Гандангийнхан юу хүсэв?

 

Гандангийнхан 2013 оны 4-р сарын 6-ны өдрийн санал асуулга хэмээх сонгуульд оролцохоос татгалзаж энэ өдөр хүсэлтээ хороо, дүүрэг, нийслэлийн засаг даргад хүсэв. Ингэхэд Гандангийнхан юу хүсэв. Гандангийнхан юу ч хүсээгүй.
Гандангийнхан Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг даргаас Э.Бат-Үүлээс ганцхан зүйлийг хүсэв. Амлаж байсан ёсоороо дэд бүтцэд холбож, ардчиллын болон амьдралын минь үнэт зүйл болсон алга дарам газрыг минь хэвээр үлдээж өгөхийг л хүсэв.
Өөрөө зүтгээд үзээрэй 
Зах зээлийн нийгэмд дээрээ татах хүчгүй хүн, мөнгө багатай төр хоёр орон сууц авах, өгөх боломж хаана хаанаа хэцүү. Орон сууцныхаа асуудлыг иргэд өөрсдөө шийдэхээс арга үгүйд хүрдэг нь энэ нийгмийн бичигдээгүй хууль. Ийм гашуун үнэнийг мэдсэн хэн боловч бодож, сэтгэж, хөдөлж, зүтгэхээс өөр аргагүй.
Би хүүхдүүдийнхээ хамт 2010 оноос хувийн газартаа амины орон сууц барихаар зураг төсөл хийлгэж багахан мөнгөнийхөө хэмжээнд хөдөлсөн. Гандангийн дэнжид хоёр давхараас илүү өндөр барилга баригдахгүй гэснээр хоёрыг, дараа жилд нь гурав болно гэхээр тэр хэмжээнд нь барьсан.
Гандангийн дэнжид оногдсон газар багыг бодолцож зоорийн давхартаа машины зогсоолтой барьсан. Эхлээд намайг барилга барьж эхлэхэд зарим нөхөд маань чи хэтэрхий зүрхтэй байна. Ийм нүсэр ажлыг өөрийн барилгын байгууллагагүй байж яаж хийж гүйцэтгэх гэж байгаа юм гэх хүн ч байсан.
Үнэхээр хэцүү хүнд юм олон л тохиолдсон. Гэвч зүтгэсээр байгаад энэ ажлын ард нь бүрэн гараагүй ч оройгоор нь давж нөгөө бэл рүү уруудаж байна. Монголчууд “айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг” гэцгээдэг энэ үгээ ч баримталж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.
Гандангийн дэнжийнхэн бүхэлдээ айл хөрш, холгүй саахалтынхан шүү дээ. Одоо хувийн газартаа барилга барих, бариулах гэж байгаа айл саахалтынхантайгаа санаа бодлоо хуваалцах гэсэн юм.
Миний бодлоор, барилгаа барих материалаа сонгосоны дараа зураг төслөө зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүнээр сайн хийлгэж, зураг төслийнхөө дагуу чанартай материалаар, гүйцэтгэлийг зөв шилдэг технологоор хийх ёстой байх аа.
Барилгын бүх хийц гүйцэтгэлийг чанартай, бэх бат хийхийн тулд үнийн жижиг наана цаана зөрөөг хэтэрхий харж болдоггүй. “Харамч хүн хоёр дахин төлдөг” гэдэг үгийг ажил алхам тутамдаа үргэлж бодож байхад илүүдэхгүй. Барилгын ажлаа хам хум, яарч сандарч хиймээргүй юм билээ.
Монголчууд “Баран идэхээр мэрэн ид” гэдэг дээ. Энэ үгийг ажлаа зөв дэс дараалалтай, зогсолтгүй, нягт нямбай хийхийг сануулж байна гэж бид ойлгодог. Барилгаа он удаан жилийн эдэлгээтэй, дулааны алдагдалгүй, инженерийн шугам сүлжээнд холбогдохоор бүх нөхцөл хангасан байхаар баривал их сайн.
Өөрсдөө орон сууцаа барих, бариулах гэж бодож байгаа хүн бүрийг зоригтой ажлаа эхлээсэй гэж боддог. Манай хорооныхон агаар хөрсний бохирдлоосоо хурдхан салмаар байна. Хийе бүтээе гэсэн хүнд саад болох хэн нэгэн байдаг ч тусалж дэмждэг нь хавьгүй олон шүү.
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд Гандангийн дэнжийг хамруулсан нь сайн хэрэг. Гэхдээ дахин төлөвлөлтийн цаана байгаа ашиг олох гэсэн зарим нөхдийн идэш бас болмооргүй байна. Энд айл өрх бүрийг өөрөө байраа барихыг уриалсангүй. Хүн хүний санаа бодол өөр л дөө.
Бэлэн барьсан орон сууцанд газраа өгөөд орохыг хүсэгчид цөөнгүй байгаа биз. Аливаа ажил асуудлыг нэг өнцгөөс харж нэг аргаар шийдвэрлэх нь учир дутагдалтай. Бидэнд хувьчилж өгсөн багахан газар маань Монголын нутаг дэвсгэртэй зүйрлэвэл алгын чинээхэн.
“Чамлахаар чанга атга” гэгчээр үүнийгээ одоогийн хэлдэгээр өөр өөрийн аргаар “чулуу” болгочих юмсан. Та бүхний хашааны газар инженерийн шугам сүлжээнд холбогдохоор үнэ ханш нь өсөж үнэхээрийн алт болно гэсэн утгатай үгийг одоогийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл маань 2012 оны сонгуулийн өмнө нь ч, дараа нь ч ярьж байсан.
“Эр хүн хэлсэндээ эмээлт морь хариасандаа” гэдэг нэг сайхан үг бий. Энэ зөв бодлого мөнгөний шуналын их үерт буруу тийшээ урсаад явчихгүй байгаасай.
Баянгол дүүргийн 16-р хорооны иргэн Ү.Бямбаа
Эх сурвалж: “Хөх толбо”

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих