Н.Энхбаяр Тайландын Засгийн Газрын тэргүүн асан Таксин Чинаватын замаар явах гээгүй байгаа даа
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал манай улсад болж ардчиллыг бэхжүүлж, шинэ тулгар ардчилсан орнуудыг дэмжиж, туршлага солилцох зорилготой 104 орны төлөөлөл цугласан билээ.
Эл хурал ч амжилттай болж, манайх ардчилал жинхэнэ утгаараа хөгжсөн, жинхэнэ ардчилсан орон гэдгээ батлаад авсан. Төрийн ордонд сайд нарын чуулга болж байхад төв талбай, Төрийн ордны эргэн тойронд МАХН-ынхан жагсаж, гадаад, дотоодын олон зочдын анхаарлыг татаад авсан.
“Энэ жагсаалд МАХН-ын гишүүд, дэмжигчид, хүнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс оролцож байна” хэмээн англиар бичсэн лоозонтой хүмүүс хэлж байлаа. Тэд үрээ гэх эх хүний сэтгэлээр Н.Энхбаярын төлөө жагсаж, Монголд ардчилал үгүй гэдгийг гадаадын төлөөлөгчдөд харуулахыг зорин ийн жагсаж байна гэсэн.
Харин Төрийн ордонд хуралдаж байсан хуралд гадаа болж буй МАХН-ын энэ жагсаалын талаар зочид төлөөлөгчдөд манай улсын Ерөнхийлөгч “Энэ бол жинхэнэ ардчилсан Монгол Улс” хэмээн хариулжээ. МАХН-ын жагсаалын гол зорилго Ерөнхийлөгчийн товчхон энэ үгэнд дарагдав.
Жагсаалд оролцогчид англи хэл дээр бичсэн лоозонд “Бид жинхэнэ ардчиллыг хүсч байна. Монголд улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал байдаг. Манай орон улс төрийн хавчлагатай орон” хэмээсэн байх юм. Уг жагсаалын эцсийн зорилго нь зөвхөн Н.Энхбаярыг ялаас мултлах.
Тэр хийсэн хэргийнхээ төлөө Монгол Улсын хуулийн дагуу шийтгэлээ хүлээх ёстой. Гэтэл ийн намаа удирдаж зохион байгуулж байгаа ажил нь энэ. Хэдэн настай буурай, эсвэл оюутан залуус энэ жагсаалд оролцож харагдсан. Тэдний дийлэнх нь барьж яваа лоозонгийнхоо утгыг мэдэхгүй дээ.
Яагаав, манайхан Хятадын хүнс байнга хэрэглэдэг мөртөө гаднаас нь харах бүртээ энэ дээр юу гэж бичсэн байгаа бол. Аягүй бол хортой, таны амь насанд аюултай хэмээн бичсэн байгаа даа гэдэг. Яг л үүнтэй адилхан санагдана. Англи хэлийг хэдэн оноос хойш хэрэглэж, хэзээнээс судалж эхэллээ дээ.
Гэхдээ зохион байгуулагч, удирдагчид нь сайн юмаа, сайн юм. Үүний ард байгаа хүн хэн бэ гэдгийг хүн бүр мэднэ. Эмнэлгээс ч, хорих газраас ч намаа “нам” удирдах Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад авсан.
Тэрээр хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Эрүүл мэндийн яам, Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж гаргасан бөгөөд гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг харгалзан үзэхийг хүссэн байв.
Харин Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Баясгалан Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар ШШГЕГ-т хандахдаа “Өвчтөнд бодисын солилцооны хүнд хямралын хам шинж болон олон эрхтний архаг дутмагшил дээр үндэслэсэн захын мэдрэлийн алдагдал, нуруу тархины суурь хэсгийн цусан хангамжийн хямрал илэрч байгаа бөгөөд оношилгоог баталгаажуулах зарим шинжилгээ эмчилгээг манай улсад хийх боломжгүй байна.
Эмчилгээний явцад илэрч байсан амьсгалын дээд зам, дунд чихний үрэвсэл дарагдсан боловч бодисын солилцооны хямрал гүнзгийрч, биеийн байдал хүндэрч, амь насанд нь аюул учирч болзошгүй болоод байна” гэжээ.
Н.Энхбаяр биеэр эдлэх ялаа эмнэлэгт эмч нарт “эрхэлж” эдэлж байгаа. Эмнэлгээс намаа удирдаж болоод байхад заавал гадаад явж удирдах гээд байдаг нь ямар учиртай юм дээ. Тайландын Засгийн газрын тэргүүн Таксин Чинават шиг зүйл болох вий дээ.
Тайландын одоогийн Ерөнхий сайдын төрсөн ах Таксин Чинават Тайландын Засгийн Газрын тэргүүнээр 2001 онд томилогдоод 2006 онд огцорсон байдаг. Түүний огцорсон шалтгаан нь сөрөг хүчнийхэн нь, ард түмний өмч хөрөнгийг шамшигдуулсан, авлига авсан, мөнгө угаасан гэхчлэн олон хэрэгт буруутган шүүхэд шилжүүлсэн байдаг.
Харин тэр эх орноосоо дүрвэж зугтсан. Тэр намынхаа даргын суудлыг өөрийн төрсөн дүү Ийнглак Чинаватад өгснөөр дүүгийнх нь удирдсан “Пхыа Тхаи” нам ялалт байгуулж, тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон.
Ерөнхий сайд дүүгийнхээ буянаар Таксин Чинават эх орондоо эргэн очих боломжтой болж буй талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болоод буй. Ахынхаа бодлогоор намаа удирдан, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваа ч гэдэг. Н.Энхбаярын замнал үүн лугаа.
Нэг л зүйлээр ялгаатай байгаа нь тэр зугтах боломжгүй байгаа нь л юм даа. Н.Энхбаяр биеийн байдлаасаа болоод ялаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, гадаадад эмчлүүлж буй нэрээр ялаас мултарч, нууц ноёнтныхоо үүрэгт албыг хашиж намаа алсаас удирдах гэв үү дээ.
Түүний ялаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн аваад хэрэггүй ээ. Тэр Монголын улс төрд дахин ирж, “хийснээсээ” илүүг, идсэн ууснаасаа илүү ихийг идэж уух вий. Түүнд ийм боломжийг дахин нэг удаа өгөхөд Монгол “сорогдох” байх шүү. Тэр өөрийн биеэр эдлэх ялаа эдлэх л ёстой. Монгол Улс хууль, дүрэм журамтай орон гэдгийг хүн бүр мэдрэх ёстой.
Л.Буддорж
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: