Эрх баригчдын сэхүүн зан нүүрсний зах зээлийг хаалаа

АН төрийн эрх барьж байгаа цагт дараа дараагийн Засгийн газар ч энэ хаалгыг нээнэ гэж байхгүй. Харин АН- аас өөр улстөрийн хүчин төрийн эрхийг авсан цагт нүүрсний зах зээл эргээд сэргэх болов уу. Нүүрс бол бидний хувьд боломжийн зах зээл байсан төдийгүй, төсөвт багагүй мөнгө оруулдаг байв. Тухайлбал, өнгөрөгч 2012 оны төсөвт нүүрснээс 800 тэрбум төгрөг оруулна хэмээн тусгасан нь биеллээ олсон бололтой юм. Харин 2013 оны төсөвт нэг их наяд 100 тэрбум төгрөг оруулна гэсэн нь энэ удаад лавтай талаар боллоо. Одоо төсөвт тусгасан энэ их мөнгийг юугаар нөхөж бөглөх вэ гэдэг нь Засгийн газарт томоохон шаналгаа болох нь дамжиггүй. Бодоход өнөөх л “Чингис” бондын хэмээх мөнгө рүүгээ гар дүрэх байх даа. Энэ нэг үйлтэй зээл нь хаашаа ч хөдлөхгүй байсаар төсвийн алдагдал, энд тэндэх онгорхой цоорхой нөхсөөр дуусч, бид ихээхэн өртэй үлдэх нь ойлгомжтой болж байх шиг. Гэтэл түрүүчээсээ эхлээд хөрөнгө оруулагчид нэрээ татаж байгаа энэ үед “Чингис” бондын нэр ч дэлхийн зах зээл дээр багагүй унаж, улмаар хүү нь өсөх байх. Өнгөрөгч гуравдугаар сард бондын хүү гэнэт өссөн нь үүнийг төвөггүйхэн гэрчилнэ. Бид нүүрсээ хятадад хямд үнээр өгч байна, үүнийг болиул хэмээн иргэний хөдөлгөөнөөс эхлээд мулгуу улстөрчид хүртэл цээжээ дэлдэж байсан. Өнөөдөр энэ цээжээ дэлдэгсдээс Г.Уянга, Ж.Батзандан гээд нөхдүүд ийн хашхирсаар байгаад УИХ-ын гишүүн болчихсон л сууна. Тавантолгойн орд газрыг 100 хувь ард түмэнд эзэмшүүлнэ хэмээсэн хөдөлгөөнд нэгдсэн тэнэг гишүүд ч өнөөдөр энд  сууж л байна. Тэр ч бүү хэл нүүрсний зах зээлээ хаах бодлого явуулж байсан Д.Ганхуяг Уул уурхайн, С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд болчихсон буй. Энэ нөхөд одоо чухам юугаа бодож суудгийг ёстой л тэнгэр мэдэх хэрэг болчихлоо. Тэр Тавантолгойгоо одоо яах вэ. Ард түмэнд 100 хувь эзэмшүүллээ гээд бид яах юм, хэдэн шуудай бариад Өмнөговийг зорих уу. Дэлхий нийт цахилгаан эрчим хүчний эх үүсвэр хайж, нүүрснээс өөр зүйл олон байгааг судлаад мэдчихлээ. Магадгүй 20, 30 жилийн дараа нүүрс гэдэг зүйл хэрэглээнээс гарах нь дамжиггүй. Энэ нүүрсийг хэнээс юунд харамлана вэ. Борлогдож байгаа дээр нь борлуулах учиртай гэдгийг эрх биш мэдмээр юм даа. Эрчим хүчний эх үүсвэрийг өөр нэг зүйлээс гаргаад эхлэх юм бол Тавантолгой шиг орд газар мянга байгаад ч нэмэргүй шүү дээ. Яг энэ цаг дор УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан тэргүүтэй гишүүд, Д.Ганхуяг тэргүүтэй сайдуудаас энэ тухай лавлаж асуумаар байна. Хэчнээн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байж сая бид ашгийг нь хүртэх ёстой том орд. Гэтэл дээрх хэдэн улстөрчид Тавантолгойн орд газрын төдөн хувийг ард түмэн эзэмшүүлнэ гэсэн. Зарим нь бүр 100 хувь эзэмшүүлнэ гэсэн. Тэд чухам хаанаас энэ их мөнгийг гаргаж, Тавантолгойн орд газраа ашиглалтад оруулаад ард түмэнд 100 хувь эзэмшүүлэх гээд байгаа юм. Монгол Улсын бэл дутах аварга том орд газарт хөрөнгө хаячих тийм их мөнгөтэй түшээд үү гээд олон асуудал бий. Тэдний хувьд УИХ-ын гишүүн болох гэж, сайд болох гэж ийн аяглаж байсан нь өдгөө эргээд ард түмэндээ их л гай удаж байна. Магадгүй, наашлуулж эерэгээр бодох юм бол хятадууд айлгаж байхыг үгүйсгэхгүй ч нэгэнтээ Киргиз рүү гарцаа нээчихсэн учраас аль болох хямд өртөгтэй нүүрс авахыг л бодно. Манайхаас нүүрс авлаа ч өмнөхөөс гурав дахин бага хэмжээтэйг авах нь ойлгомжтой. Горьдлого тээн бодоход шүү дээ. Түүнээс биш нэг ширхэг ч нүүрс авахгүй байж болно. “Шинэчлэлийн” хэмээх гоё нэрийг өөрсдөдөө өгсөн Засгийн газрын явуулж буй гадаад бодлого ийнхүү өмнөд хөршийн дургүйг хүргэж чадлаа. Хилээ хаачихаагүй нь их юм гэж залбирахаас өөр арга алга. Хойд хөршүүдэд ч манай Засгийн газрын бодлого үл нийцэж, нефтийнхээ үнэд өөрчлөлт оруулсан. Тиймээс манай эрх баригчид сандрахдаа шатахуун импортлогчдод 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгон шатахууны үнийг барьсан санаатай. Энэ бол удаан настай зүйл биш, Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаашаас эхлээд л шатахууны үнэ тэнгэрт гарна гэдгийг судлаачид ам нэгтэй дуугарч байна. Үнэн хэрэгтээ оросууд шатахуунаа тэр мөрөөдөөд байгаа АНУ-аасаа ав гэвэл Засгийн газар маань юугаа хэлнэ вэ. Шинээр Засгийн газар байгуулагдаад АНУ-д сурсан гэх хэсэг нөхөд гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлэх гэж ийнхүү ард түмнийхээ бүсийг чангалахад хүргээд байна. Зах зээл, геополитекийн хувьд биднээс асар хол гуравдагч орнууд жижиг буурай орны эдийн засгийг өөд татна гэсэн ямар ч дүрэм байхгүй. Тийм боломж ч байхгүй. Нөгөө талаар барууны эдийн засгийн тогтолцоо болон бусад зүйл Монголын хөрсөнд таарахдаа тун тааруу. Ийнхүү тэнгэрийн зүйл мөрөөдсөн эрх баригчид “гахай нүцгэн нохой явган” хоцрохдоо туллаа. Тэр ч бүү хэл өмнөд хойд хөршүүд дээд хэмжээний зөвлөлдөх уулзалт хийж, “Дорнод сибирь” төслийг урагш хөдөлгөлөө. Үүнд Алс Дорнодын бүс нутагт барилга болон хоёр ч усан цахилгаан станц барих, Монгол Улсыг тойрсон төмөр зам тавих асуудал яригдсан. Хамтран хэрэгжүүлэх энэ төсөл анхны байдлаар дөрвөн тэрбум ам.долларын өртөгтэй. Түрүүч нь I нүүрт Хоёр том гүрний хувьд бол бодлого шиг бодлого гаргаад, хамтарсан шиг хамтрах байх. Үүнээс харахад өмнөд хойд хоёр хөрш маань “Монгол Улс баяртай” гэсэн мэт санагдана. Юутай ч гайтай эрх баригчдын буруу бодлогоос болж нүүрсний зах зээлээ хаачихлаа. Нэгэн цагт “Чалко” нь “Саус Гоби Сэндс”-тэй хамтын ажиллагааны хүрээнд 60 хүртэлх хувьд оногдох нэгж хувьцаа бүрийг 8.48 канад доллараар худалдан авахаар болж байв. Тиймээс “Саус Гоби Сэндс” компанийн 57.6 хувийг “Айвенхоу Майнз” компани эзэмшиж байгааг ч бид мэднэ. Харин сүүлийн үеийн мэдээллээр бол эдгээр компаниудын хооронд ихээхэн маргаан дэгдээд буй. Түүнчлэн “Айвенхоу Майнз” компани “Саут Гоби Сэндс” дэх эзэмшлийн хувиа зарахаар болж байв. Энэ мэт маргаанаас үүдэн “Саус Гоби Сэндс” Монгол дахь хөрөнгө оруулалтынхаа 60 хувийг эргүүлэн татахаар болж, захирлууд нь зугтсан. Гэтэл “Саус Гоби Сэндс”-ийн захирлууд Киргизийн том уурхайд ажиллаж байгаа аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих