Монголын газрын зургийг Хятадад дуудлагаар худалдана

imagesрхгн05Мин гүрний үеийн торгоны замыг зурагласан, 30 метр урт, Монголын газрын зургийг Бээжингийн дуудлага худалдааны танхимд байрлууллаа. 500 жилийн өмнө бүтээгдсэн тус зургийн үнийг 80 сая юанаас эхлэн дуудах ажээ.

Бао Лигийн хаврын дуудлага худалдаа хэмээн ихээхэн алдаршсан тус арга хэмжээний энэ жилийн гол чимэг нь Монголын газрын зураг ажээ. Уул усыг зураглах аргаар бүтээсэн, 0.59 метр өргөн, 30.12 метр урттай уг зурагт Мин гүрний үеийн Жиа Юй гуан боомт буюу Урт цагаан хэмийн баруун төгсгөлөөс Тянь Фан буюу одоогийн Саудын Араб хүртэлх 211 газрыг дүрсэлжээ. Ингэхдээ Хятад, Узбекстан, Тажикстан, Афганистан, Ливан, Тунис, Турк зэрэг 10 гаруй улсын газар нутгийг багтааж, их нарийн зурагласан бөгөөд “Дундад зууны дэлхийн газрын зураг” гэж нэрлэгдсэн байна. Зургийн ард Чин гүрний үеийн нэрт номын дэлгүүр “Шан Ютан”-ы бичсэн “Монголын уул усны зураг” гэсэн хятад ханзнууд хадаастай. Уг зургийг өнгөрөгч зууны 30-аад оны үед Японы Киотогийн хувийн нэрт музей болох Фүжисаи Юринканд хадгалж байжээ. 2002 онд Бээжинд авчирсны дараа анхны шинжилгээ хийж, Мин гүрний дунд үеийнх болохыг нотолсон байна. Бээжингийн их сургуулийн Археологийн тэнхмийн профессор Линь Мэйцүнь уг бүтээлийг 2004 оноос эхлэн найман жилийн турш судалж, 200 мянган үгтэй судалгааны бүтээл туурвиж, үнэ цэнийг нь олон нийтэд таниулсан байна. Газрын зураг дээрх газар усны нэр нь монгол, турк, перс, араб, грек, армен зэрэг есөн хэлнээс бүрджээ.

Б.Занданхүү /Хөххот/


URL:

Сэтгэгдэл бичих