Таван үеийнхэн тайз эзэгнэсэн орой
“Авьяас тэтгэвэрт гардаггүй” гэдэг үгийн баталгааг тухайн он жилүүдэд Ардын армийн анги, салбаруудад ажиллаж байсан соёлын ажилтнууд баталсан “Хадган цэнхэр аялгуу” тайлан тоглолт болж, үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүллээ.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, бэлтгэл хошууч С.Жигжид нарын хэсэг хүмүүсийн санаачлагаар байгуулагдсан “Зэвсэгт хүчний соёлын ажилтнуудын холбоо” төрийн бус байгууллага байгуулагдаад төдийлэн удаагүй байгаа ч угаас авьяасын гал нь “асаалттай” тэд дорхноо л эмх цэгцэд орж, жар, далаад оны үеийн голдуу уран бүтээлээр “амьсгалж” ЦДБЭЧ-ын тайзыг нэгэн орой эзэгнэсэн юм.
“Яг амьдаараа” гэдэг шиг амьд хөгжмийн аялгуу эгшиглэсэн ийм тоглолт үзэгч, сонирхогчдын сэтгэлд ямар их ойр байдаг нь ажиглагдсан. Аргагүй дээ, энгэртээ “Соёлын тэргүүний ажилтан”-ы гурвалжин улаан тэмдэг гялалзуулсан 10 гаруй хөөрөг баян хуурчид “Манжуурын толгод”-оос өгсүүлээд олны сэтгэлд хүрсэн вальсын аялгууг эгнэн зогсоод тоглож байсан нь үнэхээр бахархмаар, Монгол Улсын Зэвсэгт хүчинд ямар их авьяастнууд байсны нь нэг тод илэрхийлэл болсныг тэмдэглэхээс аргагүй.
Тиймдээ ч “Хадган цэнхэр аялгуу” тоглолтыг гүнээ хүндэтгэн УИХ-ын гишүүн Д.Арвин, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны ТЗУГ-ын орлогч дарга, хурандаа О.Нямчулуун нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж сэтгэлийн үгээ хэлж байв.
“Зэвсэгт хүчний шинэчлэлийн үйл хэрэгт үе, үеийн соёлын ажилтнуудынхаа оролцоог нэмэгдүүлж, иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд манай холбоо идэвхийлэн оролцоно” гэж тус холбооны тэргүүн, бэлтгэл хошууч С.Жигжид хэлсэн үгэндээ тэмдэглээд, холбооны үйл ажиллагааг сурталчилж, олон түмэнд хүргэхэд идэвхийлэн дэмжсэн Зэвсэгт хүчний “Соёмбо” сонин,
БХЯ-ны “Дуулга” телестуди, “NTV” телевиз, Зэвсэгт хүчний 032, 089 дүгээр анги, байгууллагад талархлаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Арвин “Тухайн он жилүүдэд ажиллаж байсан энэ хүмүүсийн авьяас билиг, баялаг туршлага одоо ч хэрэгтэй байна.
Миний хувьд холбооны үйл ажиллагааг хувийн зүгээс дэмжин ажиллана” гээд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр бэлтгэл хошууч Гончигсумлаа, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн кино механикч Н.Хүрэлтогоо,
ССАЖЯ-ны “Жуух бичиг”-ээр Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн Соёл, хүмүүжлийн дарга, хошууч Золзаяа шагнасан шагналыг гардуулж, баяр хүргэсэн. Мөн БХЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр бэлтгэл хошууч Д.Мөнхзаяа, Алтанцэцэг, “Ахмад дайчин” тэмдгээр бэлтгэл дэд хурандаа Х.Лувсанням нар энэ өдөр шагнагдсан.
ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар “Соёл урлаг нь хүний наснаас хэзээ ч шалтгаалдаггүй, хүсэл, сэтгэлдээ хөтлөгддөг ажил юм. Миний бие цэргийн сургуульд сурч байхдаа Д.Мөнхзаяа багшид загнуулаад л баритон хоолойгоор цөөнгүй жил дуулсан.
Гэхдээ гоцлол дуучин болж чадаагүй” гэсэн чин сэтгэлийн үгээр хошигноод холбооны ажлыг ЗХЖШ-аас бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Орхон-Уул аймгаас хүрэлцэн ирсэн бэлтгэл хошууч О.Нацагдорж ахмад уран бүтээлчдээтөлөөлж үг хэлсэн.
Тэрбээр “Одоогоос 51 жилийн тэртээ Барилгын цэргийн IY батальонд цэргийн алба хааж, 1989 онд цэргийн тэтгэвэртээ гарсан. Хэдий тийм ч авьяас маань тэтгэвэрт гарсангүй, өнөөдрийг хүртэл урлагтайгаа хамт явна” гэж хэлээд өөрийн эзэмшиж байсан “Найраг баянхуур” хөгжмөө холбооныхоо урын санг баяжуулахад хандив болгон өргөн барьсан.
Энэ үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Х.Сумъяа , БХИС-ийн Соёлын төвийн ажилтан, ахмад О.Ичинноров, Р.Ширчмаа, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн соёл хүмүүжлийн дарга, хошууч Золзаяа болон бусад уран бүтээлчдийн бүтээлийн самбар, гэрэл зургийн цомог зэргийг дэлгэсэн нь олны сонирхлыг татаж байв.
Найраг баянхуур хөгжмөөр гайхамшигтай сайхан тоглодгийг нь наяад оны үеэс мэдэх бэлтгэл хошууч Д.Ганболдтой уулзлаа.Тэрбээр 1958 онд 16 настайдаа одоогийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хөгжимчнөөр орж, улмаар дараа жилд нь залуучууд, оюутны анхдугаар их наадамд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэлх бүхий л урлаг, соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож иржээ.
1973 онд офицерын албанд шилжиж, Ардын армийн 036, 229 дүгээр ангиудад улс төрийн ажил хийж, цэрэг дайчдыг хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэж явсан ахмад дайчин юм. Чухамдаа 15 жил хөгжимчин, 15 жил офицероор ажиллаад 1988 онд цэргийн тэтгэвэртээ гарчээ.
Энд сонирхуулахад түүний ээж Г.Давааням гуай эдүгээ 89 нас сүүдэртэй зэрэгцсэн бөгөөд “Нисдэг Гэлэгхүү” хэмээн домог болон яригдсан хүний хүүхэд юм байна. Ийнхүү Зэвсэгт хүчний “Соёлын ажилтнуудын холбоо” төрийн бус байгууллагын гишүүн бэлтгэл ахмад Х.Сумъяа, Б.Дашзэвэг, Х.Ванганжил, С.Бямбагомбо, бэлтгэл хошууч О.Нацагдорж, Ш.Гаанжуур, бэлтгэл дэд хурандаа Д.Лувсанням, бэлтгэл ахлагч Б.Нарангэрэл, Ж.Баатарсүрэн.
Д.Чойсүрэн, С.Цэцэгдарь нарын олон авьяастнуудтай мөр зэрэгцэн эдүгээ цагийн уран бүтээлчид болох ЦДБЭЧ-ын ажилтан, ахмад Р.Өнөржаргал, БХИС-ийн Соёлын төвийн ажилтан, ахмад О.Ичинноров, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн Соёл хүмүүжлийн албаны дарга. хошууч Золзаяа нар дуулж, бүжиглэж, хөгжимдөж, Зэвсэгт хүчний Соёлын ажилтнуудын залгамж халаа найдвартай болохыг батлан харуулсан юм.
ЦДБЭЧ-ын үзэгчдийн заалыг хөл тавих зайгүй болтол нь хүмүүсээр дүүргэж чадсан “Хадган цэнхэр аялгуу” тоглолт Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг, Д.Дашнямын хөгжим “Миний залуу нас цэрэг явлаа” дуугаар өндөрлөв.
Гавьяатгүй гавьяатууд гэж нэрлэгдсэн бэлтгэл хошууч А.Цоодол. Д.Мөнхзаяа, С.Бямбагомбо нарын урлаг соёлын нэгэн үеийн “акул”-ууд соёлын ажилтнуудын эгнээнд манлайлж байгааг эцэст нь тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дэд хурандаа Гомбын Баатарнум
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: