С.Ганбаатар: Гадныхан дээрэмчид шиг, Монголын улстөрчид биеэ үнэлэгч шиг байна

Сүүлийн үед Улстөрийн хүрээнд асуудал болон яригдаж байгаа Эрүүл мэндийн тухай хууль болон эрүүл мэндийн салбарт төсвөөс хуваарилж байгаа хөрөнгөд хяналт тавих асуудлыг хөндлөө. Мөн Оюутолгойн гэрээ, түүнийг тойрсон асуудал, Хүний хөгжил сангийн мөнгийг орон сууцны байрны урьдчилгаа төлбөр болгон өгөх зэрэг асуудлын талаар МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.

- Цалин хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140 мянга 400 төгрөг болголоо. Үүнд Монголын Үйлдвэрчний эвлэл хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
- Монголын Үйлдвэрчний эвлэлийн хороо аливаа асуудлыг хүссэнээрээ шийдүүлэх гэж оролдоггүй. Дандаа хэлэлцээрийн зарчмаар шийдэхийг хичээдэг. Энэ утгаараа хугацаа их авсан байх. Гэсэн хэдий ч үр дүнд хүрлээ. 108 мянган төгрөгийн хөдөлмөр хөлсний доод хэмжээг 140.400 төгрөг болголоо. Гэхдээ энэ нь мэдээж чамлалтай. Монголын ард түмний амьдрал үнэхээр хүнд байна. Өнөөдөр бид хөдөлмөр хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн гэхээсээ илүү эдийн засгийн болон ард иргэдийн ядуурлыг багасгаж үнийн хөөрөгдлийг гүйцэхийн тулд л цалин хөлсөн дээр тохируулга хийсэн гэж хэлж болно. Чамлахаар чанга атга. Үүнийгээ бид цааш ахиулна. Судалгаа, шинжилгээ дүгнэлтийн хувьд бол МҮЭ-ийн холбоо 100 хувь нэмэхээр ярьсан. Зүтгэсны хүчинд 30 хувиар л нэмүүлж чадлаа. Энэ асуудал дээр Засгийн газар, Үйлдвэрчний холбоо, Эзэд гурвуулаа маш их хөдөлмөрлөсөн. Гэхдээ л үр дүнд нь Үйлдвэрчин сэтгэл дундуур байгаа. Эздийн холбоо ч сэтгэл дундуур байгаа, Засгийн газар бүр их сэтгэл дундуур байгаа. Энэ гурван байгууллага гурвуулаа л сэтгэл дундуур байгаа нь алтан дундажийг олохыг төлөө тэмцсэн гэсэн үг.

- Хөдөлмөр хөлсний доод хэмжээг 140.400 төгрөгөөс дээшлүүлэх боломж Засгийн газарт байгаа юу?
- Засгийн газарт хөдөлмөр хөлсний доод хэмжээг нэмэх хөрөнгө мөнгө бол байгаа.

- Доод хэмжээг хэд хүргэх боломжтой вэ?
- Бидний тооцож байгаагаар хөдөлдмөр хөлсний доод хэмжээг 216 мянган төгрөг болгох бүрэн боломжтой. Ийм баримт судалгааг бидэнд байга. Гэхдээ хөдөлмөр хөлсний доод хэмжээ гэдэг бол цалин хөлсний доод хэмжээ биш шүү дээ. Үүнийг хүмүүс дандаа хольж ойлгодог. Хөдөлмөр хөлсний доод хэмжээ гэдэг нь хүмүүнлэг, хүний эрхийн асуудал. Мөлжлөгөөс хамгаалсан механизм байгаа юм. Бүр цаад утгаар нь ярих юм бол Монгол оронд өнөөдөр амьжиргааны доод өртөг 118 мянган төгрөг байна.

Хүн ажил хийгээд өөрийгөө тэжээгээд хажуудаа бас нэг хүн тэжээх ёстой. Ингэснээрээ ажил хийж байна гэсэн үг. Тэгэхгүй зөвхөн өөрийнхөө хоол хүнс, автобусны төлбөрийн төлөө ажил хийж байгаа бол тухайн хүн ажил хийж байгаа гэсэн үг биш ажил олгогчид ямар ч үнэ төлбөргүй зарагдаж байна гэсэн үг. Тэгэхээр амьжиргааны өртөг биднийг тэмцэж байхад 101 мянган төгрөг байсан. Үүнийг хоёроор үржээд дор хаяж 202 мянган төгрөг хөдөлмөр хөлсний доод хэмжээ байх ёстой. Дээр нь эдийн засгийн өсөлт гэж байна. Өнөөдөр монгол оронд нэг их бараа бүтээгдэхүүн хийгээд эдийн засаг өсөөгүй. Улстөрчид нь хөдөлмөрлөөд эдийн засаг өсөөгүй. Хэн ч газар доогуур гүйж ороод нүүрс ухаагүй. Алт үйлдвэрээгүй. Харин Монгол хүн биш Хятадууд алт ухаж гадгаш нь гаргаад манай улстөрд мөнгө оруулж байгаа. Энэ мөнгийг ард түмэнд хуваарилахдаа шударга хуваарилалтын зарчмаар л явж, энэ санааны үндсэн дээр хөдөлмөр хөлсний доод хэмжээг тогтоох ёстой. Тэгэхээр хөдөлмөр хөлсний доод хэмжээ дор хаяж 216 мянган төгрөг байх ёстой байсан. Гэхдээ бид өнөөдөр бие биенээ ойлгож хүндэтгэх ёстой. Засгийн газар энэ бололцоогоо яагаад өөрсдөө хаасан байж болох вэ гэвэл 800 гаруй тэрбум төгрөгийг хөдөлмөр хийгээгүй зүгээр сууж байгаа хүмүүст тарааж өгсөн явдал. Үүнийг би эсэргүүцээгүй. Харин 800 тэрбум төгрөгөөр үүнээс илүү сайн сайхан зүйл хийх боломж байсан гэдгийг л хэлж байгаа юм шүү.

- Монголын Уул уурхайн компаниуд гадаадаас ажиллах хүч авч, өндөр ханшаар цалинжуулдаг. Харин манайхан хөдөлмөрийн насны залуусаа гадгаш нь ажиллах хүчээр гаргадаг. Гэсэн ч Монголд ажилгүйдэл газар авч байна. Энэ асуудалд ҮЭХ ямар арга хэмжээ авч байна?
- Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо үүн дээр үнэхээр их тэмцэл явуулж байгаа. Яагаад ард түмэн үүнийг дэмжихгүй байгаа юм бэ. Энэ олон ажилгүй залуучууд яагаад “Хүү хаа” гээд босч ирж дэмжихгүй байгаа юм бэ гэж би гайхдаг. 2010 оны долдугаар сарын 4-нд 2600 Хятад ажилчин оруулж ирнэ гэсэн Засгийн газрын тогтоол гаргасан. Бидэнэ үед том том мэдэгдлүүд хийсэн. Энэ жил буюу 2011 оны нэг сарын 25-нд Засгийн газар 6949 Хятад ажилчдыг Оюутолгойд оруулж ажиллуулна гэсэн гэрээ хийчихсэн байна. Миний ойлгож байгаагаар нууц гэрээ гэж байгаа юм. Сүүлд нь интернэтээс ухаж байж мэдэж авсан. Манай Засгийн газар ийм боломжийг нь Оюутолгойд өгчихсөн байна. Та нар болиоч ээ. Үүнийг Хөдөлмөр, нийгмийн төслийн гурван талт гэрээгээр Үйлвэрчний эвлэлтэй заавал зөвлөлдсөн байх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газар яагаад Монгол хүндээ боломж өгөхгүй байгаа юм бэ. Үүнийг эсэргүүцэх том тэмцлийг ойрын үед зохион байгуулна. Гэхдээ юуны өмнө эрүүл мэндийн шинэчлэл дээрээ том ялалт хийгээд дараа нь энэ тэмцэл рүү орохоор төлөвлөсөн байгаа. Нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг устгах тэмцэл маань ар араасаа очерлогдсон байгаа. Ингэхгүй бол  эхлээд барьж авсан зүйлээ хаячихаад дараагийн асуудал руу орж болохгүй байна. Ард түмэн ийм асуудалтай маш хүчтэй тэмцэж өөрсдийнхөө өмнөөс хариуцлага үүрэх ёстой. Өөрсдийнхөө өмнөөс шүү. Тэгэхгүйгээр бэрхшээлийг нь хэн нэгэн хүн хувьчлаад авчихсан юм шиг байдалтай байж болохгүй. МҮЭ-ийн хийж байгаа зарга тэмцлийг ард түмэн дэмжиж байгаа, улам сайн дэмжээсэй, босоосой  гэж чин сэтгээсээ хүсч байна.

- Монголчууд нэг хэсэг жагсаал цуглаан хийж эсэргүүцэх арга хэмжээг сайн авч байсан. Гэвч 2008 оны долдугаарын сарын нэгнээс хойш өнөөг хүртэл тэмцлийн ийм хэлбэрээс айдаг, жийрхдэг болсон. Энэ нь иргэд рүү буудсан, хорьсон, зодсон гээд тухайн үед гарсан асуудалтай холбоотой. Тэгэхээр тэмцлийн ямар хэлбэрийг танайх сонгож байгаа вэ?
- Айдаггүй ганц хүн үгээ хэлээд байх ёстой юм уу. Амь нас нь хямдхан ганц нэг хүн дуугарах ёстой юм болов уу гэдэг асуудал өөрийн эрхгүй төрж байна. Үнэхээр таны хэлдэг үнэн. Хүмүүс янз бүрийн тэмцлээс айдаг болсон байна. Хүмүүсийн төлөө өөрийгөө золиослох чадваргүй удирдагчтай ард түмэн дандаа боол байдаг. Хэн нэгэн бусдынхаа төлөө золиослогдох л ёстой. Хатуу ч гэсэн энэ үг үнэн шүү дээ. Хамгийн гол нь бусдынхаа төлөө зүтгэж байгаа байгууллага хүмүүсээ ард түмэн дэмжих ёстой. Үүнд л гол нь байгаа юм. Өнөөдөр гадаадаас ажиллах хүч оруулж ирээд байгаа улстөрчидтэй, ийм хэцүү орон байгаагийн учир нь муу улстөрчидтэй байгаадаа гол нь биш. Муу улстөрчдийн талаар жирийн иргэн юу ч хийхгүй байгаад л учир нь байгаа юм. Харин хийж байгаа МҮЭХ ард иргэдийнхээ  дэмжлэгийг нь хүсч, гуйж байна. Хамгийн гол зэвсэг л барьж болохгүй. Энэ миний хатуу үзэл баримтлал. Би зэвсэг барихгүй, заргын аргачлалаар бүх тэмцлээ хийнэ. Ард түмэн уулгалан босч намайг дэмжиж тэмцэл хийх хүртэл би зарга хийнэ.

- Оюутолгойн гэрээг та хамгийн их эсэргүүцэж байсан хүн. Аль хэдийнэ үзэглэж баталгаажуулсан энэ гэрээнд одоо өөрчлөлт оруулж болохгүй “Бандан тас” боллоо. Тэгэхээр та энэ гэрээтэй эвлэрчихсэн гэсэн үг үү?
- Чин үнэнийг л хэлье. Оюутолгойн гэрээг ид ярьж байхад би ч гэсэн маш их ярьдаг байсан. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан, тэр цагаас хойш би дуугараагүй. Яагаад гэвэл одоо “бандан тас” болсон. Харин одоо үүнийн араас орилж “Буруу байсан байна” гэж хэлж байгаа бол тэр хүн улстөр хийж байна гэсэн үг. Түүнээс нь өмнө өлсгөлөн зарлаж, суулт хийж үзлээ. Жагсаал хийлээ. Байдаг тэнхээгээрээ л тэмцлээ. Бүр олон улсын BBC-д хүртэл ярилцлага өглөө.

Оюутолгойн гэрээний талаар “Монголчуудын итгэдэг найдвартай шинжээчдийн дүгнэлтийг гаргаач” гэж. Их дээд сургуулийн багш, хуулийн багш, хамгийн том эрдэмтэд байна. Энэ хүмүүсээр яагаад дүгнэлт гаргуулж болохгүй гэж. Дүгнэлт гэдэг чинь шийдвэр биш шүү дээ. Тэгээд дүгнэлтээ тойроод яавал болох вэ, яавал болохгүй вэ гэдэг асуудлыг ярилцаж болно шүү дээ. Өнөөдөр Тавантолгой орд газарт Монголын ард иргэдийн эрх ашиг хохирч байна. 10-р ангийн хүүхэд дөрөвдүгээр ангийн хүүхэдтэй наймаа хийнэ гээд бод доо. Ийм хүч тэнцвэргүй наймаанд дөрөвдүгээр ангийн хүүхэд юу гэж бодох ёстой вэ. Энэ наймааг хийж байсан туршлагатай, өөрийнхөө хамаатны, 10-р ангийн хүүхэдтэй ярих ёстой. Яагаад гэвэл хоёр 10-р ангийн хүүхдүүд бие биенийхээ сэтгэлгээг мэднэ шүү дээ. Мөн хонь чоно хоёр хэлэлцээр хийдэггүй. Хонь чонотой хэлэлцээр хийх хэрэг гарч байгаа бол нохойг дуудаж ирээд “Миний өмнөөс хэлэлцээрт орооч ээ” гэх юм уу хэлэлцээр хийх зөвөлгөө авах ёстой. Үүнийг л би хэлж байсан. Энэ талаар олон улсын томоохон эдийн засагчдийн хэлдэг үг ч байдаг. Том орны эдийн засагч хэлэлцээрт орохдоо дээрэмчин шиг загнадаг. Харин буурай орны эдийн засагчид хэлэлцээрт орохдоо биеэ үнэлэгч шиг загнадаг. Би 1820 онд Английн улстөрчдийн хэлсэн үгийг хэлж байна шүү. Яг үүн шиг манай улстөрчид хэлэлцээрт орохдоо биеэ үнэлэгч шиг оролцдог. Бодитой хэлэлцээрт орохын тулд сайн зөвөлгөө өгөгчийг ард түмэн даяар хайж олдог. Өнөөдөр “Оюутолгойн гэрээг муу хийсэн” гэж байна. Гэрээ хийсэн хүмүүсийг буруутгах эрх хэн ч байхгүй. Хаанд буруу гэж байхгүй. Харин хаанд хэн зөвөлгөө өгсөн юм бэ гэдэгт л асуудал байдаг. Би “Оюутолгойн гэрээг хийх үед Монголын талд зөвөлгөө өгсөн хүмүүсийг ил тод болгооч” гэж таван жил шаардаж байна. Тэр хүмүүс ил гарахыг хүсэхгүй, нүүрээ нуухыг хүсч байна. Мэргэжилтнүүдийн дүгнэлт гаргаагүйгээс болж Монголын 2 сая 700 мянган хүн уул уурхайн инженерүүд болж хувирсан. Ийм гутамшигтай юм байж болох уу. Би энэ талаар зөндөө юм хэлж чадна. Нэг хэсэг би Оюутолгойчин болчихсон явлаа шүү дээ. Тавантолгой дээр ч олон юм ярьмаар байна. Ичгэвтэр юм болж байна шүү дээ цаана чинь. Оюутолгойн зэсийг ухахдаа гадаадын технологийг оруулж ирж болох юм. Ураны уурхай ашиглах гэж байгаа бол гадаадын технологийг оруулж ирж болно. Бид мэдэхгүй юм байна. Харин нүүрс зөөж, нүүрс ухахдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирдэг улс орон хаана ч байхгүй. Энэ чинь нүүрс шүү дээ. Монголчуудад мэргэжилтэн дутаагүй. Шивээ-Овоо, Багануур гэх зэрэг уурхайнуудад маш олон мэргэжилтнүүд байна. Мөн монголоор дүүрэн ажилгүй жолооч байна. 10 мянган жолоочоор нүүрсээ зөөлгөөч. 1000 экскаватор, инженерүүдтэй нь  аваачаад оператор компаниар нь ажиллуулаач. Үүнийг Монголчууд чадна. Яагаад гадныханд найр тавьж өгөөд байгаа юм. Гадны хөрөнгө оруулалт хийж байгаа компаниуд яг энэ процессыг л хийнэ шүү дээ. Хилийн наана аваачиж асгаад цааш нь конвероор зөөнө. Гадаадын хөрөнгө оруулагчид яг үүнийг хийнэ. Гэхдээ ганцхан ялгаа нь Монгол жолоочийн оронд Хятад жолооч л байгаа юм.

- Та Оюутолгойн хувьцааны оронд бартераар  “наймаа” хийж болно гэж ярьж байсан?
- Миний хэлж байгаа энэ үгийг хэн нэгэн улстөрч няцаах эрхгүй. Харин мэргэжилтэн, эксперт, шинжээч няцааж болно. Судалгаатайгаар намайг няцаагаач. Үүн дээр хувьцаа гэж юу ч ярих хэрэггүй юм. Зүгээр л нүүрсээ ухаж аваачаад асга. Нэг машин нүүрснээс дөрвөн сая төгрөгийн ашиг оллоо. Жолоочдоо нэг саяыг нь өг. Нэг саяыг нь үйл ажиллагааны процедурт зар. Хоёр саяыг нь улсдаа татвар болгож өг. Ингээд гурван жил явсны дараа бид коксжуулах юм уу, угаах үйлдвэр барина. Тэгвэл Монголын 10 мянган жолооч ажилтай болно. Үүнийг тойрсон жижиг бизнес эрхлэгчид цайны газар, дэлгүүр гээд бүгд ажилтай болно. Дор хаяж 30 мянган хүний ажлын байрны тухай би ярьж байна. Тавантолгойгоос хил хүртэл 240 км зам байдаг. Энэ замыг Монголын 24 компанид 10-10 км-ээр нь хувааж өг. Тэгвэл 3 сарын дотор хатуу хучилттай сайн чанарын зам баригдана. Үүний зардал хөрөнгө нь Оюутолгойгоос орж ирсэн 100 саяын урьдчилгаа мөнгө байна шүү дээ. Энэ уурхайг ингэж л авч явах ёстой.

Монголчууд түлээгээ хагалж, модоо хөрөөдөхдөө үнэтэй Канад залууг авчирч хөрөөдөөд, хөрөөдсөн модоо бүгдийг нь аваад яваарай. Харин надад гуравхан ширхэг тайрдас өгчихөөрэй. Би үнээр нь авъя гэж ярьдаг орон хаа ч байхгүй. Ийм тэнэг юм хийж байна. Би өнөөдөр үүнийг хэлэхгүй байхыг хичээсэн. Шинжээчдийн дүгнэлт гарах ёстой гэж хэлэх ёстой байсан ч дуугүй байж чадсангүй. Үүн дээр ямар нэгэн сайн хувилбар байгаа. 200 тэрбум төгрөг орж ирлээ гэж бодъё. Монголын Засгийн газарт өгч болохгүй. Харин 500 сургууль, 600 эмнэлэг, 20 мянган км засмал зам, 5 мянган км төмөр зам, гурван ган хайлуулах үйлдвэр, хоёр зэс хайлуулах үйлдвэрийг бартарын байдлаар авах ёстой. Харин Засгийн газар, УИХ юуны талаар хуралддаг байх ёстой гэвэл “500 сургуулиас эхний ээлжинд 30 сургуулийг энэ жил бариулъя, гангийн гурван үйлдвэрийн нэгийг нь Дарханд бариулая” гэсэн шийдвэрээ гаргадаг байх ёстой. Харин манай улстөрчид тэгэхгүй байна. Мөнгө орж ирлээ л бол түүн рүү улангасан дайрч байна. Үүн дээр хяналт алга. Олигтой хяналт тавих гээд явж байгаа хүмүүсийг шүүрэн шанага шиг болгож байна.

- Оюутолгойн гэрээг үзэглэсний үр дүнд иргэд байртай болох боломжтой боллоо. Хүний хөгжил сангийн мөнгийг байрны урьдчилгаа төлбөрт өгнө гэж байна. Гэвч энэ нь хэр бодитой зүйл вэ. Баталгаа байна уу. Иргэд зээлээр байр авчихлаа. Дараа нь энэ мөнгө орж ирэх үү үгүй юу гэдэг асуудал эргэлзээтэй байна. Яагаад гэвэл ирэх жил сонгууль болно?
- Ийм асуултанд хариу хэлэх хэцүү байна. Яагаад гэвэл усан онгоцон дээр байгаа авдар савны талаар би ярьмааргүй байна. Энэ авдрыг хойш нь зөөх үү, урагш нь зөөх үү, улаанаар будах уу, ногооноор будах уу гэж чи асууж байна. Харин би усан онгоц зөв тийшээ яваад байна уу, буруу тийшээ яваад байна уу гэж ярьмаар байна. Усан онгоц Атлантын далайг чиглэж явах ёстой юу, зүүн хойшоо явах ёстой юм уу гэдэг талаар би ярьмаар байна. Энэ чиглэлийг зөв болсны дараа би байрны урьдчилгаа болгох уу, үгүй юу гэдэг асуултад дуртайяа хариулмаар байна. Усан онгоц буруу тийшээ яваад хад мөргөх гэж байгааг нь мэдсээр байж усан онгоцон дээр байгаа авдар савны тухай ярьмааргүй байна. Үндсэн механизм нь өөрөө буруу ажиллаж байна. Өөрөөр хэлбэл байранд орох гэж байгаа хүмүүсийн урьчилгаа гэж ярихгүйгээр бүх хүмүүсээ байртай болгох боломжийн тухай ярих хэрэгтэй. Би үүнийг л ярина.

- Эрүүл мэндийн даатгалын санг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хянах тухай асуудал улстөрийн хүрээнд асуудал болж байна. Үүнд яам болон салбарын сайд ямар хариулт өгөв. Ингэснээр эрүүл мэндийн салбар “эрүүлжих” үү?
- Би их тэвчээртэй хандаж байна. Одоо би танай сайтад маш чухал мэдээллийг өгье. Би өнгөрсөн дөрөв дэх өдрөөс хойш тэвчээртэй хүлээж, засах болов уу гэж харлаа. Эрүүл мэндийн яамны удирдлагууд хичээхгүй байна. Би хувь хүний асуудал яриагүй харин даатгуулагчийн тухай ярьж байгаа. Тэр Төрийн нарийн бичгийн дарга ажлаа буруу хийж байна. Өөрөөр хэлбэл цалингаа авч байгаа зорилгоосоо эсрэг үйлдэл хийж байгаа. Гэхдээ л би Эрүүл мэндийн яамны удирдлагууд гэдэг үг хэлье. Би зөөллөж байгаа юм шүү.

Бид юун дээр маргалдаж байгаа вэ гэвэл Эрүүл мэндийн яам бол эмчилгээ, үйлчилгээний бүтээгдэхүүнийг ард түмэнд нийлүүлдэг байгууллага. Чамд гэрээгээр эмнэлэгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага шүү дээ. Гэрээний нөгөө талд ард иргэд буюу даатгуулагчид мөнгө төлдөг. Мөнгөө төлж байгаа хүмүүсээс мөнгийг нь авахын тулд тэд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн нийлүүлж үйлчлэх ёстой. Ямар барааг ямар зарчмаар, аль эмнэлэгт яаж үзүүлэх вэ гэдэг асуудлыг тэд дангаараа шийдэж болохгүй. Жишээлбэл би талхны наймаачин гэж бодъё. Таны мөнгийг тантай юу ч ярихгүйгээр авчихаад дараа нь “Талхаа би ямар үнээр үнэлэх вэ” гэдгээ би дангаараа шийдэж болохгүй.  Би чамд хөгцтэй талх өгөх үү, үгүй юу гэдгээ дангаараа шийдэж болохгүй. Чи юу авмаар байна гэж асуух ёстой. Ингэж байж хоёр тал гэрээгээр ажиллдаг. Чи “Энэ чинь хөгцтэй талх байна болиоч ээ” гэж хэлэх эрхтэй. Яг үүнтэй адилхан эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлэхдээ даатгуулагчдын хууль ёсны төлөөллийн байгууллага болох Үйлдвэрчний эвлэл, эздийн байгууллагатай хамтарч, аль эмнэлэгт үзүүлэх вэ, ямар тарифаар, ямар стандартаар үзүүлэх вэ гэдгээ заавал хоорондоо зөвшилцөж гэрээгээр тогтоосон байх ёстой. Энэ гэрээгээ Эрүүл мэндийн яам өөрөө өөртэйгээ хийж өөрөө өөрөөсөө бүтээгдэхүүн худалдан авна гэж байгаа. Ийм л зарчим дээр бид маргалдаж байгаа. Бид “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт санхүүжүүлэх арга, төлбөрийн хэмжээ болон эрүүл мэндийн байгууллагыг сонгох журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан эрх бүхий байгууллага батална” гэж оруулна гэсэн санал оруулж байгаа юм. Тэд бол иргэний эрүүл мэндийн хуульд заасан нэр бүхий байгууллага гэж хуульд заасан эрх бүхий байгууллагын хажуугаар үүнийг зөвшөөрөхгүй. Эрүүл мэндийн яам, Сангийн яам хоёр дангаараа шийднэ гэж байгаа. Энэ бол луйвар, хулгай. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Өнөөдөр танд өгөх шинэ мэдээлэл нь НББХ-ны хурал дээр С.Эрдэнэ гишүүн манай талын тавьж байгаа саналыг оруулж бүх гишүүн дэмжсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь энэ асуудлыг УИХ-д оруулахдаа НББХ-ны энэ заалтыг дур мэдэн өөрчилж хуучин, хуудуутай хуулийн төслийг тарааж байна. Энэ нь сайд өөрийнхөө албан тушаалаасаа огцрох хэмжээний аймшигтай ажил хийж байгаа гэсэн үг. Бид тэр өдөр нь хэлээгүй. Засчих болов уу гэж бодоод өнөөдрийг хүртэл харлаа. Засахгүй байна. Өнөөдөр тараагдсан материал дотор бас л яг хуучнаараа явж байна. Энэ бол дээрэм. Ингээд бид тэмцэж байна. Энэ хуудуутай мэдээллийг ард түмэндээ хүргэе.

Үүний муу зүйл нь юу юм бэ гэвэл Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эмнэлэгүүд авчихаад сайддаа таалагдах, эмч эмнэлэгийн ажилчид даргадаа таалагдах гэж л ажиллана. Үйлчлүүлж байгаа даатгуулагчийг бага хүндэлдэг тогтолцоо эрүүл мэндийн салбарт байгаа. Даатгуулагч гомдол гаргадаг, даатгуулагчийн төлөөллийн хүмүүс хариуцлага тооцдог, хяналт тавьдаг бол даатгуулагчийг хүндэлж харьцана шүү дээ. Бид үүнийг л хүсч байгаа. Эмнэлэг дээр очиход ард иргэд маань ямархуу байдалтай байдаг билээ дээ. Үүнийг л би устгамаар байна. Өөрийнхөө болон өөрийнхөө дотны хүмүүсийн сайн сайхны төлөө, эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг хүн болгонд энэ хууль хамаатай. Энэ хуулийг мөнгө төлдөг хүмүүстэй нь зөвлөлдөхгүйгээр хоёр сайд өөрсдөө шийднэ гэж бодож байгаа бол эндүүрэл. Монгол орон ардчилсан улс. Тэгэхээр эрүүл мэндийн энэ хуултийн заалтыг өөрчилнө. Ингэснээр 38 мянган эмч эмнэлэгийн ажилтны эрх ашгийг хамгаалана. Энэ хуулийг сайжруулснаар эмч, эмнэлэгийн ажилтныг урамшуулдаг тогтолцоо бий болно. Өнөөдөр эрүүл мэндийн байгууллага иргэддээ сайн үйлчлэх тусам тэднийг иргэдийн  хүсэлтээр урамшуулдаг байх тогтолцоо байхгүй. Бүхнийг дарга мэдэж, дарга шийддэг. Тиймээс эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэн дээр хяналт тавьдаг, хариуцлага тооцдог болъё л гэж байгаа юм. Дээр нь нэмээд одоогийн мөрдөж байгаа эрүүл мэндийн хуульд “Иргэд нийгмийн даатгал төлсөн эсэхээс үл хамаараад үнэ төлбөргүй төрөөс авах эрүүл мэндийн үйлчилгээний жагсаалт” гэж байдаг. Үүнд хавдарын өвчин, халдварт өвчин гэх мэт олон өвчний жагсаалт бий. Эдгээрт зориулж Эрүүл мэндийн яам 160 тэрбум төгрөгийг улсаас авдаг. Үүн дээр хяналт байхгүй, үр дүнгийн мэдээлэлгүйгээр эмнэлэгүүд рүү шилжиж байна. Бид дөнгөж 86 тэрбум дээр нь л хяналт тавъя гэсэн. Хариуцлага тооцъё. Монголд юу дутагдаж байна, хариуцлага тооцдог механизм л байхгүй дутагдалтай байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээгдэхүүнд хяналт тавих боломжоор хангахгүй байна гэдэг бол Эрүүл мэндийн тогтолцоо өөрөө унахын шинж тэмдэг. Үүн дээр яагаад дургүйцээд байгааг би ойлгохгүй байна.

- Хэрэв эрүүл мэндийн даатгалд хяналт тавьж чадвал хүүхдэд 30-60 сая төгрөгийн өртөг бүхий эмчилгээ, хагалгааг хийж болно гэж байгаа. Энэ нь том хүнд хэр хүртээмжтэй байх вэ. Гадаадын үнэтэй эмнэлэгүүд рүү урсаж байгаа мөнгөний урсгалыг зогсоож чадах уу?
- Том хүнд хүртэл үйлчилнэ. Бид энэ талаар судалгаа хийсэн. 86 тэрбум төгрөгийг даатгуулагчдийн төлөөлийн байгууллагатай хамтарч шударгаар, хяналттай зарцуулах юм бол 400 сая төгрөгөөр машин авдаг эмнэлэгийн дарга байхаа болино. Тэр чинь нисдэггүй л юм бол 400 сая төгрөгийн машин гэж хаа ч байхгүй шүү дээ. Энэ баримтаар илэрсэн асуудал шүү дээ. Өнөөдөр хуурамч стор бичихээ болино. Ар гэрээсээ эм тариа авчир гэж хэлэхээ болино. Хөл нь хугарчихаад орж ирж байгаа хүнд “Манайд бинт алга, бинтээ авчир” гэж хэлэхээ болино. Тархины, хавдарын, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын талаар судалгаа хийсэн. Нэг жилд бөөр шилжүүлэх суулгах 23 тохиолдол гардаг. Тэр нь 20-60 сая төгрөгийн үнэтэй. Бөөрний хагалгаанд л гэхэд 624 сая төгрөг зарцуулахад болохоор байсан. Иргэдээ алагчлахгүйгээр. Өөрөөр хэлбэл сайд даргын танил мөн биш нь хамгаагүй, бүгд л адилхан хагалгаанд орно гэсэн үг. 2,5 тэрбум төгрөгөөр энэ бүх өвчнийг анагааж тэрч байтугай гадаадын эмч нарыг монголдоо авчраад мэс засал хийж болох тооцоотой байгаа. Мөн өрхийн эмнэлэгт өгдөг төсөв ихсэнэ. Бид үүний төлөө хамаг цагаа зарцуулж байна. Ард түмэн үүнийг дэмжих байх. Үүний үр дүнд эмнэлэг цэвэршиж ард түмэн хожино. Харин төсвийн мөнгө идэж уудаг зарим нэг улстөрч л хожигдох  байх. Бид үүнийг л хүсэж байна.

- 86 сая төгрөгийг хянах хүсэлтээ ЭМЯ-д гаргасан уу, УИХ-д хүсэлт тавих хууль эрхзүйн боломж хэр байдаг вэ?
- Эрүүл мэндийн сайдад хянах хүсэлт өгөх ёсгүй. Энэ мөнгөнд хяналт тавьж, хамтарч ажиллана гэдэг нь олон улсын зарчим. Энэ зарим зөрчигдөөд байна гэдэг асуудлыг УИХ-д тавьсан. Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай бүтэн гурван сар муудалцаж байна. Нэг талаас хүчирхэг сайд нь үзэж байна. Нөгөө талаар ард иргэд, даатгуулагчдийг төлөөлж Үйлдвэрчний эвлэл, эздийн байгууллага ажиллаж байна. Хэн нь ялахыг ард түмэн хараг. Бид ялагдахгүй. Өнөөдөр энэ мөнгийг хэн төлдөг юм бэ, тэр хүмүүс хөгжмөө захиална.

- Эмнэлэгүүд ямар ч өвчтөнийг 10 хоног хэвтүүлээд гаргадаг. Энэ хуульчлагдсан асуудал уу. Аль эсвэл…?
- Бид энэ талаар хэл ам гаргаж цагдаагийн газар өгчихсөн байгаа. Энэ дашрамд цагдаагийн байгууллагад баярлалаа гэж хэлэх ёстой. н.Сайнбаяр хурандаа байна. Монголын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан ард түмнийхээ төлөө тууштай ажиллаж байгаа. Мэдээж тэдний дээрээс маш их дарамт шахалт байдаг л байх. Бүгд биш ч зарим эмнэлэгийн дарга нар УИХ-ын гишүүний сонгуулийн менежер шиг ажиллаж байна шүү дээ. Тэгснээрээ суудлаа баталгаажуулж байна. Энэ талаар бид зөндөө арга хэмжээ авсан. 10 хоног хэвтүүлээд эмнэлэгээс гаргадаг хууль журам хаана байна гээд ҮЭХ-оос бүх байгууллагын дарга нартай уулзаж асуулаа. Үнэхээр ийм хууль байдаггүй юм байна.

- Бичигдээгүй хууль гэсэн үг үү?
- Үүнийг тэд өөрсдөө санаанаасаа зохиож гаргадаг. Соц нийгмийн үед 24-28 хоног хэвтэх ёстой байдаг байв. Ер нь эмнэлэгийн ухаанд 14-18 хоногт өвчин илааршина гэсэн судалгаа байдаг. Тэгэхэд 10 хоног гэдэг бол байж болохгүй хэрэг. Саяхан нэг эмнэлэг дээр ийм явдал болсон. Цус харвасан хүн эмнэлэгт ирж 10 хоног ухаангүй хэвтээд ухаангүй чигээрээ гэртээ гараад нас барсан. Энэ байж болох уу.

- Эмнэлэгт 10 хонох ёстой гэсэн хуулийн заалт, дүрэм журам байхгүй юм бол эдгээр хүмүүст хариуцлага тооцож болох уу. Өөрөөр хэлбэл тангарагаасаа няцсан гэх шалтгаанаар?
- Даатгал төлөгчдийн хууль ёсны өмгөөлдөг хамгаалдаг байгууллага болох үйлдвэрчний эвлэл, эздийн холбоонд гомдол гаргадаг хариуцлага тооцдог боломжийг нь хуульчилж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Ийм болгохын төлөө тэмцэж байна. Эрүүл мэндийн яамныхан юу гэж мушгидаг вэ гэхээр С.Ганбаатар болон үйлдвэрчний эвлэлийнхэн 86 тэрбумын санхүүжилтийг мэдэх гээд байна гэж байгаа. Тэгвэл үгүй, бид хяналт тавина гээд байгаа шүү дээ. Тэдний өмнөөс хагалгаа хийж мөнгө авъя гээгүй. Тэд хагалгаа хийдгээрээ хийнэ. Хийсэн хагалгаа нь л сайн байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавьж сайн хийсэн бол урамшуулал өгье, муу хийсэн бол хариуцлага тооцдог тогтолцоотой болмоор байна гээд байгаа шүү дээ.

- Засгийн газраас зарласан 300 тэрбум төгрөгийн тендерийн задаргааг МҮЭХ хэр судалж байна, нийтэд мэдээлэх үү?
- Эрүүл мэндийн даатгалын асуудал, хөдөлмөр эрхлэлтийн жилтэй холбогдуулж хөдөлмөр эрхлэлтийг сайжруулна гээд Засгийн газар болон монгол улсад маш олон тендерүүд зарлаж байна. Энэ бүх мөнгөийг ил тод болгох хэрэгтэй.  Баянхонгор аймгийн Баацагаан сумын модон гүүр, сургуулийн дээвэрт 150 сая төгрөгийг төсөлвлөсөн байна. Тэгвэл 20 ажлын байр бий болгох ёсой юм байна гэдгийг Баацагаан сумын иргэдэд хяналт тавиад гомдол гаргаарай гэдэг асуудлыг хэлнэ. Засгийн газрын 300 тэрбум төгрөгийн тендерийг задарсан байдлаар нь мэдээлнэ гэж зорьж байна.

Мөн бид хөдөлмөр хөлсний хэмжээг ирэх жил дахиад нэмнэ гэсэн болзол тавьж байж 140,400 төгрөг болгосон. Ирэх жил дахиад нэмэхийн төлөө тэмцэнэ. Сайн сайхан зүйл болно гэж итгэж байна. Монголчуудаа ажилтай болмоор байна. Бидэнд хязгааргүй их тэмцлийн нөөц бололцоо байхгүй шүү. Байгаа бололцоогоо төвлөрүүлж тэмцдэг. Одоо Монголд гарч байгаа гомдол тэмцэл бүгд надад ирдэг. Би үүнд нь баярладаг. Гэхдээ би юм болгон руу савчиж олох эрх байхгүй. Барьж авсан тэмцэлээ үр дүн гаргаад дараагийнх руу ордог. Харин би очерлуулдаг. Эхний 10 асуудал бол битүү байна.

- Эрүүл мэндийн даатгалын сан болон эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хяналт тавихаас гадна улсын төсөвт хяналт тавьж болох уу. 2011 оны төсөв нэлээд шүүмжлүүлсэн шүү дээ?
- Энэ талаар асуудал байгаа. Төсвийн тухай хуулинд ард иргэдийн хяналтыг оролцуулаач гэсэн асуудал тавьж байгаа. Монголын бүх улстөрчид төсвөөс иддэг. Тийм учраас улстөрд орохыг их хүсдэг. Төсөв ямар ч хяналтгүй, хариуцлагагүй явдаг юм уу гэвэл үгүй. Баахан хяналт байгаа. Тэгээд яагаад хулгайч нар тэнд дүүрэн байгаа юм бэ гэвэл хулгайч хулгайчаа хянах боломжийг тэнд өгсөн. Төсвийн байгууллага төсвийн байгууллагаа хянах боломжийг олгосон. Тэгвэл бид төсвийн байгууллагыг төсвийн бус байгууллагын хянах асуудлыг хуульчилж өг гэдэг асуудлыг тавьж байгаа. Сангийн яамнаас төрийн санд байрласан нийгмийн даатгалын 100 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл сан гээд шүүхэд өгсөн асуудал байгаа. Энэ асуудлыг дахин босгоно. Чингэлтэй дүүргийн нэг шүүгч хав дарчихаад байгаа. Шүүгчийн ёс зүйтэй ярьж энэ хүний шүүгч хийх эрхийг нь хасаж өгөөч гэж Ерөнхийлөгчид хандахаар бэлдэж байгаа. Гэхдээ тэр хүнийг амь амьдрал, талхны мөнгөнөөс нь салгахгүйн тулд хэд хоног харж байгаа. Энэ асуудал дээр иргэдийн төлөө нааштай бөгөөд шүүгчийн ёс зүй баримтласан шийдвэр гаргана гэж хүлээж байгаа.

- Ямар шалтгаанаар энэ асуудлыг шүүгч дараад байгаа гэж…?
- Маш инээдтэй шалтгаан. Нийгмийн даатгалын асуудал дээр хууль зөрчиж төрийн санд мөнгө байршиж байна. Үүнийг буцааж  нийгмийн даатгалын санд байршуулаач гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс “Шүүхэд хандсан юм бол нэхэмжлэлийн мөнгө төлөөч” гэж байсан. Энэ чинь хоёр компани биш шүү дээ. Хэрэв уул уурхайн хоёр компани орлого зарлагын мөнгө булаацалдаж байгаа бол нэхэмжлэлийн мөнгө төлөх ёстой. Харин энэ бол даатгал төлөгчдийн мөнгө учраас нэхэмжлэлийн мөнгө төлөх ёсгүй. Энэ хуулийг л мэдэн будилж ийм хариу хэлээд сууж байна. Тэгээд ярилцлагын төгсгөлд ард иргэддээ хандаж хэлэх зүйл байна. Эрүүл мэндийн даатгал бол даатгал шүү. Ар нь түц гэсэн үг. Гэтэл эрүүл мэндийн салбарын удирдлагууд арыг нь долоо хөзөр болгон гаргах гэж байна. Монголд, монгол хүнд сайн сайхан ирээдүй ирнэ. Хамтдаа тэмцэхийг уриалж байна.

Ж.Наран

shuudmn


URL:

Сэтгэгдэл бичих