрөг байсан бол 2012 онд нийт орлого 118 сая төгрөг, Сү.Батболдынх 51 сая байсан бол гурван тэрбум төгрөг, Н.Батбаярын 19 сая байснаа 227 сая төгрөг, Г.Батхүүгийн 512 сая төгрөгийн орлого өнгөрсөн жил нэг тэрбум гаруй төгрөг, Д.Оюунхоролынх 31 сая байснаа 265 сая, Ж.Батсуурийнх 20 сая байснаа 351 сая, Л.Гантөмөрийнх 12 саяас 244 сая төгрөг болж нэмэгдсэн бол М.Энхболд гишүүний жилийн орлого өмнөх жилээс 280 саяар өссөн байна. Ганцхан жилийн дотор орлого нь ингэж нэмэгдсэн гэхэд манай төрийн түшээд гайгүй сайн бизнесмэнүүд бололтой юм. Орлого нь хамгийн ихээр бүр хэдэн тэрбумаар нэмэгдсэн нь Сү.Батболд гишүүн байна. Эсрэгээрээ УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын жилийн орлого нь өмнөх жилийнхээс буурсан хэмээн мэдүүлсэн нь сонирхол татав.
Орлого нь нэмэгдсэн гишүүдээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ жилээс “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-д хувьцаа эзэмшиж эхэлсэн бол шинээр маш олон гишүүн энэ компанийн хувьцаа эзэмшигч болсон байна. УИХ-ын нийт гишүүдийн бараг дөрөвний нэг нь энэ компанид хувьцаа эзэмшдэг гэдгээ мэдүүлжээ. Тухайлбал, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Эрчим хүчний сайд М.Сономпил, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Цолмон, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, С.Одонтуяа, Ц.Нямдорж, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, А.Бакей, О.Баасанхүү нар тус компанийн хувьцаа эзэмшигч болсон байна. Хууччуулаас Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд нар өмнө нь ч хөрөнгө оруулагч байсан нь 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт нь буй.
Хамгийн их сонирхол татахуйц хоёр хүн байгаа нь УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Наранхүү хоёр өр зээлтэй бусдыгаа бодвол хэдэн тэрбумын авлагатай хэмээн мэдүүлжээ. “Алтай холдинг”-ийн эзэн, Ерөнхий сайд асан Сү.Батболд нэг тэрбум 655 сая төгрөгийн авлагатай бол “Мон Уран”-аар овоглодог Б.Наранхүү гишүүн 31 тэрбум төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлжээ. Ингэхээр энэ удаагийн парламентын хамгийн баян улстөрчөөр энэ хоёр эрхэм тодорч байх шиг байна. Харин шинээр парламентад орж ирсэн залуу гишүүдээс “МАК”-ийн өв залгамжлагч Н.Номтойбаяр хамгийн олон компанид хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болж байна. Тэрбээр нийтдээ 27 компанид хөрөнгө оруулдгаараа “Бодь”-ийн Л.Болдын дараа орж байна. Шадар сайд Д.Тэрбишдагвын хувьд үнэт эдлэл, түүхийн үнэт зүйл гэсэн хүснэгтэд юу ч бичигдээгүйг бодоход Өмнөговь аймгийн төсвөөс авсан гэх “бэлэг” нь чухам юу болох нь тодорхойгүй байна. Харин жилийн орлогод мөнгөн дүнгээр орсон байхыг үгүйсгэхгүй юм. Мөн УИХ-ын гишүүн С.Баярцогтын олонд ил болсон офшоор дансан дахь мөнгө нь “Хадгаламж, бэлэн мөнгө, данс, картны үлдэгдэл” гэсэн хүснэгт дэх 14.265.90 төгрөг хэмээн бөглөсөн хэсэгт багтсан гэдэгт найдаж байна. Нэгэн удаа УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Би лав хөрөнгө орлогоо бүгдийг нь үнэн зөв мэдүүлэх гэхээр надад таарсан асуулт тэр ХОМ-ийн хүснэгтэд нь байдаггүй юм билээ. Тэгэхээр би илүү дутуу юмаа яаж мэдүүлэхээ мэдэхгүй” хэмээн хэлж байсан. Түүний хэлснээр ХОМ-д гадаад дахь данс, түүний үлдэгдэл гэсэн асуултыг оруулахад буруудахгүй санагдана. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын хэд, хэдэн гишүүн гадаадад нууц данстай гэдгийг олон нийт мэдэж авсан билээ.
Юутай ч албан тушаалтнуудын 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гарлаа. Цөөхөн монголчуудын маань нэг нь ч гэсэн хөрөнгөжиж, өнгөтэй өөдтэй яваа нь яамай даа.
Б.Оюунгэрэл
URL: