“Хөөсөрсөн” эдийн засаг
Эдийн засаг сэргэх эсэх нь Хятадын зах зээлээс хамаарна
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал ямар байна вэ? Үүнд цөөн хэдэн үгээр хариулт хийе. Өнгөрсөн оны эцсээр манай улсын эдийн засгийн өсөлтийн хурд 12.3 хувь байв. Үүнийг 2011 оны 17.5 хувийн өсөлттэй харьцуулахад саарсан үзүүлэлт юм.
Уг нь эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн онд 15-16 хувьтай байна гэж Засгийн газар тооцоолсон. Энэ бол тийм ч чамлахаар үзүүлэлт биш. Эдийн засгийн өсөлтөөрөө манайхтай тун ойролцоо улс бол Хятадын өмнөд тэнгист байдаг Макао.
Тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 13 хувьтай байв. Дэлхийн эдийн засгийн томоохон судалгааны агентлагууд “Монголын эдийн засаг ойрын 10-15 жилд тогтвортой өсч дэлхийд тэргүүлэх болно” хэмээн мэдээлсээр байгаа.
Энэ нь Монголын уул уурхайгаас ойрын үед орох их хэмжээний орлого, хөрөнгө оруулалттай холбоотой юм. Тухайлбал, Монгол Улс зэс, алт, нүүрсний олборлолтонд ихээхэн найдлага тавьж байна. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг 2013 онд 16.4 хувиар өсөх тооцоог гаргажээ.
Харин Засгийн газар 18.5 хувиар өснө хэмээн тооцоолжээ. Товчхондоо манай улсын эдийн засгийн төлөв байдлыг их өөдрөгөөр харсан хэрэг. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх гадаад хүчин зүйл нь Хятад улсын эдийн засгийн өсөлт гэдгийг бид санах хэрэгтэй.
Учир нь манай улсын гадаад худалдаа тодруулбал, уул уухайн бүтээгдэхүүний 93 орчим хувийг энэ улс шингээдэг. Гэвч тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 7.5 хувь байхаар тооцоолжээ. Хамгийн сүүлийн үеийн гаргасан тайлангаар Хятадын эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүрэхээр тооцоолсон байна.
Угтаа Хятад улсын эдийн засаг өндөр өсөлттэй, дотоодын түүхий эдийн эрэлт хэрэгцээ нь өнгөрсөн оных шиг зогсонги байдалд орохгүй бол манай улсад ашигтай. Тодруулбал, өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байх нь Хятадын эдийн засгаас шууд шалтгаалах нь илэрхий.
Одоо Хятад улс нүүрсний импортоор дэлхийд тэргүүлж, коксжих нүүрсний хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт орж байна. Тус улс 2011 онд 44.7 сая тонн нүүрс импортолсон бол 2012 онд 53.6 сая тонн болтлоо өсчээ.
Мөн Монголын нүүрсний экспорт 2011 онд 20 сая тонныг давж, Хятадад нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээр Австралийг ардаа орхисон. Харин 2012 онд Хятадын коксжих нүүрсний нийт импортын 36 хувийг Монгол Улс дангаараа нийлүүлсэн байна.
Манай улсын уул уурхайн олборлох салбарын бүтээгдэхүүний эзлэх хувь 2008 онд 56 хувь байсан бол 2012 онд 67 хувь болж өсчээ. Монгол Улсын экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний 91.3 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлжээ.
Түүнчлэн уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн олборлолт байнга өссөөр байна. Тухайлбал, өнгөрсөн онд 5.2 сая тонн төмрийн хүдэр, 31.1 сая тонн нүүрс олборложээ.
Хөрөнгө оруулалтын хувьд 2010-2012 онуудад 1.070-1.610 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Харин энэ онд 630 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурахаар тооцсон нь Оюутолгойн төсөлтэй холбоотой юм.
Хуурамч эдийн засгийн өсөлт
Дээрх хэдэн тоо баримт дурддагийн учир нь Монголын эдийн засаг ердөө л “савангийн хөөс” шиг гэж хэлэх гэсэн хэрэг. Монголд байгалийн асар их баялаг бий. Үүнд сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчид цөөнгүй бий.
Тиймээс Монголд, ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь маш ашигтай гэсэн ойлголт тэдэнд бий. Нөгөөтэйгүүр Монголын эдийн засгийн одоогийн болоод ирээдүйн өсөлтийн дүр төрх дэлхийн бизнесийг толгойлох компаниудыг өөрийн эрхгүй татсаар байна.
Үүнийг олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагууд ч нотолсоор байгаа. Гэхдээ энэхүү нотолгоо хэр оновчтой бол? Улс орны эдийн засгийн хүчин чадавхийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эцсийн үр дүнгээр тооцдог бол Монгол Улс ноль буюу тэгд очно.
Зах зээлд шилжсэн 23 жилийн түүхээ эргэн харахад нэмүү өртөг буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэг ч үйлдвэр бий болоогүй гэхэд хилсдэхгүй. Одоогоор Монголын эдийн засаг дэлхийд “толгой цохино” хэмээн хэлэгдэж байгаа боловч угтаа энэ нь урвуу ойлголт юм.
Үүнийг бид сайн ухаарах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг авч яваа үзүүлэлт нь уул уурхайн олборлолтын түүхий бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн зонхилж байгаа. Түүнээс бид аж үйлдвэрийн боловсруулах салбарт ямар ч амжилт олоогүй.
Харин ч хуучин социализмын үеэсээ дордсон гэхэд болно. Тухайн үед Монгол Улс арьс ширээ бүрэн боловсруулж, гутлаа үйлдвэрлэдэг байсан. Нэхий, нэхий бүтээгдэхүүний үйлдвэртэй байв. Мөн байшин үйлдвэрлэх комбанитай байлаа.
Харин одоо юу байна? Нүүрсээ, зэсээ боловсруулахгүй экспортоор шууд гаргаж байна. Барилгын материалын хийц, эдлэлийг гадаадаас шууд авч байгаа. Дотооддоо ямар ч гутал, бөс даавуу үйлдвэрлээгүй хэвээр… Үүнийг эдийн засгийн хөгжил дэвшил гэж ойлгоход тун бэрх.
Гэтэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээд буй нь гайхалтай. Энэ бол ердөө л уул уурхайн олборлолтын үр дүнгээс үүссэн хуурамч эдийн засгийн өсөлт юм. Хэрэв уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үр дүнг эдийн засгийн үзүүлэлтээс хасчихвал Монголын эдийн засаг дэлхийд тэргүүлэх биш сүүлдэх нь гарцаагүй.
Уул уурхайн олборлолт зогсвол улсын төсөв хоосорно
Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засаг тун эмзэг. Тухайлбал хөдөө аж ахуйн салбар байна. Зуд болбол мал хорогдоно. Ган болбол газар тариалан сүйрнэ. Уул уурхайн олборлолт зогсвол улсын төсөв хоосорно. Товчхондоо ийм л байгаа.
Бид өнгөрсөн 2000-2001 оны өвөл нүүрлэсэн зудыг эргэн саная. Тэр зуднаар манай улсын үнэт баялаг болсон таван сая мал үгүй болсон. Одоо улсын сан хөмрөгт овоо мөнгө оруулдаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани “Элгээрээ мөлхөв”.
Хэзээ сэхэл авахыг бүү мэд. Оюутолгой төсөл овоо ахицтай явж байснаа хөрөнгө оруулалтын гэрээ, энээ тэрээ гээд бараг зогсонги байдалд орчихов. Мөн импортын шатахууны асуудал гэж нэг юм бий.
Одоогоор Монголын Засгийн газар гурван сарын шатахууны нөөцтэй хэмээн мэдэгдэж байгаа боловч ОХУ тодруулбал, “Роснефть” Монголд нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтээ зогсоочихвол манай улсын эдийн засаг сүйрэх нь гарцаагүй.
Мөн гадаад өр зээл гэж тун ярвигтай асуудал бий. Өнгөрсөн оны 12 дугаар сард дэлхийн санхүүгийн зах зээлээс босгосон Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бонд байгаа. Үүний үр ашиг хэзээ гарах нь бүрхэг. Юутай ч энэ бондын хүүд Монгол Улс хоногт 196.000 ам.доллар буюу 270 сая төгрөг төлж байгаа.
Мөн Засгийн газрын Хөгжлийн банкны өр зээл бий. Үүний өр зээл, хүүг улсын төсвөөс төлсөөр ирсэн. Эдийн засагч Жаргалсайханы хэлснээр Монгол Улсын гадаад өр ззэл хуучин ЗХУ-д шилжсэн их өрөөс “хэтэрсэн дуулдана. Ичих ч үгүй, улс төржих ч үгүй хэлэхэд өнөөдрийн Монголын эдийн засгийн өнгө төрх иймэрхүү л байна.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: