Эрдэмтний ажил

527-1367549616middleМанайд бол цагаан будаа бол зүгээр л хоолны хачир юм. Харин Хятад, Япон, Солонгос гээд бусад олон оронд амь амьдрал нь юм. Дэлхийн хүн амын тэн хагасын үндсэн хоол цагаан будаа. Азид гэхэд 3 миллиард шахам хүн амьдралынхаа эрчим хүчний 60-70 хувийг цагаан будаанаас авдаг.
Заяагүй хогнууд, мах байхгүй юм чинь, өвс идээд л. Өлсөхөөрөө толгой нь ажилладаг юм шиг байгаа юм, харин монголчууд бид бол хутга тавихгүй мах идэж байхад толгой ажиллах ямар ч шаардлага байхгүй.
Хятадыг хоёр өвгөн аварсан
Нэг дэх нь Дэн Сяо Пин. Энэ хүнийг бид сайн мэднэ. Харин нөгөөхийг нь бараг мэдэхгүй. Түүх бол их сонин л доо. Яг Дэн Сяо Пинийг улс төрийн тавцанд гарч ирэх тэр үед Хятадын Хөдөө аж ахуйн таримал ургамлын үржил селекцийн салбарт ажилладаг бас нэгэн өвгөн бас гарч ирснийг хэн ч анзаарсангүй.
Хятад бол бүтэн миллиард хагас шахам хүн амтай, тэр нь тэр чигээрээ цагаан будаа иднэ. Ер нь бол тэд дэлхийн бүх цагаан будааны 40 орчим хувийг иддэг. Хятад дэлхийн цагаан будааны тариалангийн талбайн 20 хувийг эзлэн тариалдаг.
Ингээд Дэн Сяо Пин улс төрийн ямар ч өөрчлөлт хийсэн эхлээд ард түмнийхээ гэдсийг цатгах хамгийн энгийн мөртлөө, хамгийн тамтай зорилттой тулгарчээ. Яагаад тамтай гэвэл аль ч ард түмнийг цатгах их хэцүү ажил, харин хятадуудыг цатгана гэдэг бол ёстой тамын ажил гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.
Агроном Юань Лун Пин гэдэг суут өвгөний удирдлагын дор 1970-аад оны дундуур хятадууд цагаан будааны эрлийз сорт гаргаж, “супер цагаан будаа” бий болгожээ. Хятад био инженерчлэл, селекцийн технологийн гайхамшгийг дэлхий дахинаа үзүүлснээс гадна өөрийн хүн амыг төдийгүй дэлхийн хүн амын хүнс тэжээлд хувьсгал гаргажээ.
Үр дүн нь үнэхээр гайхамшигтай учраас үнэхээр хувьсгал л даа. Шинэчлэлээс өмнө 1960-аад оны сүүлээр хятадад нэг му газраас 300 орчим килограмм ургац авдаг байжээ. 15 му нь 1 га-тай тэнцдэг. 1973 онд Юань Лун Пины гаргасан “супер сорт”-ын цагаан будаа нэг му-аас 500 килограмм ургац өгдөг болжээ.
Энэ үзүүлэлтийг Лун Пин нэмсээр байгаад 2000 онд нэг му-аас 700 кило өгдөг цагаан будаа гаргасан байна. Ингэхээр ганц энэ өвгөний ачаар хятадууд “зүгээр сууж” байгаад идэх хоолоо бараг 2 дахин нэмж чадсан байна.
Энэ амжилтыг ойлгомжтой хэллэгт оруулбал: 2000 онд га-аас 105 центнер, 2005 онд 120 центнер, 2011 онд 136 центнер авдаг болжээ. Одоо болтол өөрийгөө тариачин гэж нэрлэдэг энэ өвгөний төлөвлөгөөг хэлбэл монгол хүний ухаан санаанд багтахгүй.
Одоо Юань Лун Пингийн дөрөв дэх шатны ажил эхэлж га-аас 150 центнер авна гэдгээ зарлаж байна. Энэ бол гайхамшиг юм. Цаг үе хоёр агуу хүнийг зэрэг төрүүлжээ. Нэг нь ард түмнийхээ хоолыг бэлтгэж өгчээ, нөгөө нь яаж амьдрахыг зааж өгчээ. Аль нэг нь байхгүй бол Хятадын их амжилт яах байсан бол гэдэг нь их сонин.
Энэ жишээгээр би нэг талаас эрдэмтэн улс гүрэндээ ямар хэрэгтэй, ач тустай байдгийг, нөгөө талаас улс гүрэн нэг эрдэмтнээ яаж ашигладгийг харуулах гэсэн юм.
Эрдмийн дэг сургууль
Надад мэдээлэл хомс ч гэсэн дараах байдлаар төсөөлж байна. 1970-аад оны дунд гэхэд Юань Лун Пин хэдхэн эрдэм шинжилгээний ажилтантай нэг сектор буюу салбар удирдаж байсан байх.
Энэ хүртэл зөвхөн түүний ганц “толгой” л байсан. Супер сорт гарсны дараа энэ чиглэлийн судалгааг төр засгаас асар их дэмжсэн нь тодорхой байна. 1930 онд төрсөн тэрбээр 1953 онд Баруун-Өмнөдийн Агрономийн институтийг агрономич мэргэжлээр төгсч бүх насаараа энэ ажлаа хийж иржээ.
Одоо ч гэсэн тариачин, агроном хоёроос өөрөөр дуудуулдаггүй гэнэ. Харин хятадууд түүнийг “эцэг” гэдэг гэнэ. Аргагүй ш дээ. Эрдэмтэн хүн гэж ийм л байдаг байна.
Манай хэд шиг нэр алдар, албан тушаалын хойноос үхэн хатан гүйдэг амьтдыг ямар юмных нь эрдэмтэн гэдэг юм !!!
Одоо бол хятадууд Юань Лун Пины “толгойг үржүүлж” байна. Одоо түүний “удирдлагын” дор 20 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байна. Бүхэл бүтэн дэг сургууль бий болсон нь тодорхой байна. Шавь нар нь аль хэдийн академичид болж, харин багш нь “тариачин” хэвээрээ байгаа аж.
Нэгэнт цагаан будааны генэд ихээхэн амжилт олсон тул эндээсээ залгуулаад ургамлын генетик, биологи, био инженерчлэл гээд суурь шинжлэх ухааны судалгаа эрчимтэй хөгждөг юм байна. Ингэж нэг салбараа дагалдуулан нийтлэг синергетик үр дүн гаргаж авдаг байна. Улс гүрэн ийм байж хөгжиж дэвждэг аж.
Манайд бол багш нь эхийн одонгоос бусад бүх алдар цолыг авч шавь нар нь түүний үхэхийг хүлээхээс өөр арга байдаггүй биз дээ. Сая Хойт Солонгос хиймэл дагуул хөөргөв. Манайхан улс төрийг нь яриад сүйд.
Доллараар цалинжсан Өмнөдийнхөн чадаагүй юмыг ихээхэн хүнд нөхцөлд “өлсөж” байгаа Умардын эрдэмтэд чадчих юм. Сэтгэл зүтгэл байвал эрдэмтэн хүн юу ч хийж болдгийг тэд дэлхий дахинд үзүүлж чадлаа. Нэгэнт төр засаг нь үүрэг өгсөн бол эрдэмтэн хүн биелүүлэх үүрэгтэй гэж санана.
Дараахан нь Өмнөдийнхөн хиймэл дагуулаа хөөргөв. Ард түмэндээ магтуулах биш, бараг “загнуулаад” хаяж байна. Зарим тохиолдолд эрдэмтэн хүн нэг их “бодоод байх” шаардлагагүй цаг үеийн шаардлага ч гардаг юм байна…
Түүхийн өөр нэг жишээ. Дэлхийн II дайны үед Ленинградын бүслэлтийн үеэр Зөвлөлтийн генетикийн эрдэмтэд I Петр хааны байгуулсан Ботаникийн хүрээлэнгийн үрийн фондыг хамгаалж түүнийхээ дэргэд өлсөж үхэж байсан юм. Тэд энэ фондоосоо жаахан үр тариа аваад идвэл амьд үлдэж болох л байсан.
Гэхдээ тэр үрийг бүрэн бүтнээр нь хойч үедээ үлдээхийн тулд тэдгээр эрдэмтэд өөрсдөө өлсөж үхэхийг илүүд үзсэн. Жинхэнэ эрдэмтэн гэж ийм хүмүүсийг хэлдэг юм.
Монгол эрдэм
Манайд ийм эрдэмтэн байна уу ?! Тэдний хийж бүтээгээд амьдралд нэвтрүүлээд бид бүхэн хэрэглээд бахархаад явж байгаа үзэгдэх харагдах юм байна уу ? Цөөхөн дөө…
Нэг л их цол гуншин, хэргэм зэрэгтэй, баахан одон медаль зүүсэн, тэгвэл ч зүгээр, ингэвэл ч сайн гэж хоосон ярьсан хүмүүс л байгаа ш дээ. Монголын эрдэмтдийн олонхи нь телевиз дотор л байдаг байх…
Монголд эрдэм ном гэж ярихын ч хэрэг байхгүй. Социализмын үед харин шинжлэх ухаан хөгжиж байсан юм шүү. Байхгүй юмыг бий болгохоор чинь хөгждөг юм байгаа биз дээ. Шинжлэх ухааны суурь гэж байдаг юм. Суурь нь Орост, хавсарга нь манайд байв.
Оросууд гараад явчихаар Монголын шинжлэх ухаан суурьгүй болов. Энэ нь шинжлэх ухааны суурь судалгаа хийх боломж байхгүй гэсэн хэрэг. Шинжлэх ухааны тэргүүн ээлжинд явах боломжгүй боллоо гэсэн хэрэг.
Ямар нэг хэмжээгээр суурь байдлаар эхэлсэн судалгааны зах зух байсан юм. Ардчилал эхэлснээр тэрийгээ зарж амьдрах болов. Өөр нэг их гийгүүлсэн юм байхгүй. Ингэж 20 гаруй жил болсны дараа цэнэг нь дуусав. Ингээд уур нь хүрэв. Харааж болох ганц юм нь оросын шинжлэх ухаан болов. Ийм тэнэг байж болохгүй л дээ…
Хэрэв манай эрдэмтдийн олонхи шинжлэх ухаандаа үнэнч байсан бол, хэрэв шинжлэх ухааны ёс зүйг сайтар сахиж чадсан бол, хэрэв хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулж чадсан бол манай шинжлэх ухаан ингэж их унахгүй байсан. Шинжлэх ухааны ажлын үр дүнд хүний олон цөөн онцгой их нөлөө байхгүй.
Ухаандаа дээр дурдсан Юань Лун Пин 1970-аад оны Хятадад бүх нөхцлөө хангуулчихсан, хамаг юм нь бэлэн, гэдэс цатгалан байсан гэж би бодохгүй л байна шүү.
Орчин үеийн шинжлэх ухаанд лаборатори, багаж хэрэгсэл, нөхцөл, мөнгө гээд олон юм хэрэгтэй, чухал байлгүй яахав, гэхдээ эрдэмтэн хүний сэтгэл зүтгэл, танин мэдэх агуу их хүслийг орлох юм гэж байхгүй л дээ.
Энэ нь байхгүй байж нөхцөл нэхэх чинь утгагүй л байгүй юу монгол эрдэмтэд ээ.  Нөхцөл нэхэхээсээ өмнө өөрийн хийсэн бүтээснээ үзүүлэх ёстой. Аль “ардын хувьсгалаас” өмнө хийсэн юмаа гайхуулаад байх хэрэггүй л дээ. Ядахдаа хүмүүс уйдчихсан гэдгийг бодолцох ёстой байх.
Нийгмийн ухааныхан бол бүр ч амархан. Та нар жилд 2-4 судалгааны өгүүлэл бичиж болно биз дээ. Харин судалгааны өгүүлэл гэдэг бол өөрөө хийсэн судалгаатай юмыг хэлдэг юм ш дээ.
Гадаадаас, чингэхдээ олон ном хольж байгаад хуулсан ч тэр чинь баригдахаас гадна монголтой холбогдох холбоог нь тэртэй тэргүй алдчихдаг юм. Одоо Монголоор дүүрэн оюуны хулгай, хуулбар л боллоо ш дээ. Монголоор сэтгэдэг хүнийг монгол эрдэмтэн гэдэг юм ш дээ…
Эрдэмтэд нь хулгайч худалч, дээрээс нь юу ч хийхгүй болохоор оронд нь сэтгүүлчид, сонирхогчид, лам, бөө нар шинжлэх ухааныг орлож байна ш дээ. Энэ одоо юу болж байгаа юм ?!
XXI зуунд харсаар үзсээр байтал нийт үндэстнээрээ мунхаг харанхуй дундад эртний үе рүү орж байна ш дээ. Энэ регресст Монгол “эрдэмтдийн олонхи” мөнгө, албан тушаал, нэр төр хөөцөлдөх үхээнц, арчаагүй, шунахай үйлдлээрээ жинтэй хувь нэмэр оруулсан гэж би дүгнэж байна. Худлаа юу ?!
Эрдэмтэн хүний нийгмийн хариуцлага, ёс суртахууныг уландаа гишгэхчихээд шинжлэх ухаан гэж ярих утгагүй хэрэг. Манайх шиг утгагүй, мунхаг харанхуй төртэй болохоор шинжлэх ухаан сөнөх гарцаагүй юм. Төрийн түшээд шинжлэх ухааныг мэдэх албагүй ч шинжлэх ухааныг мэдэрдэг, түүнийг зохион байгуулж чаддаг байх ёстой.
Шинжлэх ухааны удирдлага бол бизнесийн удирдлагаас тэс өөр, үндэсний ирээдүйн стратегитэй холбоотой амин чухал чиглэл. Үүнийг мэдэхгүй төр шинжлэх ухааны салбарыг удирдах нэрийн дор зальхай, луйварчдын бүхэл бүтэн монгол систем бий болгожээ.
Тэр нь шинжлэх ухааныг “онол” зохиох, худал чалчих, мөнгө олох явдлаар орлуулж нийгэм, ард түмнийг хууран мэхлэх ганц ажилтай болсон бөлгөө.
Сүүлийн үед энэ гажгийг засна гэсэн нэрийн дор “барууны” шинжлэх ухаан ийм байдаг гэсэн “дарга” болох хэнээтнүүд хэт олшров.
Энэ бол “нөгөө талын” хэт ноцтой бөгөөд давхар аюул юм. “Хуучин шинэ” энэ хоёр аюулын эсрэг тэмцэх нь шинжлэх ухааны нийгэмлэгийн үүрэг мөн. Яг цагаа тулбал, яг “улс төрийн” асуудалдаа тулбал жинхэнэ эрдэмтэн хүн шиг усан тэнэг амьтан энэ хорвоод байдаггүй юм. Үүнийг би нүдээрээ харсан, яс махаараа мэддэг болоод л хэлж байна…
Монголд шинжлэх ухаан сөнөх нэг хэрэг, яагаад гэвэл шинжлэх ухаан хэзээ ч сөнөхгүй. Харин шинжлэх ухаангүй төр өөрөө сөнөөд зогсохгүй, нийгэм үндэстнээ сөнөөх гол үндэс болж байгаад хэргийн учир оршино.
Өөрөө шинжлэх ухаан мэдэхгүй, мэддэг хүний үг авахгүй, шинжлэх ухааны нэр зүүсэн хамгийн тэнэг лаларуудыг цуглуулсан, дарга нар нь шинжлэх ухааныг орлодог ийм мунхаг харанхуй төр XXI зуунд байдаг л юм байна…
Худлаа гэвэл дурын улс төрч, дурын “эрдэмтнийхээ” 3 сарын дотор хэлсэн 3 үгийг аваад зэрэгцүүлээд үзээрэй. Харин 3 жилийнхийг харьцуулан судалж ч илүү ажил удав…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn  блог

URL:

Сэтгэгдэл бичих