“Google”-ээс суралцахуй
Геополитикийн ухааныг тун сонирхолтой газраас суралцаж болно. Эрик Шмидт “Google”-ийн гүйцэтгэх захирлын суудлыг тус сайтыг үндэслэгч Лэрри Пейжэд хүлээлгэж өгсөн нь өнгөрөгч хэд хоногт болсон дэлхийн хэмжээнд хамаатай онцлох үйл явдлын нэг байсан ч “Аль-Жазира”, Египет, Хосни Мубарак, Араб, хувьсгал зэрэг үгсэд “бялуурсан” дэлхий нийт өнөөгийн цахим сүлжээний зах зээлийн магнатыг хайхарсан ч үгүй.
“Google” орчин цагийн бизнесийн ур ухаан, менежментийн загварыг тодорхойлсон корпораци. Корпорацийн ахлах эдийн засагч Дэвид Рикардогийн ачаар уг байгууллага хүн бүрийн хийх дуртай, хэзээ нэгэн цагт үйлдэхгүй бол боломгүй зүйлийг сэдэж олон түмэнд үйлчилж эхэлсэн нь эрэл хайгуул юм. Энэ нь “IBM”, “AT&T” зэрэг амжилтын оргил үе нь хэдийнэ улирч одсон корпорациудын одоогийн бодлоготой харьцуулшгүй билээ. Хэт хатуу, “битүү” засаглалын тогтолцоотой гэгдэж байсан ЗХУ, “IBM” нэгэн үед нурж задарсан нь тохиолдол биш. “IBM” корпорацийн “босоо” бодлого амжилтаа гээх шалтгаан нь болсон гэгддэг. “Босоо” гэдэг нь доод, дээд гэлтгүй бүгдийг хийж, бүхний төлөө улайрч байсанд оршино.
“IBM”-ийнхэн ердийн компьютерийн чипээс эхлээд операторын систем хүртэлх салбартаа хамаатай гэх бүхэн рүү дэндүү хурдтай “савчиж” байв. Тус корпораци сонгосон юмсдаа эзэн болсон “хөндлөн” бодлоготой “Intel”, “Microsoft” зэрэг корпорацийг зах зээлд хүч түрэн орж ирэх хүртэл компьютерийн үйлдвэрлэлийн худалдааны 80 орчим хувийг эзэлж байлаа. “Хөндлөн”, “босоо” хэмээх бодлогын ялгааг өдгөө дэлхийн эдийн засгаас мэдэрч болов. “IBM”-ийнхэн шинэ корпорациудад хэрхэн байраа тавьж өгсөн бэ, яг л тийм үзэгдэл дэлхийн санхүү, эдийн засаг төдийгүй олон улсын дипломат харилцаанд үгүйлэгдэж байгааг мэргэжилтнүүд онцлох болоод уджээ. Улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд иргэдийн амьжиргаанаас хамааран өсч байгаа.
Тиймээс эдийн засгийн эд эсийг бүрдүүлэгч эгэл жирийн иргэд нь бүтээлч биш бол эдийн засгийн тогтолцоо бүхлээрээ үр өгөөжгүй болж, хөрш орнуудаа царайчлахаас аргагүйд хүрдэг. Дэлхийн ихэнх хэсгийг эзэгнэж байсан британичууд болон хүчирхэг Ромын эзэнт гүрнийг жишээ татъя. Эдгээр улс газар нутгийнхаа байгалийн баялгийг бүрэн ашиглаагүй, тогтолцоо нь хэт нүсэр байсан зэрэг нь орчин цагийн хэллэгээр “босоо” бодлого юм. Гитлер ч мөн ялгаагүй герман үндэстний амьжиргааг өсгөхийн тулд бүхнийг хүчээр шийдсэн нь хөгжлийг “хөндлөнгөөр нь” жигд түгээх бус дээрхээс ялгаагүй “босоо” бодлого байв.
Эцэст нь Гитлерийн Герман “хөндлөн” бодлоготой улс орнуудад ялагдсан билээ. “Босоо” бодлоготой ЗХУ бүтээлч бус, эдийн засаг нь үр өгөөж муутай байсан гэх шалтгаанаар нуран унасан гэхэд хилсдэхгүй. Харин Хятадын өнөөгийн хөгжил дэвшил эдийн засгийн “хөндлөн” бодлоготой нь холбоотой. Бээжингийн албаныхан хямд ажлын хүчээ хэрхэн ашиглахаа, хамгийн шимтэй “хэрчмийг” хэрхэн хуваахаа сайтар тооцдог. Мөн Африк зэрэг байгалийн баялаг ихтэй бүс нутагт эзэмшихийг бус худалдахыг илүүд үздэг нь Хятадын байр суурийг олон улсад бататгасан юм. 1989ондАНУдэлхийн цорын ганц их хүчин байв. Гэхдээ түүхэн дэх бусад их гүрнүүдээс. ялгаатай нь тус улсад бусад орныг эзлэн түрэмгийлэх шаардлага, эрх ч байсангүй.
Тиймээс дэлхийн эдийн засгийг бараг ганцаар чирч байв. 1970-аад онд олон улсын хэв шинжтэй болсон дэлхийн эдийн засаг үнэн хэрэгтээ олон улсын хамтын ажиллагааны дүнд бус нэг нэгээрээ бие даан хөгжсөн аж үйлдвэржсэн орнуудын амжилтаар бүрэлдэн тогтож, одоогийн төрхөө олсон юм. Олны эсэргүүцэлтэй тулгарах нь их ч даяарчлал тогтвортой өсөлт, дэлхийн энхтайвныг тогтоон баригч гол хүч билээ. Дэлхийн ДНБ-ий 26 хувийг өдгөө худалдаанаас олсон ашиг эзэлж байгаа нь үүнийг гэрчилнэ. Энэ нь 1990 оныхоос даруй 18 хувиар их юм. Чөлөөт дэлхийг илэрхийлэгч даяарчлал мөн л “хөндлөн” бодлогын загвар. Компьютер, гар утас зэрэг орчин цагийн хөгжлийг илтгэх бүхэн өдгөө ганц улсад үйлдвэрлэгдэхээ больж Хятад, Вьетнамаас эхлээд 30 гаруй улсад хийгдэж байна. Энэ нь “хөндлөн” буюу жигд хөгжил юм. Үүнийг хэрхэн боловсруулж, ур ухааныг нь яаж эзэмших вэ гэж бодвол “Google”-ээс асуу.
Г.Лхагва
URL: