Монголын улс төр, бизнeсийн олигархуудад илгээх ил захидал

Энэ нийтлэлийг би ядарч зүдэрсэн,цөхөрсөн ард түмнийхээ өмнөөс бичиж байна. Үүнийг би нэгийг ухаарч хоёрыг тунгаагаасай , ядаж өчүүхэн ч  болтугай ухаарал та бүхэнд өгөөсэй гэсэндээ бичиж байна. Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй гэдэг бил үү. 90 оны цагаан морин жилээс энэ төмөр туулай жил хүртэл их юм хувьсан өөрчлөгджээ. Лоозон бариад уухай хадааж явсан хүмүүсийнхээ эсрэг өнөөдөр лоозон өргөж жагсдаг болж. Тэрхүү хүйтэн царцмал тогтолцооны эсрэг боссон зоримог залуус өнөөдөр  иргэний хөдөлгөөний жагсаалыг төрийн ордны цонхоор хараад зогсож байна. Тийм ээ та нар ингэх гавьяатай хүмүүс. Энэ талаар бол ярихгүй. Хориод жилийн тэртээ өөдгүй баян, хөөрхий ядуу хоёрын тухай Энэтхэг кино үзээд өрөвдөөд уйлж суусан монголчууд өнөөдөр тэр ядуу тарчиг амьдралыг биеэрээ туулж явна.

Улс төр болон бизнeсийн олигархууд хэдэн үе удмаараа монгол орныг эзэгнэх Энэтхэг маягийн нийгмийн давхарга,ангилал хэдийнэ бүрэлдэн тогтчихож.Аливаа хүн шударга хөдөлмөр,ариун цагаан замаар алдар нэр,эд хөрөнгөнд хүрсэн бол хүндлэл хүлээхээс бус  шороогоор юу гэж цацуулав гэж дээ.Харин Монголын өнөөгийн улс төр болоод биснeсийн хүрээнийхэн дотор нэр цэвэр,шударга хүн цөөхөн байгаад л асуудалын гол нь байна.Хүн яах гэж улс төрд ордог,эрх мэдэл,албан тушаалын төлөө  хөрөнгө мөнгөөрөө дэнчин тавин барин яагаад тэгтлээ шунан дурладагийн учрыг захын тэнэг толгой ч гадарлана.Төр засаг,захиргааны албан тушаал увайгүй хүмүүсийн эд мөнгөө өсгөх боломж бололцоо, баталгаа болж буйд, тэр шунал хүсэл нь хязгаар, төгсгөлгүй мэт үргэлжилж байгаад эмзэглэхгүй байхын арга алга.Төрөөс төрсөн тэрбумтанууд,газрын наймаачин сайд,гурилын үйлдвэр гулруулсан төрийн түшээ,авилгалын загалмайлсан эцгийн тухай  түүхийг ард түмэн санаанаасаа зохиосон гэж үү?.

Улс төр,бизнeс хоёр уургач, уутач  шиг цугтаа дөрөө харшуулаагүй гэх үү?. Хэвлийг нь онгичход хангай дэлхий ёолоогүй,хэрчээд харийнханд худалдахад газар шороо чинь гомдоогүй гэж бодно уу?.Эрхэм дээдэсүүд ээ!.Арлын Сингапурын алтан элсэн дээр хөлбөрч хэвтэхэд чинь,Улаанбаатарын утаанаас зугтаж Амeрикт сурдаг хүүхдээ эргэнгээ аз үзэж арав хорьхон мянган доллар казиногийн ширээн дээр чулуудах зуурт  эх оронд чинь үмх талхыг хүн нохой хоёр хог дээр булаалдан үхэгсэдийн хотхоноос үлдэгсэд нь гэрээ барих газар гуйж, үгээгүй амьдралдаа хэн нэгэн өөрийн гараар цэг тавьж байна.Эрх мэдэл,албан тушаал,эд хөрөнгө энэ бүх боломжийг ардчилсан нийгэм, чихэр бурам шиг амлалтанд чинь хууртаж ханадаггүй ард түмэн хоёр та нарт олгосон.

Одоо та бүхний ээлж. Албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгийн дэвээ жаахан ч атугай хазаарлан хувийн ашиг сонирхол, амбицаа түр хойш нь тавиад  эх орон,ард түмэн,ирээдүй хойчийнхоо тухай өчүүхэн ч болов санаа зовних цаг нэгэнт болжээ эрхэм дээдэсүүд минь. Нэг гэр бүлд,нэг насанд хэтийдсэн их хөрөнгө зоорь цуглуулснаа мэдээд Bill Gates тэргүүтэй тэрбумтанууд мөнгөнийхөө үлэмжхэн хэсэгийг буяны үйлст зориулж эхэлснийг  сонссон байх. Гэтэл манайд христийн сүмээс өөр өнчин ядуусийг хооллож ундлах газар бий бил үү?Сэтгэл хийгээд зүтгэл  байвал гурван сая хүрэхгүй хүн амтай,асар их байгалийн нөөц баялагтай  Монгол орныг  хөгжүүлэх тийм ч хэцүү бишээ.Эрх мэдэл, нөхцөл бололцоо, хүч чадал та нарын гарт байна.Эх орон, ард олныхоо тусын тулд  авилга,хээл хахуулиас ангид  хоёргүй нэг сэтгэлээр зүтгэх, улс үндэстэнийхээ эрх ашгийг  илүүд үзэх, тусгаар тогтнол,газар шорооныхоо төлөө цохилох зүрхтэй, гашилах тархитай байхыг эрхэм таниас хичээнгүйлэн хүсч байна.Амжиж чи алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг гэсэн О.Дашбалбар агсаны шүлгийн мөрөөр энэхүү ил захидалаа өндөрлөе.Монгол орон мандан бадраг.

Сэтгүүлч Өлзийбатын Пүрэвсүрэн ( puujeeruu@yahoo.comЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. )


URL:

Сэтгэгдэл бичих