Мөнгөн ус мөхөл дагуулна

 

Гар аргаар алт олборлогчид мөнгөн устай шууд харьцдаг. Ингэснээр их бага хэмжээгээр хордох нь тодорхой. Түүнчлэн мөнгөн усаар бохирдсон газар нутагт амьдарч байгаа иргэд аюулд өртөж болзошгүй юм.
Байгаль орчин, хөрс, ус, агаар, хоол хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний бохирдпоос хамаарч хэнбугай ч бай мөнгөн усанд хордох аюултай. Өнөөдөр бидний амьдралд мөнгөн ус мөхөл дагуулж ч мэдэхээр хаалга тогшиж байна.
Тухайлбал, гap утас, компьютерийн LCD буюу шингэн кристалл дэлгэцүүд мөнгөн усыг ихээр шингээдэг гэх эрдэмтдийн судалгаа бий. Мөн эрдэс түүхий эдийн агуулгатай гэгдэх косметик, ялангуяа цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний гол үйлчлэгч нь мөнгөн ус гэдэг.
Тэгэхээр бид аажим аажмаар хордуулах, үр удамд сөргөөр нөлөөлж болзошгүй мөнгөн усны талаар мэдлэгтэй байх нь чухал. Мөнгөн ус нь термометр, электроанализын аппарат, алкалин батарей, гэрэл чийдэн, шүдний ломбоны материал, полимер, хлор, каустик сод гарган авах, алтыг хүдрээс нь цэврээр салган авах зэрэгт их хэмжээгээр хэрэглэгддэг бодис.
Мөнгөн усны хор хөнөөл удаан хугацаагаар үйлчилдэг. Амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол хүнсээр дамжих зэргээр хүний биед нэвтрэн орно. Улмаар төв мэдрэлийн болон амьсгалын систем, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр хор уршиг тарьдаг. Ийм л аюул дагуулсан бодис эх орны минь газар шороогоор тархжээ.
Баянхонгорчууд мөнгөн усанд бүслэгджээ
Хэдхэн хоногийн өмнө Баянхонгор аймгийн Баянхонгор суманд мөнгөн ус алдагдаж нутгийн иргэдийг айдаст автууллаа. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний захын орчимд иргэн Г нь мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулах үйл ажиллагаа явуулж орчныг бохирдуулдаг байсан нь нотлогдов.
Мөнгөн ус алдагдсан газарт шинжилгээ хийх явцад 12 цэгээс дээж авч лабораторид шилжүүлжээ. Бохирдсон хэсгийн 9.6 м2 талбайн хөрсийг хуулсны дараа дахин хөрсний дээжийг уг талбайгаас конвертийн цуглуулах аргаар 15 см гүнээс нэг дээж авч шинжилсэн байна.
Шинжилгээний дүнгээр 12 дээжний 1-8 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй. Харин 9-12 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-5 дахин их үзүүлэлтээр гарчээ.
Онцгой байдлын хэлтсийн Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг иргэн Г-ийн 2×4.8 метр талбайтай объектын өрөө, хөрс, гадна хана, дээвэр зэрэг нийт 35 м2 талбайд саармагжуулалтыг хийж байгаа аж.
Саармагжуулалт хийх явцад шалны хулдаас, хананы завсар буланд жижиг дусал хэлбэрээр тархсан мөнгөн усыг цуглуулж авсан байна. Энэ үеэр дээврийн хэсгийн дулаалгын материал, шалны хулдаас, агааржуулалтын хоолойг бөглөж байсан бохирдолтой эд зүйлийг цуглуулж битүүмжлэн, заримыг зориулалтын бодисоор саармагжуулжээ.
Баянхонгорт мөнгөн ус илэрсэн тохиолдол үүгээр дууссангүй. Тус сумын хуучнаар модны үйлдвэрийн хашаанаас мөнгөн ус илэрсэн. Эл газарт төмрийн хаягдал цуглуулдаг аж. Мөнгөн усыг тээрмийн тогооны суурийн доороос нүдэнд харагдах хэсгүүдийг цуглуулан авчээ.
Эл газарт шинжилгээ хийхэд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.6 дахин их гарсныг эх сурвалж онцлов. Бидэнд ирсэн мэдээллээр тээрмийн тогооны орчмоос 700 гр мөнгөн ус цуглуулжээ.
Мэргэжлийнхэн Баянхонгор аймагт хууль бусаар алтны агуулга бүхий хүдэр бутлан үйл ажиллагаа явуулж буй иргэдийн талаарх мэдээллийг тусгай утас ажиллуулан авчээ. Ингэхэд есөн объектын 20 цэгээс хөрсний 12, шламны долоон дээж авч шинжилгээнд хамруулсан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд “Цацрах гэгээ” халуун усны газар металл хайлуулах зуух ажиллуулж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Үүний дагуу шалгахад, иргэн Ө нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоожээ.
Мөн Баян-Овоо сумын нутагт байрлах “Хөх бүрдний эх” компанийн Хүдэр баяжуулах цехийн лабораторид иргэн Г, Б нар мөнгөн ус худалдан авч, хадгалж, ашигласан гэх мэдээллийн дагуу хуулийнхан шалгасан аж.
Хүдэр баяжуулах цехийн дарга Г нь 2013 оноос хойш цехээс химийн бодистой шлам, мөнгөн ус ашигласан гэх. Энэ мэт мөнгөн устай холбоотой хэргүүд шил шилээ даран Хонгор нутагт өрнөв.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих