МОНГОЛ “ТУРШЛАГА”-ын талаар Судлаач Ганаа юу хэлэв
Манайд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал болж байна. Их л сүртэй том юм болж байна. Энд ардчиллын туршлага солилцоно гэнэ, хамгийн шог нь монголын туршлагыг сурталчилна гэнэ. Туршлага бол байх нь байгаа. Гэхдээ ямар ?! Энэ тухай өгүүлэх гэсэн юм…
Помпидугийн ухаант үг
Францын Ерөнхийлөгч асан Жорж Помпиду: “Гарцаагүй сүйрэх гурван баталгаатай арга бий: хүүхэн, морин уралдаан, экспертэд итгэх гурав. Эхнийх нь хамгийн тааламжтай, удаах нь хамгийн хурдан, сүүлчийнх нь хамгийн найдвартай бөгөөд баталгаатай…” гэжээ.
Дэлхийн олон удирдагчид аль нэгээр нь, үгүй ядахдаа хоёроор нь оролддог бол манайхан гурвуулангаар нь орчихоод байдаг шиг байгаа юм. Энд морин уралдаан гэж европ морин уралдаанаар төлөөлүүлж мөрийтэй тоглоомыг нийтэд нь хэлж байгаа боловч монголд бол яг таарч байгаа юм.
Манайх шиг зөвлөхөд дуртай үндэстэн байхгүй. Хуучин орос сургагчийн үеэс эхэлсэн хэрэг. Энэ ч тухайн үедээ аргагүй байсан юм. Яагаад гэвэл малчинд “аж үйлдвэр” болон “соёл” заахад үүнээс өөр арга байгаагүй. Дараа нь монголчууд сураад ирсэн хойно ч энэ сэтгэл зүй хэвээрээ үлдсэн юм. Сургагч нь зөвлөлтийн мэргэжилтэн болов. Зөвлөлтийн мэргэжилтэнтэй зөрж хэрэлдэж болохгүй үе байлаа. “Толгойгүй болно” гэдэг нь ажилгүй болно гэсэн үг. Тэднийг хангалтай муулсан учир нэг л зүйл хэлье. Зөвлөлтийн мэргэжилтнүүд нийтдээ муу мэргэжилтнүүд байгаагүй, тэдний бүтээж өгсөн барилгууд одоо болтол хамгийн чанартай, үйлдвэрүүд одоо болтол биднийг тэжээж байгаа нь үүний нотолгоо.
Ингээд барууны мэргэжилтний үе эхлэв. Голдуу америк мэргэжилтэн гэж нэрлэх. Энэ бол буруу. Яагаад гэвэл ардчилсан Монголд бүх дэлхий “зөвлөх” болов. НҮБ-аас эхлээд хандивлагч улсууд, ингээд “бүгдээрээ” болчихож байгаа юм.
Хуучин бол бүх социалист мэргэжилтнийг “орос” мэргэжилтэн гэж үзэж болох байсан бол одоо энэ “бүгдээрэнг” америк гэж яагаад ч болохгүй. Мэдээж хэрэг “зөвлөх” талаараа АНУ гоц ялгарч байгаа л даа…
Монголын толгой эргэв. Ганц оросоос асуугаад үгэнд нь ордоггүй шахам байсан нөхөр олон хүнээс асуугаад юм хийж харагдаач. Одоо бол дураараа дургих болов. Ганц хүнд бол худал хэлэх хэцүү, олон хүний дунд бол амархан. Ёстой бантан хутгав.
Улс бүхнээс “танай туршлагыг судлана” гэсэн эхний мэх сурав. Тэгээд “танай туршлага хамгийн гоё нь байна, монголд нэвтрүүлэх гэсэн чинь даанч мөнгө алга” гэв. Гоё байгаа биз. Энэ барууныхан үнэн тэнэг ш дээ. Үнэмшээд л, өгөөд л байгаа юм чинь…
Манай ардчиллын эхний жилүүдэд асар их мөнгө орж ирээд байсны учир ердөө л энэ. Гэхдээ хамгийн шившигтэй замаар орж ирсэн юм. Траншейны хүүхэд, ядуу зүдүү хүмүүс, ядарсан эмэгтэйчүүдийнхээ зургийг даян дэлхийгээр нэг цацаж гуйлга гуйв.
Дараа нь “бид ардчиллаа хөгжүүлэх гэсэн чинь энэ муусайн хуучинсаг коммунистууд саад болоод байна. Биднийг дэмжээд өг” гэв. Ингээд олон улсын түвшинд дэмжиж гарав. Монголыг насанд хүрээгүй байхад нь томчуудын эгнээнд оруулав. Ингээд “ардчиллын эрх хүүхэд” төрөн гарав. Барууныхан “ардчилсан” хүүхдээ бол өмөөрдөг, “хуучин” хүүхдийг бол “зоддог” хоёрдмол стандарттай хүмүүс аж. Уг нь бол шалтгаан илүү гүнд байсан юм.
Нэг хэсэг манай улс их ядарсан нь үнэн. Гэхдээ шалтгаан нь социализмын буруугаас биш, харин социализмын хураасан буянг хэдхэн хүн хулгай хийж, хувьдаа завшсанаас болж ядуурсан билээ. Одоо тэр хүмүүс ардчилал ярьж улс төр хийж байна.
Өөр нэг шалтгаан нь төр засгийн удирдлагыг зөнд нь хаясан явдал байлаа. Үүнийгээ ардчиллын хүндрэл бэрхшээлээр халхалж байв.
Барууны мэргэжилтнүүд монголын нийгмийн онцлогийг огт мэдэхгүй байв. Тэдний олонхи монголыг барууны загвараар удирдахыг оролдов. Оросуудын алдааг тэд давтжээ. Яагаад гэвэл монголын нийгмийг монгол аргаар удирддаг гэдгийг тэд мэдсэнгүй.
Тэд өөрийнхөө арга зүйгээр баахан судалгаа явуулж баахан мөнгө үрэв. Яг үнэндээ бол манай нийгмийн мөн чанарт хүрсэн чанартай судалгаа бараг байхгүй.
Хэрэв “үнэн зөв” судалгаа хийсэн гэж маргах хоншоортой хүн байвал судалгаа болон нэрээ ил тод хэлээд надтай заргалдаж болно шүү…
Нөгөө талаас манайхан экспертүүдэд хэт итгэх болов. Барууны мэргэжилтэн юу хэлбэл Бурхны зарлиг болов. Юу авчир гэвэл улсын нууц мууц гэж байхгүй болов. Дээр ярьсан “мэргэжилтэнд итгэх” сэтгэл зүй үйлчилж байгаа нь тэр.
Барууны мэргэжилтэнд мэдээлэл өгвөл ажлаа хийсэн болдог, Орос, Хятадад өгвөл эх орноосоо урвасанд тооцдог юм шиг ээ. Энд би Орос, Хятадад өгөхийг зөв гэж байгаа юм биш, харин хэнд нь өгөхөөр сайшаагаад, Баабар мэт нь цалин авч болоод байдаг, хэнд нь өгөхөөр эх орноосоо урвагч болж шийтгүүлдэг ялгааны тухай л ярьж байна.
Сүүлдээ манай бүх юм экспертийнх болов. Одоо Монголчууд төрөө удирдаж чадахгүй юм чинь, гадаадынхнаар удирдуулъя гэж үзэл санаа илт дэлгэрэх болов. Монгол юм гэж оргүй болов. Помпиду үнэн хэлжээ.
Анхны хичээл ба үр дүн
Одоо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал дээр Монгол Улсын ардчилсан туршлагыг судлах гээд дэлхийн хар мянган улс цуглаад байна. Манайхан мөн ч олон жил дэлхий дахиныг хуурч ирсэн дээ. Одоо юугаа хэлж, хуйхаа маажихыг бүү мэд.
Ямар ч гэсэн би 1991 онд бидэнд “зааж өгсөн” ардчиллын “хичээлийг” сануулъя гэж бодож байна. Манайхан өөрсдөө тунгаана биз…
Америкийн Хөгжлийн агентлагаас “Ардчилал гэж юу вэ?” гэсэн 20-иодхон хуудастай бэсрэг номыг олон мянган хувь хэвлэж Монгол даяар тараасан юм. Монгол хүн үүнээс “зузаан” ном уншдаггүй гэдгийг харгалзсан бололтой. Тухайн үед энэ ном бүх хүний, ялангуяа ардчилагчдын ширээний ном болсон юм. Яг л “Бо намын” түүх шиг. (большевик гэсэн үг.)
Энэ номонд ардчиллын “тулгуур багана” болох 11 шалгуур үзүүлэлт байдаг юм. Бидэнд ингэж л “зааж” өгсөн. Одоо ч гэсэн зөв хэвээрээ. Энэ байна:
1. Ард түмний бүрэн эрх.
2. Удирдуулж байгаа хүн ардынхаа итгэлийн хүлээсэн Засгийн Газар.
3. Олонхийн засаглал.
4. Цөөнхийн эрх.
5. Хүний үндсэн эрхийг баталгаатай хангах.
6. Чөлөөтэй бөгөөд шударга сонгууль.
7. Хуулийн өмнө адил тэгш байх.
8. Шүүх ажиллагаа зохих ёсоор явуулах.
9. Засгийн эрх мэдлийг Үндсэн Хуулиар хязгаарлах.
10. Нийгэм, эдийн засаг, улс төрийн олон ургальч үзэл.
11. Хүлээцтэй байх, хамтран ажиллах, харилцан буулт хийх.
Энд би үзүүлэлт тус бүрээр нь дүгнэлт бичсэн байснаа больчихлоо. Харин Таныг эдгээр үзүүлэлт болгоноор дүгнээд үзэхийг хүсч байна. “Олигтой юм” гарахгүй л болов уу даа. Зарим үед судалгааны дүгнэлттэй дүгнэлтгүй ард түмэн өөрөө дүгнэж яагаад болохгүй гэж…
Ямар ч гэсэн монголын ардчилал дэлхий дахинд үлгэр жишээ болж байгаа гэдэг өөрийгөө ч, олон улсыг ч хуурсан үлгэрээ зогсоох цаг болсон.
Тэхээр туршлага ярьмаар санагдаад байвал энэ алдаагаа ярьсан нь ардчилах гэж буй олон улсад, бас дэлхийн олон зуун сая хүнд хэрэгтэй байх. Харин “амжилт” бол арай л биш…
Яагаад гэвэл энэ намар, дараа жилээс юу болох нь ойлгомжтой байхад хоёрын хооронд худал хэлээд яахав дээ…
Жич: Энэ хурал дээр Монголын талаас тавьж байгаа илтгэлүүдийг нарийвчлан шинжилнэ гэдгээ илэрхийлж байна. Яахийг нь хараарай л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 26.
URL: