Дотоодын электроникийн үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжинэ
Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад нэмэлт оруулахаар боллоо.
УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор иж бүрэн компьютерийг гаалийн татвараас чөлөөлж, сэлбэг хэрэгсэлд татвар ногдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Компьютерийг өдөр тутмын хэрэглээ болгоход энэ шийдвэр ач холбогдлоо өгсөн ч электроникийн үйлдвэрлэл сэргэж, дотоодын брэнд бүтээгдэхүүн гарч эхэлсэн өнөө үед дээрх тогтоолыг өөрчлөх шаардлага үүсээд байгаа юм.
Сэлбэг, дагалдах хэрэгсэлд гаалийн болон НӨАТ ногдуулж байгаа нь үндэсний брэнд бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр байх үндэс болж, дотоодын брэндийг өрсөлдөх чадваргүй болгож байна. Харин эдгээр татвараас чөлөөлбөл үндэсний брэнд бүтээгдэхүүний үнэ хямдарч, өрсөлдөх чадвар өсч, электроникийн салбарын зах зээлээс гадагшаа гарч байгаа мөнгөн урсгалын 40 хүртэлх хувийг хоёр жилийн дотор дотооддоо авч үлдэх боломжтой гэсэн тооцоо судалгааг Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн зөвлөлөөс гаргасан.
Өмнөх шийдвэрийн дагуу зөвхөн иж бүрэн компьютер гаалийн татвараас чөлөөлөгдөж байгаа нь гадаадын брэнд бүтээгдэхүүнүүд Монголын зах зээлд хямдаар нийлүүлэгдэж, дотоодын мөнгөн урсгал гадагшаа чиглэх үндсэн нөхцөл үүсгэж байна. Зөвхөн 2012 оны байдлаар авч үзэхэд улсын гаалиар 65 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 116 мянган иж бүрэн компьютер орж иржээ.
Манай оронд электроникийн үйлдвэрлэл 1974 оноос эх сууриа тавьж, 1990-ээд он гэхэд микрокомпьютер, хар цагаан болон өнгөт телевизор угсарч байсан түүхтэй. Зах зээлийн шилжилтийн үед үйлдвэрлэл зогссон ч 2000 онд “МОНЭЛ” брэнд гарснаар электроникийн үйлдвэрлэл эргэн сэргэжээ. Одоо “Эм Си Эс элөктроникс”, “Мигма элөктроникс”, “Би Эс Би Электроникс” зэрэг компани брэнд гаргаж, 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Гэвч тэд зөөврийн болон ширээний компьютер угсарч, бусад LCD, LED дэлгэц, телевизор, хөргөгч, угаалгын машин зэрэг ахуйн хэрэглээний цахилгаан барааг гадаадад угсарч, импортоор оруулж ирж байгаа юм.
Товчхон:
• УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
• Энэ онд 90 жилийн ой нь тохиож байгаа Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгийн баяр наадмыг 2013 оны 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд тэмдэглэхээр тогтоолоо. Энэ саналыг дээрх аймгуудаас ирүүлсэн бөгөөд баярын үеэр бүсийн уралдааныг хамтад нь зохион байгуулах юм.
• Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгосонтой холбогдуулан Монгол төрийн түүхийн музейн дэргэд түүхийн сэдэвт кино гаргах, хурал, лекц зохион байгуулах зориулалтын танхим нээхээр шийдвэрлэлээ.
• Австрали улсад энэ сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын VI бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцоно. Айлчлалын үеэр тус улсын Уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Гари Грейтэй уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бодлого, эдийн засгийн интеграци бий болгох зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийнэ. Мөн уул уурхайн стандарт, аюулгүй байдлын дүрэм журмыг манай улсад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, компаниудын нийгмийн хариуцлагын туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэнэ.
• Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрөгч сарын 16-17-ны өдрүүдэд Кувейт улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнгээ танилцууллаа. Айлчлалын үеэр Монгол, Кувейтийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэх, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн Сангийн шугамаар хэрэгжих хамтарсан төслүүд, тухайлбал манай оронд барих парламентын ордны төслийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
• Энэ сарын 1-3-ны өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Булган, Орхон аймагт ажиллах үед иргэд, байгууллагаас тавьсан асуудлуудыг шийдвэрлэх, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцээд төлөвлөгөө гарган ажиллаж, биелэлтийг нь Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Ерөнхий сайд дээрх аймгуудад ажиллахдаа аймгуудын удирдлага, холбогдох яам, агентлагийн төлөөллүүдтэй ярилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор баг дахь хаврын тариалалтын бэлтгэл, “Хонгор Агро Булган” ХХК-ийн гурилын үйлдвэр зэрэгтэй танилцах үед хөрсний эрдэс бордооны үнэ бууруулах, үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах зоорь, эловатор барих, тариалангийн талбайд мал орж сүйтгэдгийг зогсоох арга хэмжээ авах талаар тариаланчид хөндсөн. Мөн Орхон аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр банкны хүүг буруулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний томоохон зоорь барих, зам харилцааг сайжруулах зэрэг асуудлыг хөндсөн бол “Эрдэнэт хивс” үйлдвэрийнхэн экспортыг нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
• 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Варшав хотноо гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг эцэслэн баталлаа. Энэ хэлэлцээрээр Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудлыг сэргээн шийдвэрлэж, тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон юм. 2011 оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 36,5 сая ам.доллар, үүнээс экспорт 47,1 мянга, импорт 36,4 сая, харин хөрөнгө оруулалт 6,4 сая ам.доллар байсан бол 2012 онд худалдааны эргэлт 57 сая ам.доллар болжээ.
• Бүгд Найрамдах Индонез улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээх, Лалын Бүгд Найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк улсын нийслэл Истанбул, Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэп Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд энэ тухай саналыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
• Оюу толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутагт баригдаж байгаа 8500 кв.м талбайтай цогцолбор барилгыг техник технологийн шаталсан сургалттай Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
• 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэн зөвшөөрөв.
• ЗГХЭГ Засгийн газрын танхимыг мэдээллээр хангах үүргийнхээ дагуу энэ оны 3 дугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг танилцууллаа. 2013 оны 3 дугаар сард Засгийн газар 5 удаа хуралдаж, 80 асуудал хэлэлцэн 30 асуудалтай танилцаж, үүний мөрөөр Засгийн газрын тогтоол 55, тэмдэглэл 77, Ерөнхий сайдын захирамж 5 гарсан байна. Түүнчлэн, Засгийн газрын хуралдаанаар 2 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 2 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэж, 12 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: