Монгол ямар олон “од”-той болоо вэ?

2013041910tД.БИЧЭЭЧХҮҮ

Нэгэн сүртэй зарын хуудас байна. “Энхийн наран” бүх оддын тоглолт Монгол бөхийн өргөөнд болно гэж асар томоор бичиж. Бас 50-60 хүний зураг ярайж байх юм. Тэр бүгд од байх нь. Таних “амьтан” байна уу гэж ажлаа. Нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг гавьяат жүжигчин С.Бат­сүх, Г.Батбаяр (морины хэмээх), У.Далантай на­рын зураг эхэнд нь заларч харагдана. Ахиулаад хар­лаа. Яахав телевиз, радио­гоор дуулсаар байгаад нүд­нээ танил болсон Б.Болд­баатар, Э.Төрмандах, Д.Жав­хаасайхан, Д.Үү­рийнтуяа мэтийн үзэгч­дийн танил зарим хараг­дана. Нөгөө “бүтээнэ сө­нөө­нө” гэж хашгирдаг С.Амараа, Латифийн хүү гэдгээр нь мэдэх Л.Байзда нар байх юм. За тэгээд цааш нь тэр гэж нэрлэх “амьтан” бараг алга. Тэгэ­хээр бид Монголынхоо урлагийн одуудыг тань­даг­гүй болж таарах нь гэж өөрийгөө голов. Гэтэл үгүй юм аа. Од гэдэг ойлголт Монголд ямар утгаар хэ­рэглэгдээд байна вэ гэсэн асуулт гарч ирж байна. Дэлхийд нэрд гарсан одуудын тухай ном, сониноос олонтаа уншиж байв. Тэд яах аргагүй л аль тивийн хэн ч мэдэх болсон хүмүүс байх юм билээ.

Майкль Жексон, Хьюс­тен, Леди Гага мэт. Кино дэлгэцийн од гэгддэг Шварцнеггер, Жулия Ро­бертс, Столеана гээд л цөөнгүйг нэрлэж болох­сон. Гэтэл Монголынхоо одыг нэрлээдэх гэвэл их бодох хэрэгтэй болох нь.

“Уяхан замба тивийн наран” дуугаар Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан их дуучин Н.Норовбанзад гээд л бараг зогсчихно доо. Түүний араас төрсөн сайн дуучид, жүжигчид бий л дээ. Тэд дэлхийн сон­годгуудыг Монголынхоо болон өөр орны тайзанд амилуулж алдаршсан ч “од” гэгдээгүй. Гэгдэхийг ч хичээдэггүй даруухан.

Яагаад даруухан гэвэл гадаадын олон театрын тайзанд алдартай ари романс олныг дуулсан ардын жүжигчин Х.Уртнасан, Д.Пүрэвдорж нар од болоогүй. Сүүлийн үед рок попынхны манлайд явдаг гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар зүгээр л уран бүтээлээ хийсээр явна. Өөрсдийгөө од гэж зарладаггүй шүү дээ. Тийм байтал дээрх зарлалын хуудсанд олон түмэн дуулдаг юм уу, уйлдаг ч юм уу мэдэхгүй нялзрайхан “амьтад” од болчихсон байх нь инээдэмтэй. Солгой, сөөнгө хоолойтой ч бай хамаагүй том уран бүтээлч шиг тайлан тоглолт хийж самбаганана. Тэгэхээр нь “Соёлын тэргүүний ажилтан” гэдэг үнэгүй болсон цолыг баруун зүүнгүй өгөөд л. Дараа нь тэд өөрийгөө од гээд бодчихно.

Хошин шогийнхон бас бүгдээрээ “од” юм гэнэ лээ. Соёлын төв өргөөнд, Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордны үүдэнд байнга байдаг зарын самбарт бас л хошин шогийн бүх одод оролцоно гэсэн бичээс харагддаг. Ингээд бодохоор манай “од”-ууд ерөнхийдөө Соёлын төв өргөө, Үйлдвэрчний соёлын төв ордон, Монгол бөхийн өргөө гэсэн жижигхэн гурвалжин дундаас л гялалзах гээд байгаа юм биш үү. Тасалбараа ах дүү, танил талдаа шахаж байж нэг тоглолторхуу юм хийчихээд л “од” болдог дуучин, хошин шогийн марзаганал дунд жаахан навсганасан жүжигчин гэх нөхөр “од” гэж цоллуулахдаа ичдэг ч болоосой. Яая гэхэв зарим нь л од юм гэж бодъё. Гэхдээ өдөр байтугай шөнө ч сүүмэлзэхгүй одыг хэн од гэх юм бэ.

Одоо спортод бас “од” олшрох нь. Сагсан бөмбөгийн супер лигийн тоглолтын зарыг үзлээ. Уг  тоглолтод бас бүх одод оролцох гэнэ. Цагираганд бөмбөг шиддэг бүхэн од болж таарав. Түүний оронд олимп, дэлхийн аварга болсон тамирчнаа харин од гэвэл арай дээр дээ. Ингэхээр Монгол дэндүү олон “од”-той юм. Тэнгэрийн одтой л дүймээр.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих