Ц.Элбэгдорж дарангуйлагч болсныг илтгэх 100 хувийн санал

    Ардчилсан намын ҮЗХ- ны хуралдаан өчигдөр болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаав Эндээс 100 хувийн саналаар Ц.Элбэгдорж тодорсон нь олныг гайхишруулав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэх болсонд гайхсан хэрэг огт биш. Гагцхүү “ардчилал” хэмээн цээжээ дэлддэг нөхөд маань яг л хуучин цагийн Улстөрийн товчооны гишүүн сонгох гэж байгаа шиг анирхан бөгөөд ёс төдий хуурамч хуралдлаа. Ингэхдээ өөр ямар нэгэн сонголтгүй Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэхээр болсон. Уг нь энэ намын ҮЗХ-ны хуралдаан болсон болоогүй маргаан дэгдээн, үнэн худлыг мэдэхгүй нэгнээ ил тод шүүмжлэхээс эхэлж, үүнтэйгээ хамт өндөрлөдөг байв. Гэтэл Ц.Элбэгдоржийг сонгох болоход үг дуугүй нэгэн зэрэг толгой дохицгоосон нь чухам юу өгүүлнэ вэ. ҮЗХ-ны 181 гишүүн санал хураалтад оролцож бүгдээрээ нэгэн зэрэг хүлээн зөвшөөрсөн нь лавтай эрүүл улстөр энд үгүйг харуулсан хэрэг. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шүүх засаглалд баруун, солгойгүй томилгоо хийх болсон Ц.Элбэгдорж, Монгол Улсын биш, Ардчилсан намын Ерөнхийлөгч мэт ажилласныг хэвлэл мэдээллийнхэн баримтаар дэлгэдэг.
Өөрөөр хэлбэл, өнгөрөгч дөрвөн жилд Ц.Элбэгдорж бусад улстөрийн хүчнүүд төдийгүй Ардчилсан намд жинхэнэ дарангуйлал хэмээгчийг тогтоосон бололтой. Бүр алсуур нь ойлгох юм бол Монгол Улсад дарангуйлалт дэглэм тогтоох оролдлого ч гэж хэлж болохоор. Тэрбээр Ерөнхийлөгчийн сэнтийд залрангуутаа шүүх, прокурор, цагдаагийн байгууллагыг гартаа хийж эхэлсэн. Энэхүү кампанит ажлыг явуулсны дараа өрсөлдөгч улстөрийн хүчинд цохилт өгч эхэлсэн юм. Цохилт гэдэг нь шүүх эрх мэдлээр далайлгаж, шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн хэрэг. Энэ үеэс л өнөөх ардчилагчид хэмээн цээжээ дэлдэгсдийн хулхи нь бууж эхэлсэн юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. АН-ын ҮЗХ-ны хуралдааны мэдээллийг цаг алдалгүй харж суухад төрсөн бодол шүү дээ. Ийнхүү нэгэнт эрх мэдлийн дээр сандайлсан Ерөнхийлөгч маань Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан нь тэднийг ийнхүү нэгэн зэрэг толгой дохиход ямар нэгэн асуудал үүсгэхээргүй болгосон нь дамжиггүй. Тэр ч бүү хэл түүнийг хорих ялаар шийтгэж шоронд суулгасан нь бүр ч зүрхийг нь үхүүлээ биз. Нөгөө талаар тэрбээр хүчтэй өрсөлдөгчөө замаасаа хайр найргүй зайлуулж байгаа дүр төрх нь ч нэгэн намын журамт нөхдөд нь зайгаа барьж айхаас өөр зам үлдээгээгүй л болов уу. Үүнтэй зуузай холбон цагдаагийн хурандаа нарт хорих ял өгсөн нь ч түүнийг юу ч хийхээс буцахгүй байгааг сайтар харуулсан хэрэг. Ц.Элбэгдорж ийм л замаар 100 хувийн санал авч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх гардав бололтой. Түүнээс биш ардчилал хэмээн цээжээ дэлддэг нөхдүүд эрх биш 90 хувийн саналаар түүнийг гаргаж болохсон доо, арга ядахад. Уг нь ардчилал, шинэчлэл хэмээн цээжээ дэлдэгсдийн дунд Ц.Элбэгдоржид дургүй хүн олон байдгийг бид мэднэ.
Энэ бүгд команд авсан цэрэг шиг нэгэн зэрэг гараа өргөсөн нь чухам юу өгүүлж байна вэ. Ардчилсан улс орны АН-ынхан ийнхүү аливаа нэг зүйлд 100 хувь санал нэгдэнэ гэдэг дэлхийн хаана ч байхгүй инээдтэй жишиг. Аль ч талаас нь харсан өрөвдмөөр, өөрийн үзэл бодолгүй гэдэг нь харагдана. Тодруулах юм бол тэдэнд ихээхэн айдас байгааг харуулж байна. Тэгэхээр АН-ынхан бүгд улс орон, ард түмнийхээ өмнө нүгэл үйлдсэн нөхдүүд гэдэг нь харагдана. Харагдаад зогсохгүй үүнийгээ баталж өгөв үү гэсэн бодол хэнд ч төрнө. Ойрын жишээ дурдахад гадаадад их хэмжээний мөнгө байршуулсан нь баригдаж булайгаа дэлгэсэн С.Баярцогт ба түүний нөхөд хэзээ ч Элбэгийн эсрэг санал өгөхгүй. Яагаад гэхээр “дээлээ нөмрөхөд” бэлэн болсон учраас яах ч арга байхгүй. Дургүй ч гэсэн Элбэг минь хэмээн магтахаас өөр замгүй. “АПУ”-гийн Г.Батхүү гэхэд л түүний өөдөөс эгцэлж харах ч эрхгүй. Эвгүй харвал УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх, улмаар хэрэгт татагдаж мэдэх хүн. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийнхөө томилсон шүүгчдийн ачаар хууль бус УИХ-ын болсон хүн шүү дээ. Энэ мэтчилэн “Долдугаар сарын 1”-ний хэргээр Ж.Батзандан гээд бүгд л Ц.Элбэгдоржийн өмнө өвдөг сөхрөхөөс өөр аргагүй хүн олон бий. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл “Алтангадас” фракцын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатны 17 тэрбумын тендерийн хэрэг гээд ярих юм бол маш олон зүйл босно. Энэ бүгдийг Ц.Элбэгдорж өөрөө эс болохнээ хэн нэгнээр сануулчихад цаадуул нь цэгцрэхээс ч өөр яахав. Хамгийн гол нь энэ бүгдийн цаана “Шударга л байцгаая л даа” хэмээн индэр дээрээс хашхирч зогссон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хуурамч дүр улмаар тодрох байх. Тодроод зогсохгүй өнгөрөгч дөрвөн жилийн турш зөвхөн АН-ын төлөө бус Монгол Улсад дарангуйллын нийгэм тогтоохын төлөө ажиллажээ гэдгийг хамгийн сүүлчийн жишээг намынх нь ҮЗХ-ны хуралдаан харуулж өглөө. Энэхүү ҮЗХ- ны хуралдааныг АН-ыг дэмжигч гишүүд Монгол даяар харж толгой сэгсэрсэн байх даа.

С.БАЯР

URL:

Сэтгэгдэл бичих