Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоов

Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Батболд, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Баясгалан, хуулийн зөвлөх Д.Намсрайжав нар Тавантолгойн Ухаа худагаас Гашуун сухайт боомтын чиглэлийн нүүрсний тээврийн замыг хаах шийдвэр гаргасан тухай мэдээлэл хийлээ.

Дээрх чиглэлийн тээврийн зам нь ашиглалтад эцэслэн ороогүйн дээр стандартын зохих шаардлагуудыг хангаагүйн улмаас байгаль орчинд ихээхэн хор уршиг учруулж, ноцтой осол аваар гарах үндсэн нөхцөл болоод байгаа билээ. Өнгөрөгч онд гэхэд уг зам дээр 31 осол гарсны улмаас 23 хүний амь нас эрсэдсэний гурав нь БНХАУ-ын иргэн байжээ. Энэ оны эхний улирлын байдлаар 12 осол гарснаас мөн гурван хятад иргэн нас бараад байна.

Ухаа худагаас Гашуун сухайтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үндсэн замаас гадна нэг км хүртэл өргөнтэй 6-8 салаа зам шинээр гарсан нь байгаль орчныг сүйтгэн, тухайн бүс нутагт асар их тоосжилт үүсгээд зогсохгүй зам тээврийн осолд ч ноцтой нөлөөлж байгаа аж. Дээрх олон салаа замаас босох их шороо нь жолооч нарын үзэгдэх орчныг үлэмж хязгаарлах болсны улмаар өмнөх машинаа харахгүй осол гаргах хэмжээнд хүрчээ.

Энэ мэт зөрчил дутагдал хэрээс хэтэрснийг нотлох шалгалтын дүнг үндэслэн ЗТБХБЯ-наас өгсөн үүрэг даалгаврын дагуу Авто тээврийн газар нүүрс тээвэрлэлтийг зогсоох шийдвэр гарган, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлсэн байна. Гэхдээ эхний ээлжинд Ухаа худгаас Цагаан хад хүртэлх тээвэрлэлтийг зогсоох аж. Гашуун сухайтаас 25 км-ийн наана байрладаг Цагаан хад дахь хилийн хяналтын талбайд хураагдсан нүүрс их байгаа учир түүнийг гаргаж дуустал замыг хаахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Хураагдсан нүүрсийг өдөрт 350 машинаар зөөхөд сар орчмын хугацаа шаардлагатай бөгөөд дуусмагц Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх замыг хаах юм. Тээврийн замыг хааснаар уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хохирол гарах ч үүнээс илүүтэй эрдэнэт хүний амь нас, байгаль экологи чухал учир зайлшгүй дагаж мөрдөх ёстойг анхааруулсан шаардлага компаниудад мөн хүргүүлжээ.

Нүүрсний тээврийн замыг хааж буй нь анхны удаагийнх биш бөгөөд Гашуун сухайт болон Сүхбаатар аймгийн Бичигт зэрэг боомтын чиглэлийн замыг дөрвөн ч удаа хааж байсан. Гэсэн ч уурхайн компаниудад учирсан хохирсон хохирлыг хэрхэн тухай зохицуулалт байхгүй учир хэсэг хугацааны дараа хориг цуцлагдаж байв. Энэ удаад дахин “үзүүлэх тоглолт” болохгүй гэх баталгаа бий эсэхийг асуухад “Олон улсын практикт ашигт малтмалын тээврийн замыг тусгайлан барьж ашигладаг. Тиймээс Авто тээврийн тухай, Замын тухай хуулиудад ийм тусгай зам тавьж, түүгээр зорчих талаар заалт оруулахаар ажиллаж байна. Зориулалтын замаа ашиглалтанд оруултал хоригийг цуцлахгүй” гэсэн хариултыг өгч байв. Тавантолгой дахь нүүрс тээвэрлэлтийн зориулалтын замыг манай улсад мөрдөгдөж буй стандартаас давсан чанартай барьж, ирэх наймдугаар сард ашиглалтанд бүрэн оруулах амлалтыг компаниуд аж.

Олон салаа зам гарч, хөдөөгийн хөрсийг эргүүлсний хор хэмжээг аймгийн Байгаль орчны мэргэжлийн хяналтын байцаагчид тооцож, холбогдох байгууллагуудаар нөхөн сэргээлт хийлгэх юм байна.

Н.Гантуяа

сонин


URL:

Сэтгэгдэл бичих