Монгол улс Хятадад газар эзэмшинэ

Монгол улс Хятадад газар эзэмшинэ

Монгол Улс Хятадад 10 га газар 50 жилийн хугацаатай түрээслэх бололтой гэсэн мэдээлэл гарах болжээ. Учир нь Засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж далайн гарц ашиглан экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо мэдээлэл бий. “Монголын төмөр зам” төрийн өмчит компани Хятадтай ачаа тээврийн хангамж сайжруулах “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Хятадад газар эзэмших бөгөөд тус улсын Тяньжиний чөлөөт худалдааны бүсийн зүүн хойд хэсгийн Дунжинд газар эзэмших аж. Тяньжин боомт нь Монгол Улстай хамгийн ойр орших далайн гарц.

Энэ боомтоор Монголын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувь дамждаг агаад манай орны хувьд асар өндөр ач холбогдолтой бүс нутаг. Тяньжинд 10 га газар эзэмших санхүүгийн асуудлыг Монголбанк хариуцаж, бусад асуудлыг Зам, тээврийн яам гүйцэтгэх гэнэ. Тиймээс дээрх хуралдаанаар Тяньжинд газар эзэмших асуудлыг Хятадын эрх баригчидтай эцэслэн тохиролцохыг Зам, тээврийн яаманд үүрэг болгожээ. Хэрвээ Хятадын талтай тохиролцож чадвал Монгол Улсын өмнөд хилийн боомтуудаас Тяньжиний боомт уруу чиглэсэн төмөр зам болон автозамын бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэнэ. Энэ асуудлаар 2010 оны сүүлээр манай улсын төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, Тяньжиний газрын үнийг тодорхой болгохыг хүссэн юм байна.

Тэд Тяньжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Жан Гао Литай уулзах үеэрээ энэ тухай дурдсан бөгөөд Тяньжин хот Дунжиний боомтын чөлөөт бүсэд Монголын аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Дунжиний боомтын чөлөөт бүсэд Монголын хөрөнгө оруулалттай үйлдвэр, худалдааны компаниуд хөнгөлөлттэй үнээр газар түрээслэх агаад Монголын төлөөлөгчид газрын үнийг тодорхой болгож, гэрээ хэлэлцээр хийж албан ёсоор баталгаажуулах саналтай байгаагаа Тяньжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Жан Гао Лид уламжилсан. Үүнээс өмнө Ерөнхий сайд С.Батболдыг БНХАУ-д айлчлах үеэр манай тал Тяньжин боомтод 50 жилийн хугацаатай 40 га газар авч ашиглахаар Бээжингийн эрх баригчтай тохиролцсон гэх мэдээлэл бий. Дашрамд дурдахад Тяньжинд газар эзэмшсэнээр Монгол Улс уул уурхай болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ Хятад төдийгүй зүүн болон зүүн өмнөд Азийн орнуудад экспортлох, цаашлаад Европ, АНУ-д гаргах боломжтой. Хамгийн гол нь манай улс далайд гарцгүй учраас хамгийн ойр гэх Тяньжин боомтыг бараадах нь зүйн хэрэг бөгөөд далай бол хамгийн хямд зардлаар тээвэрлэлт хийдэг билээ.
Э.ТӨГСЖАРГАЛ

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих