Д.ЦОГЗОЛМАА: “Капитал” банк 504 сая төгрөгийг банкны алдаа гэж тайлбарласан
Монголын Энхтайван, найрамдлын холбооны хяналтын зөвлөлийн дарга Д.Цогзолмаатай энхтайван найрамдлын ордныг хууль бус байдлаар худалдагдсан талаар ярилцлаа.
-Энхтайван найрамдлын ордонг хууль бусаар худалдсан гэх мэдээлэл байгаа. Энэ асуудал өнөөдөр ямар байдалтай байна бэ?
-Энхтайван найрамдлын ордонг худалдсан асуудал анхан шатны шүүхэд байгаа. Бид дөрвөн удаа ялагдаж, хоёр удаа хойшилж, нэг удаа анхан шатны шүүхэд ялчихсан байна. Гэтэл чуулганы өмнө давж заалдах шатны шүүх хариулт тодорхой бус гэж анхан шатны шүүх рүү асуудлыг дахин буцаасан. Үүнийг ойлгохгүй байгаа. Уг нь бол бүх зүйл тодорхой байгаа юм. Хоёрхон даргыгаа 20 гаруй хүн дийлэхгүй хэцүүдсэн. Гэсэн хэдий ч хоёр даргатайгаа хамтарч ерөнхий чуулганаа энэ сарын 17-нд хийлээ. Үүнийг дагаад дүрэм журам, бүтэц өөрчлөгдөж шинэ удирдлагаууд томилогдож ажилдаа ороод байна. Чуулганд ордонг худалдсан асуудал яригдаж олонх гишүүд үүнд шүүмжлэлтэй хандсан. Харин хуучин удирдлага болох Д.Билэгт, Д.Цахилгаан нар нурж унах гэж байгаа барилгыг зарж мөнгөтэй болгосон гэх мэт өөрсдийнхөө байж боломгүй үйлдлээ зөвтгөж үг хэлж байсан. Бүрэн эрх нь дууссан байхад ордонг “Юнико” компанид худалдсан байдаг. Энэ бол яахын аргагүй хууль бус үйлдэл юм. Тиймээс шинэ удирдах зөвлөл асуудлыг нягталж худалдсан шийдвэрийг цуцалсан. Ордонг буцааж авах талаар “Юнико” компанид хэд хэдэн удаа хандсан боловч өнөөдрийн байдлаар хариу ирээгүй байна. Ямартай ч сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа огт явуулаагүй, эзэнгүй байгууллага эзэнтэй болсон. Гадны аудитын байгууллагаар санхүүгийн шалгалт хийлгэж мөн энхтайван найрамдлын ордоноо үнэлүүлсэн.
-Гадны аудитын байгууллагаар шалтгалт хийлгэсэн гэж байна. Шалгалтын хариу ямар үр дүнд хүргэсэн бэ?
-Санхүүгийн үйл ажиллагаа их догогдолтой гэсэн үр дүнд хүргэсэн. “Юнико” компани 800 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Үүний 200 гаруй сая төгрөгийг Д.Билэгт зарцуулжээ. 100 гаруй сая төгрөгийг холбооны үйл ажиллагаанд үлдсэнг нь хувьдаа ашигласан байна. Бүр хүн итгэмээргүй зүйл илэрсэн. Тэр нь байгууллагын тайланд ордонг 6.1 сая төгрөгөөр үнэлсэн байсан. 55 жилийн түүхтэй ордонг маш бага үнэлсэн байдал хэрээс хэтэрсэн үйлдэл юм. Үүнийг Д.Билэгт даргаас асуухад үл хөдлөх хөрөнгийн татвар их байдаг болохоор гэж хариулсан. Харин хуучны эвдэрч муудсан 69 маркийн машинг 23 саяар үнэлсэн гэх зэрэг зүйлүүд гарч ирсэн. Мөн “Капитал” банкинд байгууллагын хадгаламж нээлгэн ордонг худалдсан мөнгөө хадгалуулж хүүг нь өөрийнхөө данс руу шилжүүлж байсан. “Капитал” банк Д.Билэгт даргатай эрх ашгийн сонирхол нэгтэй байж магадгүй гэж хардаж байгаа. Учир нь Д.Билэгт дарга байгууллагын хадгаламж нээлгэхэд “Капитал” банк “Монгол банк”-наас гаргасан байгууллагын хадгаламж нээлгэх журмыг зөрчсөн байдаг. Түүнчлэн байгууллагын хадгаламж руу 504 сая төгрөг ороод буцаад гарсан байсан. “Капитал” банк 504 сая төгрөгийг банкны алдаа гэж тайлбарласан. Банк ийм алдаа гаргана гэж байхгүй. Тэр ч бүү хэл 50 төгрөгийг хүртэл алдаа гарган өөр данс руу шилжүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр алдаа биш нь ойлгомжтой. Энэ 504 сая төгрөгийн талаар “Капитал” банкнаас тодруулах гэхээр захирал өвчтэй байгаа, холбогдох бичиг баримтыг захирал авч явсан гэх тайлбар өгсөн. Ордонг худалдсан хоёр гэрээ ч байж магадгүй байгаа. Нэг нь нэг тэрбумын гэрээ нөгөө нь Д.Билэгт даргын “Юнико” компанитай хийсэн гэрээ гэж таамаглаж байна. Мөн ордонг худалдсан тэрбум төгрөгийн 200 сая төгрөг одоог хүртэл орж ирээгүй байна. Тэгэхээр ордонг “Юнико” компани эзэмших эрхгүй гэсэн үг. Ордонг бусад байгууллагад түрээслэдэг мөнгийг “Юнико” авдаг болоод удсан. Ямартай ч түүх болсон ордонгоо буцааж авах нэн тэргүүний хийх зүйл болоод байна.
-“Юнико” компанитай асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-“Юнико” компанитай харилцан тохиролцохыг зорьж байгаа. Ордонг хэт доогуур үнээр авсан нь тодорхой болсон. Манайд төлсөн мөнгийг нь буцааж олгож наймааг буцаах талаас нь шийдвэрлэхийг зорьж байна. Д.Билэгт даргад хувьдаа ашигласан мөнгөө өгвөл шүүх цагдаагаар хөөцөлдөхгүй гэж хэлсэн ч өнөөдрийн байдлаар олж өгөөгүй л байна. Хэрэв нэг тэрбум төгрөгөөс их мөнгө төлсөн бол өгсөн хүнээсээ авч ордонг буцааж өгөх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм.
-Энхтайван найрамдлын ордонг үнэлгээний компаниар үнэлүүлсэн гэж дурьдсан. Хэд орчин төгрөгөөр үнэлэгдсэн бэ?
-Үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй компаниар үнэлүүлсэн. Одоо яригдаж байгаа нэг тэрбум төгрөг гэдэг дүн бол ердөө л гурав хуваасны нэг байсан. Үнэлгээний компани ордонг 3.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Тэгэхээр “Юнико” компанид маш бага үнээр өгсөн байна гэж үзэж байгаа. Энх тайван найрамдлын холбоо маань төрөөс тусламж авдаггүй өөрөө өөрийгөө санхүүжүүлж ажилладаг. Санхүүжилтээ байраа түрээслэдэг мөнгөөр бүрдүүлдэг.
-Энхтайван найрамдлын ордны өмнө баригдсан барилгын талаар асуудлууд дуусдаггүй. Холбоонд амалж байсан давхаруудаа өгсөн үү?
-Өгөөгүй. Энэ барилга олон жилийн нүүр үзэж байгаа юм даг. Анх Д.Билэгт дарга энэ барилгыг холбооны өргөтгөл гэж сурталчлан гишүүн байгууллагуудад танилцуулж хандив авч байсан. Бид сайхан байртай болох юм байна гэж найдан боломжоороо тусалсан. Харин бидний толгойг угааж байгааг яаж мэдэх билээ. Эхлээд дөрвөн давхар баригдахад удахгүй дуусах юм байна гэж бодсон. Гэтэл дээшээ давхар нэмэгдээд эхэлсэн. Энэ юу болж байна гээд Д.Билэгт даргаас тодруулахад хотын төвд 14 доош давхар барилга бариулахгүй гээд байна гэсэн хариулт хэлсэн. Тийм юм байж болох гээд өнгөртөл нөгөө барилга дахиад л дээшээ баригдаж эхэлсэн. Тэгээд өнөөдрийн 17 давхар “Peace tower” баригдсан байгаа нь энэ юм. МХЕГ хүлээж аваагүй гэсэн. Аргагүй шүү дээ. Наанадаж явган хүний зам байхгүй байна. Эхний таван давхрыг холбоо авах байх гэтэл долоон давхрын найман өрөө бүхий 1100 метр.квадрат талбайг өгөхөөр болсон. Энэ талаар Д.Билэгтээс асуухад тэгж яриагүй гэж хариулсан юм. Ордны урьд болон хойд талын эзэмшлийн бүх газарт барилга баригдсан. Урьд талын барилгад 10 гишүүн байгууллага нэг өрөөнд байрлаж үйл ажиллагаа явуулна гэсэн. Тэр жижиг өрөөнд тэр олон байгууллага яаж багтаж билээ. Одоо байгаа ганц зүйл хууль бусаар зарагдсан ордон юм.
-Ордны эзэмшлийн хойд талын газруудад барилга баригдсан байдаг. Энэ хэзээ барилгатай болсон юм бол?
-Нийт 0.9 га газар ордны эзэмшилд байсан. Түүнээс 2000 он гарахын өмнөхөн хуучин хотын захирагч Ц.Батбаярын дүүгийнхэн компани авч орон сууц барьсан. Тухайн үед тус компанитай ойрын хүн надад 20 сая төгрөгөөр авсан гэж хэлж байсан. Харин нөгөө хэсгийг 2004 онд ордон дотор өрөө түрээсэлдэг байсан барилгын зураг төсөл гүйцэтгэдэг компани авч зургаан давхар барилга барьсан. Газар эзэмших эрхийг нь Д.Билэгт дарга шилжүүлсэн байсан. Харин өмнөх барилга болон ордны газар эзэмших эрхийг газрын алба шилжүүлж өгөөгүй нь бидэнд давуу байдлыг үүсгэж байгаа. Д.Билэгт дарга өнгөрсөн нэг сард ордны газрыг “Юнико” компанид шилжүүлж өгөх өргөдөл гаргасан байсан. Гэтэл маргаантай байгаа гээд шилжүүлж өгөөгүй юм билээ.
-Энхтайван найрамдлын холбооны цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулвал?
-Үйл ажиллагаа сэргээж байгаа. Бид хуучин ажиллаж байсан ажиллагсдаа халаагүй. Энэ нь ажиллагсдаа үнэлж байгаагийн илрэл юм. Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлж, сан, хөмрөгийг арвижуулах “Энхтайван, найрамдлын сан” байгуулахаар тогтсон. Түүнчлэн гишүүн байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа явуулахаар болсон.
“NT” © Г.Золбоо
URL: