Улаанбаатарт тусгүй сангуудыг цэгцэлье
Тусгай гэсэн тодотголтой сангууд манай улсад олон байдаг ч нэмж байгуулах саналыг дарга нарт гаргасаар л.
Үр, өгөөж муутай хэрнээ өнөө хэр ажилласаар л байгаа сангийн тоо нийслэлд 25-д хүрчээ. Удаах санг нь байгуулахаар хотын дарга журмын төсөл боловсруулсан ч Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч эсэргүүцсэн.
Манай сонин Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг ил болгохоор цувралаар нийтэлж байгаа билээ.
Энэ удаад нийслэлийн тусгай сангуудыг “барьж” авав. Ядуу хүний зовлонгоор дайжигнагч гэгчээр нийслэлийн тулгамдсан асуудлаар үйлчилгээ үзүүлдэг, мөнгийг соронз мэт татаж төвлөрүүлдэг 25 сан Улаанбаатарынхны төлөө хуурамчаар ажилладаг гэсэн мэдээллийг албаны хүний амнаас дууллаа.
Тэдгээр сан нийслэлд ямар нэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг ч зарим нь олигтой ажил хийдэггүй гэнэ. Сангийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан хуудуутай баримтыг Нийслэлийн Аудитын газрынхан хэдэн жилийн өмнө илчилж байсан тохиолдол бий.
Тухайлбал, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бизнесмэнүүдэд тараасан тохиолдол бий. Энэ сангийн дарга бүсгүй тухайн үед Ганц худагт саатуулагдан, хууль, хяналтынханд шалгуулж, байцаагдаж байсан удаатай.
Үйлдвэрлэл хөгжүүлэх нэрийн дор энэ сангийн хөнгөлөлттэй зээлийг бизнесмэнүүдэд өгөөд туучихсаныг аудитынхан илчилж байлаа. 100-200 үнээний саалийн ферм байгуулна гэсэн зохиолоо өөрчилж эзэн нь сангаас авсан мөнгөөрөө Ланд-200 авч хөлөглөн, найман нэрийн барааны дэлгүүр нээж архи зарсан шиг суусан түүх олон давтагддаг. Эсвэл энэ сангаас зээл аваад хаягаа шилжүүлээд, гэрээ нүүлгээд явчихсан тохиолдол гарч байсан. Саалийн ферм байгуулж нийслэлийнхнийг эко сүүгээр хангана гэж төсөл бичиж олон зуун сая төгрөгийн зээлийг энэ сангаас салгасан нөхдийн амлалт хэрэв биелсэн бол…
Өнөөдөр нийслэлийнхэн цагаан идээгээр тасрахгүй, эрүүл мэндээ дэмжээд хэчнээн сайхан байх сан бол. Жижиг, дундынхныг дэмжих сангийн хөрөнгө энэ мэтээр дарга нарын танил, ах дүү, хамаатан садны бизнесийг дэмжих хөрөнгийн эх үүсвэр болчихжээ.
Үүнийг тухайн үеийн дарга нар сонсоод хэлээ хазаад өнгөрч байж билээ. Гэсэн атлаа иймэрхүү сангууд татан буучихгүй байсаар л байгаа нь дарга нарт хэрэгтэй болоод л тэр байх. Үүний цаана хэн нэгний томоохон эрх ашиг нуугддаг болов уу. Тиймээс л сан нэрээр элдэв аргаар сүлбэлддэг бүлэглэл нийслэлд үүссэнийг ч үгүйсгэмгүй.
Тэдгээр сан Засгийн газрын зорилтот ажлыг биелүүлэх үүрэгтэй гэдэг. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг төрийн сангийн дансанд төвлөрүүлдэггүй.
Арилжааны банкинд байгаа дансанд төвлөрүүлж шууд зээл олгох, сангаас хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний эцсийн үр дүнг бүрэн гаргадаггүй зэрэг дутагдал байдгийг www.iltod.gov.mn цахим хуудаст мэдээлжээ.
Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг төрийн санд байршуулахаар хуулийн хүрээнд шийдвэрлэсэн боловч зарим сан хөрөнгийн тодорхой хэсгийг арилжааны банкуудад байршуулж гүйлгээ хийдэг байна. Ийм утгаараа нийслэлийн олон сан өнөөдрийг хүртэл бидэнд гай болоогүй, гавъяа байгуулалгүй чимээгүй оршин тогтносоор ирсэн.
Одоо энэ сэдвийг хөндөж, ухаж төнхөх цаг нь болжээ. 25 сангийн хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн задаргааг олон нийтэд тайлагнадаг болцгооё. Тодруулбал, тусгай сангуудын дансыг шилэн болгоё.
Улаанбаатар хотын харьяанд байдаг энэ 25 сан аль ч Засгийн үед гавьтай ажил хийгээгүй өнөө, маргаашийг аргацааж, энэ тэрхэн ажлыг санхүүжүүлж ирсэн бололтой. 25 сантай байлаа гээд Улаанбаатар хот маань сүүлийн жилүүдэд бусад орны нийслэлээс илүү гарч, хөгжлөөрөө цойлоогүйг захын иргэн хэлэх байх. Хорт утаатай, хөрсний бохирдол нь дээд цэгтээ тулсан хотод бид аж төрдөг.
Ямар ч засгийн үед хогноосоо салж чаддаггүй нийслэл Улаанбаатар гэдэг нь батлагдсан. Хог, хаягдлын сангаар дамжаад жилдээ тэдний дансанд 4.5 тэрбум төгрөг цугладаг гэсэн тооцоог Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан хэлж байсныг санаж байна.
“4.5 тэрбум төгрөгөөр нийслэлийнхний хогийг бүрэн зайлуулж дийлэхгүй байгаа учраас ирэх жилээс төсвөөс татаас авч нийт 11 тэрбум төгрөгтэй болчихвол хоггүй Улаанбаатар болно” хэмээн тэрээр ярилцлагадаа дурдаж билээ.
Тиймээс Хог хаягдлын тусгай сан олон жил ажиллахдаа гийгүүлсэн зүйлг үй байна. Нийслэлд нүүрлэсэн гамшигаар далимдуулан сан байгуулахг үй бол тухайн үеийн дарга ангийнхан мэдрэмжгүйгээ харуулах биз ээ.
Тухайлбал, агаарын бохирдол нийслэлийн шүдний өвчин болсон. “Цэвэр агаар” санг байгуулаад нийслэлийн агаар цэвэршээгүй юмдаг. Сангийн хөрөнгийг хэдэн нөхөд эрээвэр, хураавар зүйлд зарцуулаад дууссан. Үүнийг Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан албан мэдээгээр нотлож болно.
“Бидний амьсгалж байгаа агаар химийн хортой бодисийн исил, хүхэрлэг хийн агууламж нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн арав дахин их болсон” гэсэн мэдээллийг орой бүр телевизийн мэдээний доогуур урсан өнгөрхийг уншаад л суудаг нь харамсалтай энэ үнэн.
Улаанбаатар хот жил жилийн хаварт замаа засч, шинээр барьсан ч жилийн нүүр үзэлгүй хагарч, эвдэрч, энхэл донхол болж тосгон маягийн нийслэл хэвээр үлдсэн. Уг нь бидэнд Нийслэлийн замын сан гэж тусгай сан бий. Гэтэл одоо ямархуу замаар ажил, сургуульдаа явж, аж төрдгийг Улаанбаатарынхан бүгд мэднэ.
Жил бүр л хотын замыг нөхдөг, засдаг хэрнээ ирэх жил нь бас л тэр ажлаа хийж, туушиндах хэрэг гардаг нь ч бас үнэн. Энэ нь Замын сангийн мөнгийг зөв зарцуулж чадахгүй байгаагийн бодит нотолгоо юм шүү.
Зам барьж, засч олон тэрбум төгрөг зарлаа гэж мэдээлдэг ч Замын сангийн хөрөнгөөр хийсэн ажил нь цаг хугацааны шалгуурт дийлэнхдээ тааруу дүн авдаг. Үүнийг харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргиж суудаг цаг ул болох биз ээ.
Учир нь АН-ынхан “Хот шиг хотод хүн шиг амьдруулна” гэж амлаж Засгийн эрх авсан учраас тэдний амлалт биелэхийг хүлээцгээе. Олны нүдэнд ил болсон энэ жишээг дарга ангийнхан үгүйсгэхгүй байх.
Улаанбаатар сүүлийн жилүүдэд шороон бас цементэн хот болсон гэх мэтээр тааруу бүхнийг нэрлэвэл цаг, цаас их орох байх. Энэ бүхэнд зориулж сан байгуулаад байвал хэцүү еэ. Хотод мал байлгахгүй гээд хөөж, туудаг нийслэлд Малын хулгайтай тэмцэх сан байх хэрэгтэй юү гэдгийг бодож үзээсэй.
Нийслэл, дүүргүүдийн нутагт мал байлгахыг хориглодог. Зөвшөөрсөн цөөн хэдэн хороо нийслэлээс алслагдсан байдаг тул тийм ч олон мал нийслэлд байдаггүй гэсэн үг. Тиймээс сан нэртэй нийгэмд гавьтай ажил хийдэггүй татвараас бултдаг тусгай үүрэгтэй ч тусгүй сангуудыг цэгцлэе. Үүний оронд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санд илүүтэй хөрөнгө хаямаар юм. Энх цагт аж төрж байгаа хэрнээ дайны үеийн Улаанбаатар аятай өдөр бүр хэдэн арваараа хүн бэртэж, гэмтэж, гэмт хэргийн золиос болж байна. Тиймээс Гэмт хэргээс сэргийлэх сангийн ажлыг чанартай болгоосой хэмээн хүн бүр хүсдэг байх. “Улаанбаатар сан” гэж нийслэлд бий. Юу хийдэг сан юм бүү мэд.
Ямартай ч “Хийморь тэтгэсэн миний Улаанбаатар” дууг клиптэй болгож санхүүжүүлсэн буянтай гэж дуулж байснаас өөрийг мэдэхг үй. Гэтэл энэ сан 2002 онд ХХК болсныг саяхан дуулав. 2002 онд НИТХ-ын Тэргүүлэгчид эл шийдвэрийг гаргажээ.
Одоо компанийн нэр нь “Улаанбаатар сан” боловч сангийн ажил эрхэлдэггүй юм байх. Нийслэл 26 дахь санг байгуулах гээд дуншиж байтал НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн бойкотолж түр азнасан. Энэ бол “Орон сууц хөгжүүлэх сан” юм. Нэг талаас Үүл баатар ахмадуудаа хямд үнэ төлж түр суух орон сууцанд аж төрүүлэх санаатай зүдрээд байгаа юм байх. Гэтэл өнөө- дүүл нь ойлгохгүй улстөржүүлсэн гэдэг юм. Үнэн чанартаа Нийслэлийн 51 хувийн оролцоотой Орон сууц санхүүжилтийн корпорацийн ажлыг тэр санд өгөх гэсэн юм байх. “Энэ корпорацийн ажлыг хагасалж “Орон сууц хөгжүүлэх сан”-д даатгах гэлээ” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа АН-ынханг буруутгаж дуулдсан.
Олон сайхан нэртэй сантай хэрнээ нийслэлийнхэн маань хөгжөөгүй “сөнөсөн” байдалтай өнөөдрийг хүрсэн. Бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлдэг, дарга нарын эрх ашгийн төлөө ажилладаг учраас иргэд энэ элдэв санг дэмждэггүй. Харин дарга нар сан байгуулах гэж дайрч, дэврээд байгаагийн цаана санхүүгийн томоохон эрх ашиг бий.
Сан ажиллуулахад татвараас “бултдаг” учраас ямар ч дээд албан тушаалтан ийм аргыг сүвэгчилж ивээлдээ авдаг гэх юм билээ. Бас санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэггүй гэж байгаа. Ер нь л “но”-той шүү, хотын энэ олон сан. Тиймээс Улаанбаатарын тусгай сангуудын талаар цуврал нийтлэл хүргэх болно.
Д.Мягмар
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: