Хүүхдийн зуслангуудыг хууль бусаар хувьчилжээ

ynzaga_zuslan-middleНийслэлийн ногоон бүсэд байрлалтай зуслангуудыг хууль бусаар хувьчилсан талаар манай сонин цувралаар нийтэлж байгаа билээ.

Өмнөх дугаартаа “Нарс”, “Өлзийт”, “Жавхлант” хүүхдийн зуслангуудыг хэрхэн хууль бусаар хувьчилсаныг илчилсэн бол энэ удаа “Янзага”, “Соёл” хүүхдийн зуслангуудыг хэрхэн хувьчилсан талаарх баримтыг сөхөж байна.

Эдгээр зуслангуудын үйл ажиллагааг УИХ-ын 2002 оны 56дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт, хувьчлал хийх тухай” үндсэн чиглэлийн хүрээнд НИТХ-ын 2003 оны 231 дүгээр захирамжийн дагуу удирдах багт шилжүүлсэн байдаг.

Ингэхдээ нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Хүүхэд залуучуудын газар болон гэрээлэгч нарын хооронд 1,5 жилийн хугацаатай удирдлагын гурвалсан гэрээ хийж байв.

Удирдлагын гэрээний 5.1-д заасны дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон Хяналтын зөвлөл 2004, 2005 онуудад удирдлагын гэрээний үүргийн биелэлтийг шалгаж хангалттай гэсэн дүгнэлт гаргасан.

Тиймээс нийслэлийн Өмч хувьчлах комиссын хуралдаанд хэлэлцүүлэн зуслангуудыг удирдлагын багт нь хувьчлах асуудлыг НИТХ-д тавьж хэлэлцүүлсэн байна.

Гэвч зуслангуудыг хувьчлахдаа Төрийн болон Орон нутгийн тухай хуулийн зургадугаар зүйлийг бүхэлд нь, хуулийн 34 дүгээр зүйлд заасан хувьчлах арга, түүнийг тодорхойлох долоон арга хэлбэрийг зөрчжээ.

Түүнээс гадна Иргэний хуулийн долдугаар бүлэгт заасан зарим зүйл заалтыг ч зөрчсөн байна. Мөн хувьчлалын арга хэлбэрийг зөрчин тухайн үеийн зах зээлийн үнээс хэт бага үнэ тогтоож улсыг их хэмжээгээр хохироосон зэрэг нь одоо нотлох баримтаар илэрч байгаа юм.

Зуслангуудыг менежментийн гэрээгээр ажиллуулаагүйн дээр Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолд заасан “уралдаант шалгаруулалтын аргаар” гэсэн үндэслэлд удирдлагын гэрээгээр ажиллуулсан иргэн, байгууллагад хувьчилсан зэргээр хуулийг буруу хэрэглэсэн байгаа юм.

Үүнээс үзэхэд уралдаант шалгаруулалт огт явуулаагүй зуслангуудыг зөвхөн удирдлагад нь өгчихсөн нь харагдана. Өмч хувьчлалтай холбоотой бичиг баримт нь бүрэн бус тухайн үеийн хотын удирдлагууд танил талдаа ашиг хонжоо харж, төрийн өмчийг худалдсан байх магадлал өндөр байгаа юм.

“Янзага” зуслан

Улаанбаатараас 27 км зайд байрлах Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяа Хандгайтын аманд байрлах “Янзага” хүүхдийн зуслан нь 1978 онд байгуулагдсан бөгөөд нэг ээлжиндээ 200-400 хүүхэд амраах хүчин чадалтай.

Уг зуслан хүүхэд амраах 29 байр, зоогийн газар, соёлын төв, хоёр агуулах, халуун усны байр зэрэг барилгуудтай юм.

“Янзага” зуслангийн бизнес үнэлгээг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хүсэлтээр үнэлгээ, худалдаа, зуучлалын “Дабль дөрөөт” компани хийж 2005 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 82.627.400 төгрөгөөр тогтоож байжээ.

Гэвч 2007 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн нийслэлийн Өмч хувьчлах комиссын 32 тоот тогтоолоор удирдлагын гэрээгээр ажиллаж байсан “Би энд Си” ХХК-нд 33.040.100 төгрөгөөр буюу хоёр дахин бага үнээр хувьчилсан байх юм.

Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын архивт буй “Янзага” зуслангийн хавтаст материалаас үзэхэд удирдлагын гэрээгээр ажиллуулах тендерт зөвхөн “Би энд Си” ХХК-ийн материал авагдсан нь тэд өрсөлдөгчгүйгээр оролцсон болохыг нотолж байгаа юм.

Сонгон шалгаруулах тендерт хууль зөрчин дангаар орж ялсан “Би энд Си” ХХК 2003 оны зургадугаар сарын 23-ны өдөр 1.5 жилийн хугацаатай удирдлагын гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд гэрээг дүгнэх хугацаа дурьдаагүй байна.

Мөн 2006 оны зургадугаар сарын 1-нээс тус оны аравдугаар сарын 1-нийг хүртэл дөрвөн сарын хугацаагаар дахин удирдлагын багтай гэрээ байгуулж байж. Тэрхүү гэрээний 4.3 дугаарт уг гэрээний дүгнэлтийг гурван тал хамтран cap бүрээр дүгнэж байна гэсэн нөхцөлтэй боловч ямар ч дүгнэлт хийж байгаагүй нь баримтаас тодорхой харагдаж байна.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 30 дугаар тогтоолд тендерийн баг нь төсвийн хөрөнгийг хэмнэсэн гэсэн үндэслэл нь баримтаар нотлогдоогүй хэр хэмжээний хөрөнгийг хэрхэн хэмнэсэн нь тогтоогдоогүй байна.

Тиймээс 2003 оны нийслэлийн Өмч хувьчлах комиссын 46 дугаар тогтоолыг үндэслэн 2004 оны аравдугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө оруулалтын 57 дугаар тогтоолоор 70.763.463 төгрөг, 2005 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалтын 67 дугаар тогтоолоор 60.077.607 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг батламжилж гэрчилгээ олгосныг нь дахин шалгах хэрэгтэй юм.

Төлбөрийн тухайд нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолд дурьдсан 177.799.151 төгрөгийн хөрөнгө оруулалт, 55.174.100 төгрөгөөр төсвөөс авах санхүүжилтийг бууруулсан асуудал нь баримтаар нотлогдоогүй, тодорхойгүй аж.

Энэ мэтчилэн нотлогдохгүй баримт их байгааг онцлон хэлмээр байна. Ийм учраас холбогдох газар нь зус-лангуудын хувьчлалын талаарх бүхий л бичиг баримтыг сайтар шалгах хэрэгтэй болов уу.

“Соёл” зуслан

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Түшээ гүний урд байрлах “Соёл” хүүхдийн зуслан 1987 онд байгуулагдсан. Уг зуслан Улаанбаатар хотоос 130 км зайтай бөгөөд нэг ээлжиндээ 240 хүүхэд амраах хүчин чадалтай юм байна.

Хүүхэд амрах зургаан байр, эмнэлэг, захиргаа, соёлын төв, орон сууцны дөрвөн барилгатай аж.

Энэхүү зусланг нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2007 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор 55.655.200 төгрөгөөр “Эрдэнэ суврага” ХХК-д хувьчилсан байна.

Энэхүү компанийг манай уншигчид андахгүй байх. Учир нь компанийн захирал Д.Бат-Эрдэнэ нь Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, эхнэрээ дарамталсан гээд түүний талаар сайн гэхээсээ хар мэдээлэл их байдаг.

Д.Бат-Эрдэнэ нь тус зусланг хувьчилж авсанаас хойш хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаас шалтгаалан үйл ажиллагаа огт явуулаагүй байх юм.

Удирдлагын гэрээнээс харахад нийт ажилчдын тоо 24, байгууллагын дарга Ч.Сарантуяа, ерөнхий нягтлан бодогч Ж.Оюунцог, хүчин чадал 200 хүүхэд гэжээ.

Удирдлагын гэрээг зуслангийн удирдлагыг сонгон шалгаруулах тендерт ялсан “Эрдэнэ суврага” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэтэй 2003 оны зургадугаар сарын 23-ны өдөр 1.5 жилийн хугацаагаар байгуулсан байна. Уг гэрээний нөхцөлд гэрээг дүгнэх хугацааг дурдаагүй аж.

Мөн 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс тус оны аравдугаар сарын 1-нийг хүртэл дөрвөн сарын хугацаа-гаар дахин удирдлагын багтай гэрээ байгуулж байжээ.

Уг гэрээний 4.3 дугаарт гэрээний дүгнэлтийг гурван тал хамтран cap бүрээр дүгнэж байна гэсэн нөхцөлтэй боловч нийслэлийн Өмчийн харилцааны газрын архивийн материалаас үзэхэд ямарч дүгнэлт байхгүй байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын захирам-жаар томилогдсон Ч.Однасан даргатай Хянал-тын зөвлөл гэрээний үүргийн биелэлтийг жил бүр шалган тайлан гаргаж нийслэлийн Өмч хувьчлах комисст танилцуулах үүрэгтэй байсан боловч энэ талаарх материал мөн л алга.

“Янзага” зуслангийн үнэлгээний баримтаас харахад 2005 оны есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 12 барилга байгууламжтайгаас 11 нь 1987 он, нэг нь 2002 онд ашиглалтад орсон. Бүгд үнэ нь 114.466.616 төгрөг гэжээ.

Мөн нийтийн эзэмшлийн барилга байгууламжийн бүртгэл 233.6 мянган төгрөг, машин тоног төхөөрөмжийн бүртгэл 1.036.32 төгрөг, тавилга эд хогшлын бүртгэл 2.844.768 төгрөг, хангамжийн зүйл 2.166.702 төгрөг гэсэн байна.

2005 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар зуслангийн зах зээлийн өнөөгийн өртгийг “Дабль дөрөөт” компаниар 32.097.800 төгрөг гэсэн үнэлгээ хийлгэсэн байна.

Гэтэл хоёрдугаар улирлын тайлангийн хөрөнгийн дүн нь 93.925.795 төгрөг аж. 2007 оны хөрөнгийн тайланд “Соёл” зусланд нийт 30 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, өмч хөрөнгийн 45 хувийг шинэчилсэн гэсэн тайлан гаргажээ.

Энэ хувьчлалын асуудлаар одоо нийслэлийн Өмчийн харилцааны газар “Эрдэнэ-Суврага” компанитай шүүхдэж байгаа аж.

“Эрдэнэ-Суврага” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ нь тухайн үед Нийслэлийн Автозамын газрын дарга байсан бөгөөд албан тушаалаа ашиглан тендер будлиулж нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус бүрт нь хувь өгдөг байсан тухай яриа гарч байсан.

Энэ хувьчлалын цаад эзэн нь тухайн үед нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ц.Цогзолмаа гэж хэлэх эх сурвалж ч байгаа юм.

Одоо “Эрдэнэ-Суврага” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг бөгөөд сонгуулийн үеэр мөнгө, нүүрс тараасан зэрэг нь баримтаар дэлгэгдэж байсан юм.

Ж.Энх

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих