Индианчуудыг дүрсэлсэн анхны зургийг Ватиканаас оллоо
ВАТИКАН. / ИТАР-ТАСС/. Ватикан дахь Боржиа ордны ханын зурагт Европын зураач индианчуудыг дүрсэлсэн анхны зургийг илрүүлсэн байна гэж “The Daily Telegraph” мэдээлж байна.
1494 онд Италийн зураач Пинтуриккьогийн зурсан “Иисусын ням гараг” зургийг сэргээн засварлах үеэр зурагт индианчуудыг анх дүрсэлсэн болохыг илрүүлжээ. 500 жилийн хугацаанд хуримтлагдсан элдэв бохирыг цэвэрлэсний эцэст зургийн арын хэсэгт толгойдоо өдтэй нүцгэлсэн хүмүүс байгааг сэргээн засварлагчид анзаарсан аж.
Үүнээс хоёр жилийн өмнө Америкийн нээсэн Христофор Колумбийн Америкийн уугуул оршин суугчдын тухай яриа нь зураачийн дээрх зурагт нөлөөлсөн байж магадгүй гэж тус музейн цогцолборын захирал Антонио Паолуччи үзэж байна. Колумбийн аяллыг Испани улс ивээн тэтгэсэн хэдий ч түүний нээлт Аппениний хойгт ихээхэн сонирхлыг төрүүлсэн төдийгүй тэр үеийн пап лам Родриго Боржиагийн өрөөнд дээрх зураг буй болоход хүргэсэн болов уу гэж Паолуччи тэмдэглэж байна. Тиймээс энэ нь Пинтуриккьогийн зургийг Европын зураач индиан хүнийг дүрсэлсэн анхны зураг гэж үзэх боломж олгож байна гэж Паолуччи үзжээ.
1431 онд Испанид мэндэлсэн Родриго Борджиа нь 1492 онд Ромын пап VI Александр болсон юм. Боржиаг 1503 онд насан эцэслэхэд Ватикан дахь түүний ажлын өрөөг ашиглаагүй нь Итали даяар алдаршсан түүний болон гэр бүлийнх нь таагүй нэртэй холбоотой юм. Харин 1889 онд л пап XIII Лев Боржиагийн өрөө тасалгааг үзэгчдэд нээсэн гэдэг. Одоогоор энэ өрөөнд шашны урлагтай холбоотой эд зүйлсийг байрлуулаад байна.
Христофор Колумби нь өнөөгийн Италийн нутаг дэвсгэр дээр Бүгд Найрамдах Генуйн Улсад мэндэлсэн боловч хожим нь эхлээд Португалид дараа нь Испанид шилжин очсон байдаг. Энэтхэгийн далайгаар бус харин Атлантын далайгаар Энэтхэгт хөвөн очих гэсэн түүний аялалыг Испанийн эрх баригчид санхүүжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Энэ аяллынхаа үеэр тэрбээр 1492 онд Америкийг нээснээрээ колоничлыг эхлүүлжээ.
Колумбийн нээлт нь Европ даяар ихээхэн сонирхол татсан гэдэг. Тухайлбал түүний Америкийн уугуул иргэдтэй хэрхэн уулзсан тухай латин бичгээр хамаатнууддаа бичсэн захидлууд нь цаг үедээ Ромд ихээхэн алдартай байжээ.
С.Амар
МОНЦАМЭ
URL: