Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөнөөс ухарчээ
Reporters Without Borders буюу “Хил хязгааргүй сэтгүүлчид” ашгийн бус байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны индексийг гаргажээ. Энэ үзүүлэлтээр манай улс өмнөх жилийнхээс хоёр байраар ухарч 98 дугаарт жагссан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө жил ирэх тусам хумигдаж байгаа гэсэн үг. 2012 онд мөн л буурч 179 орноос 100-д бичигдээд байсан юм. Хэвлэлийн эрх чөлөөний индекс нь дэлхийн улс орнуудын эрх чөлөөний индексийг тооцоход ихээхэн нөлөөлдөг.
Скандинавын улсууд болон Канад улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр тогтмол дээгүүр явдаг. Харин Хятад, Хойд Солонгос болон Ойрхи дорнодын дотоодын үймээн самуунтай улсууд мэдээллийн эрх чөлөөг уландаа гишгэсэн хэвээр байгааг Reporters Without Borders онцолжээ.
Монгол Улсын хувьд Ардчилсан хэмээх тодотгол бүхий Ерөнхийлөгчтэй болоод дөрвөн жилийн нүүр үзэж байгаа. 2012 оноос эхлэн Ардчилсан намынхан УИХ, Засгийн газрыг үндсэнд нь удирдаж байна. Түүнчлэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын Бага хурал хэмээх дэлхийн улс орнуудын 1000 гаруй төлөөлөгчийг цуглуулсан нүсэр арга хэмжээ Монголд болж өнгөрлөө. Энэ бүхнийг хөндлөнгөөс харвал манай улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөө туйлдаа хүртэл хөгжиж байна гэж ойлгогдоно. Одоогийн төр засгийн эрхэнд байгаа эрхмүүд ч “Монгол бол ардчилал, эрх чөлөөний эх орон” хэмээн гайхуулан шагшицгааж байна. Гэтэл дэлхийн улс орнуудын эрх чөлөөний индексийн үндэс болдог Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө ухарсан дүн үзүүлжээ.
Б.ОНОН
Зууны мэдээ
URL: