Морьтой эрс иргэдийн төлөө жагсав уу? эсвэл …
Өчигдөр “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” болон “Гал үндэстэн” холбооныхон Сүхбаатарын талбай дээр морьтой жагсаал хийлээ. Жагсаал 12.20 цагийн орчимд эхэлсэн. Жагсагчид морин тэргэнд 20 гаруй гэр ачиж ирсэн байсан. Тэд өнгөрсөн 10-ны өдөр талбай дээр цуглаан хийх гэсэн боловч нийслэл болон цагдаагийн удирдлагаас жагсаал хийх зөвшөөрөл олгоогүйгээр барахгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тэдний барих гэж байсан гэрийг хураан авч саатуулсан юм.
Баянзүрх дүүрэгт гэрүүд хулгайд алдагдсантай холбогдуулан саатууллаа гэсэн тайлбарыг тухайн үед тус дүүргийн цагдаа хийж байсныг та бид мэднэ.
Ямартай ч жагсагчдад Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрлийг өчигдөр ч өгөөгүй бөгөөд хэрвээ гэр барьж жагсаалаа үргэлжлүүлбэл албадан тараана гэж цагдаа нар хэлсэн хэмээн жагсагчид ярьсан.
Монгол дээл өмсч, өнгө өнгийн туг барьсан “Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ныхөн талбай дээр морьтой жагсаал хийх болсон тухайгаа “Бидэнд уух цэвэр тунгалаг ус, амьсгалах эрүүл агаар хэрэгтэй юу, эсвэл гадаад дотоодын хэдэн шуналтны халаасыг дүүргэх алт, тэднийг ухсан нүх, хордуулсан шороо хэрэгтэй юу? Хиргүй тунгалаг эр орон минь хэрэгтэй юу? Үүнийг бүгдээрээ хэлэлцье.
Тийм ч учраас “Бүгдээрээ хэлэлцье” гэх уриан дор ард иргэдээ нэгдэхийг хүсэн жагсаж байгаа юм хэмээсэн. Нэг уриан дор нэгдсэн тэд Төрийн ордны өмнөх талбайд 20 гаруй гэр, морин тэргэнд зөөвөрлөн ирсэн ч, түүнийхээ есийг нь барьсан юм. Жагсагчдад гэр барихгүй байх шаардлагыг биелүүлэхгүй бол цагдаа нар тус жагсаалыг хүчээр тараахаа мэдэгдэж байсан юм. Гэвч дугаар шилжих мөчид барьсан гэрүүдийг буулгаагүй байсан.
Нөгөөтэйгүүр иргэдийн дунд ч эд сонгууль дөхөхөөр л хийрхээд байна уу эсвэл эх орон энгийн иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгээд байна уу, яаж ялгах вэ гэх яриа ч хүчтэйгээр өрнөж байсан. Эцэст нь тэмдэглэхэд эл жагсаал тэмцлийн үр дүн ямар нэг улстөрийн эрх ашгийн төлөө бус ард иргэдийн төлөө байгаасай хэмээн цугласан олон хүүрнэж байсныг дамжуулах нь зүйтэй болов уу. Нөгөөтэйгүүр тус хөдөлгөөнийхнийг МАН-ын захиалгаар хөдөлж эхэлсэн ч гэх яриа дуулдаж байсан билээ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: