Хөөрхий дөө, Бошигт гуай…
Гэвч тэр энэ үеэр шоронд сууж асан. Яах аргагүй өөрийн буруугаас. Хэн ч маргахгүй. Гэхдээ сэтгэл зүйн талаас нь бол харахад илүүдэхгүй зүйл бий.
Ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нүүрийг хэсэгтээ ширлэж явсан тэрээр нэг л өдөр Ардчилсан хөдөлгөөнөөс шахагдчихсан билээ. Ардчилалд ямар ч гай тарьчихсан юм, бүү мэд. Тэр мөртөө яагаад түүнийг шахаад гаргачихсныг нь сонирхсон хүн бүр ч үгүй. Бүгдээрээ л “Зөв, зөв, ааш нь дийлдэхгүй, хүн болгоныг загнасан тийм юмнуудыг явуулах нь зөв.” гэцгээсэн.
Өмнөх нийгэмд нам, эвлэлийн их хурлын төлөөлөгч ч атугай болохын тулд өргөн мэдлэг, хөдөлмөрч чанараараа бус, сайхан ааш, дуулгавартай зангаараа ялгарах хэрэгтэй байдаг байж билээ. Харин Ардчилсан хувьсгалын удирдагч болоход бас л энэ шалгуурыг гол болгон тавина гэж хэн бодох билээ. Энэ шалгуурыг давалгүй халтирсан хүн ганц Бошигт гуай биш, “Малыш” Энхтүвшин, Нинж, Дарь.Сүхбаатар гээд өвдөг шороодсон хүмүүс олон буй. Би ч бас тэдний нэг.
Хамгийн гол нь хэнд сайхан аашилж, дуулгавартай байх ёстой байж вэ гэдэг нь сонин. Элбэгдорж, Бат-Үүл хоёрт шүү дээ. Ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн эхлүүлэгчид дотроо ардчилсан тогтолцооны тухай хамгийн бага мэдлэгтэйгээрээ ялгарч, оросоор таван үгтэй өгүүлбэр хэлэхэд хоёроос илүүг нь ойлголгүй өнгөрдөг, “ардчилал” гэдэг үгийн утгын хувьд Горбачевын тайлбарласан хэмжээнээс илүү гараагүй нь илт энэ хоёрын дэргэд Бошигт гуай, “Малыш” Энхтүвшин, Нинж энэ хэд чинь унаган орос, таримал англи хэлтэй, удмын элитийн тамгатай, Адам Смит, Бердяев, Оруэлл, Веберийг олоод уншчихсан, ардчиллын тухай мэдлэгээрээ бусдыг зодчих шахсан амьтад байлаа. Ерөнхий мэдлэгийн хүрээ цараагаараа тэдний чигчий хуруунд ч хүрэхгүйгээ ойлгосон тэр хоёр С.Зоригтой шадарлаж, өөрсөдтэйгээ хөөрхөн ааш гаргаж харьцаагүй бүхнийг намнаж эхэлсэн нь тэр. Өнөөгийн өндөрлөгөөс өнгийн харвал энэ нь ааш муутнуудаас салах гэхээсээ илүү албан тушаалд хүрэх замд тээгэлж мэдэх өрсөлдөгчдөө дарсан болов уу гэмээр харагддаг. Энэ байдлыг дор нь олж хараад, нөгөө хоёрынхоо бөгсийг шоколадтай зайрмаг мэт амтархан долоож, ардчилал гэдэг бол зөвхөн Зориг, Бат-Үүл, Элбэгдорж гурвын тэмцлийн л үр дүн хэмээх өөрсдийн нь зохиосон үлгэрийг түүхийн гарцаагүй, цорын ганц үнэн хэмээн цээжээ дэлдэн зүтгэснийхээ шанд өнөөдөр төр, засгийн өндөр суудалд заларсан нь бидний болон бидний дараагийн үеийнхэн, өнөөгийнхөн дотор ч цөөнгүй. Харин Бошигт гуай бол “хуц!” л байхгүй юу.
Гэхдээ Бошигт гуай нөгөө хоёрын зуунги занг дутуу үнэлсэн болов уу. Өөрийнх нь яриаг ангайн чагнадаг байсан Элбэгдорж, Бат-Үүл хоёр нэр хүндээ ардчиллын нэрийг ашиглан хязгааргүй өсгөж, хавийнхнаа долдогонуулж байгааг яг дэргэдээс нь харж суухад угаасаа шартай хүнд ямар байх нь ойлгомжтой. Тэр үеэс хойш Бошигт гуай байнга бухимдалтай явах болж, ам ангайх бүртээ юу ч мэдэхгүй, хий бухимдсан хэдэн нусгай бацааныг ардчиллын төлөө тэмцэлд хөтөлж, зааж, чиглүүлж оруулсан өөрийнхөө нөр их гавъяаны тухай үг унагах гээд байдаг болсон. Түүнийг нь тоох хүн цөөн болохоор бүр ч тэчъяадаж, хэд хэдэн удаа улс төрийн үйл ажиллагаагаа сэргээх бүтэлгүй оролдлого хийсний дараа гомдсон сэтгэлээ бор дарсаар чийглэхийг илүүд үзэх болсон гэх. Түүнийг “аугаа ихийн хийрхэлд” автаж эхэллээ гэсэн явган яриа дэгдсэн нь оргүй ч үг биш байх.
Харин эврээ ургалаа гэмэгц түүнийг мөргөж орхисон Бат-Үүл, Элбэгдорж хоёр энэ байдлыг нь хараад бах тав нь улам ханаж, өөрсдийн нь бөгснөөс зохих журмын дагуу адис авах, долоох журамт үүргээ биелүүлээгүй гүрийж зүрхэлсэн хүмүүсийн хувь заяа яаж эргэдгийн амьд жишээ болгох болсон. Ардчилсан холбоо, Ардчилсан нам, Ардчилсан төрийн ямар ч хурал цуглаан, баяр наадамд Зориг, Элбэгдорж, Бат-Үүл гэсэн неокоммунистуудын нэрийг заавал, бүр асар их хүндэтгэлтэйгээр дурсдаг бол ардчилсан тогтолцоо гэж юу байдаг тухай тэдэнд хичээл зааж байсан Бошигт, Энхтүвшин нарын нэр нэг ч удаа гараагүй өдий хүрсэн аж.
Ер нь Элбэгдорж, Бат-Үүл нар энэ талаараа үнэхээр гаргууд, хорон. Юмыг мартана гэж үгүй. Тэднээс хүн чанарыг хүсээд ч олохгүй. Тэдэнд тал алдсан л бол энэ төрд ямар гавъяа байгуулсан, ямар эрдэм чадлаараа тодорсноос үл хамааран, аливаа шагнал хүртэх, албан тушаалд очих гэх мэтийн асуудал зэргэлээтэн замхарч, ардчиллын түүхээс нэр нь арчигдаж… ер, Монгол улсын иргэнээрээ үлдэж чадвал зол болох авай. Харин сүүлийн үед Дарь. Сүхбаатар, Нинж хоёрын “хар үе” дуусч, нөгөө хоёрынхоо “өршөөлд” багтах найдлага бага ч гэсэн сүүмэлзэв бололтой.
Бошигт гуайн хувьд бол харласаар дууслаа даа. Уул нь ааш зан нь гэхээс биш, бусдаараа бол ядаж аль нэг яамны газрын даргыг өлхөн хийгээд явчихуйц мэдлэг, боловсролтой, чадвартай хүнсэн. Төр, засгийн дундаас дээшхэн шиг ямар ч албыг нүүр улайлгалгүй хаших чадвар гэдэг өнөө цагт бол улаан номонд оруулбал зохих ховор зүйл. Нөгөө талаар эелдэг сайхан аашаар хулгайч зангаа халхалсан өнөөгийн албан тушаалтнууд шиг салтаагаараа төрийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулаад байхааргүй л байсан болов уу. Төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг мэдлэг, боловсролын нь хүрээ цараанаас хамаардаг юм билээ. Ёс зүй сахиж чаддаг бол ч ааш нь адсага шиг байтугай азарга шиг ч байсан яршиг л байна. Ардчилсан хүчнийхэн, түүний ардчилалд оруулсан хувь нэмрийг нь үнэлдэггүй юм гэхэд, ядаж мэдлэг, боловсролыг нь цаг тухайд үнэлж чадсан бол өнөөдөр Бошигт гуай “Чиний оролцсон ардчилал чинь чамд юу өгсөн юм бэ?” гэж тавласан хүүгийнхээ өөдөөс хутга гаргаж, насны бөгсөнд торны цаана сууж байх ч байсан уу, үгүй ч үү, хэн мэдлээ. Ингэж бодохоор л түүнийг өрөвдөөд байгаа юм.
Уг нь бидний, миний анх оролцож байсан ардчилсан хөдөлгөөний үзэл санаа хүн чанар, хүний төлөө гэсэн сэтгэл дээр тулгуурлаж эхэлсэн билээ. Бид зөвхөн өөрсдийнхөө биш, нийт ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулах, эрх чөлөөг эдлүүлэх арга зам хэмээн үүнийг сонгосон. Гэтэл одоогийн улс төр хүн чанарын эсрэг болж дээ. Улс төрд орохын тулд хүн чанараа заавал гээдэг, тэгэхгүй бол улс төрд ямар ч амжилтанд хүрдэггүй сонин тогтолцоо бий болжээ. Хүнд хатуу үед хамт гар, сэтгэл нийлэн тэмцэж явсан нөхдөө хүртэл хөсөр хаяад, дээр нь гутлаа арчиж арччихаад яваад өгөхдөө ичдэггүй, харин ч бусдад сургамж болуужин хэмээн ид бах болгодог сонин үе иржээ. Бид өнөөдөр, өөрсдийнхөө суурийг нь тавилцаж асан ардчиллын ид мандлын үед, зөвхөн ардчилсан хөдөлгөөний эхэн үеийн манлайд байсныхаа төлөө энэ олон жилийн турш элдвээр доромжлуулж явах нь шударга гэж үү?
Бошигт гуайг, үйлдэл талаас нь бол хамгаалаад байх юмгүй, гэхдээ цаад утгаараа ийм, хүн чанаргүй улс төрийн золиос болсон нь өнөөгийн байдалд хүрэхэд нөлөөлсөн нь мадаггүй. Хор шартай, аугаа ихийн хийрхэлд багахан өртсөн хүнийг олон жилийн турш огт тоомсорлохгүй, юман чинээд бодохгүй байгаагаа үзүүлж, ил далд доромжлолоор булах нь сэтгэл санааны ямархуу дарамт болохыг Элбэгдорж, Бат-Үүл хоёр сайтар мэдэж, сайтар тооцоолж чаджээ.
Чимидийн ЭНХЭЭ
URL: