Манай улсын хоёр иргэн цахим худалдан авалт хийх гэж байгаад 7500 ам.доллараа дани иргэдэд алджээ
Арилжааны банкуудын Вестерн Юнионы гүйлгээг ашиглаж байгаад хохирсон гэх иргэдийн хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, манай улсын иргэд интернет худалдааны вэб сайтад тавигдсан эд зүйлсийг худалдан авахаар таньж мэдэхгүй хүмүүстэй харилцаж улмаар залилагч этгээдийн санал болгосон Вестерн Юнион гэх хуурамч сайт уруу нэвтрэн гүйлгээгээний талаархи мэдээллийг өгч, мөнгө шилжүүлснээр энэ гэмт хэргийн хохирогч болох болсон байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхний мэдээлснээр одоогоор манай улсын хоёр иргэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болчихоод буй аж. Тэд дээрх үйлчилгээг сонгон Дани улс руу гүйлгээ хийснээс 7500 ам.доллараа алджээ. Түүнчлэн сүүлийн үед ийм төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа ба ЦЕГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
-Хэнд, ямар зориулалтаар мөнгө шилжүүлж байгаа талаар банкны ажилтанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөгөө авах,
-Интернетээр танилцсан үл таних хүнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан худалдаа хийхдээ бараа бүтээгдэхүүний төлбөрөө урьдчилан шилжүүлэхгүй байх,
-Үл таних гадаад, дотоодын иргэнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан шилжүүлсэн гүйлгээний баримт, мөнгө хүлээн авах нууц асуулт, хариултаа мэдээлэхгүй, өгөхгүй байх,
-Хуурамч веб сайт руу мөнгө хүлээн авах нууц асуулт, хариулт зэрэг холбогдох мэдээлэлүүдээ оруулж шалгахгүй байхыг зөвлөж, сэрэмжлүүлж байна.
А.Ариун
Нийгмийн толь
URL: