Г.БАТХҮҮГЭЭС АСУУ. ДАРАА НЬ ХУУЛИА БОЛОВСРУУЛЪЯ
Хэдхэн хоногийн өмнөөс Тамхины хяналтын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хаа сайгүй л тамхины тухай яриа хөөрөө үргэлжилсээр. Жаахан хэрүүл дэгдэхийг эс тооцвол тамхины хэрэглээ нэлээд хумигдсан янзтай. Бага насны хүүхэд хүртэл гудамжаар баагиулж явах нь багассан. Үүнд олон түмэн талархаж байгаа. Харин тамхидалтаар амьдралынхаа нэг хэсгийг хийх болсон зарим нь “Иргэний эрх чөлөөг хаслаа”, “Бид хаана тамхиа татах юм” хэмээн ундууцахдаа байж ядах болж.
Ер нь энэ хууль хэрхэн биелж байна вэ хэмээн ажиг тавихад алагтай цоогтой л байгаа шүү дээ. Гэхдээ муу зуршлыг ганцхан хашгиралтаар халчих биш цаг хугацаа харуулах биз. Харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Архидалтыг хянах хуулийн төсөл бэлтгэгдэж байгаа юм билээ. Зөв л дөө.
Архидалт газар авч ажил амьдралд саадтай бүр цаашлаад улс орон хөгжин дэвжихэд “тормоз” болж байгаа нь үнэн учраас захын хүн дэмжих учиртай. Ерөнхийлөгч маань ирэх сонгуулиа угтаад тун шаргуу ажиллаж байна гэж магтах ч биз. Айлд очоод хүүхдийг нь бүүвэйлж нойрсуулаад, морь унаж адуу малын зах бараадаад (хайрцаг саван дээр гарч мордоод гэж хэлээгүй шүү) бас хурга ишиг өвөр дүүрэн тэврээд л… Ерөнхийлөгчийнхөө ажилсагийг олноороо шагшаад. Тэгээд Ерөнхийлөгч маань сүү уух завандаа архийг үзэн ядаж хуулийн санаагаа хэлж, бичиж л яваа биз. Монгол Улс маань тамхинаас хөндийрч эхэлсэн. Одоо архинаас ямар нэгэн хэмжээгээр холдчихвол П.Очирбат гуайн хэлснээр “бар болох” ч юухан байхав.
Харин хууль боловсруулах явцад бодох юм, амжуулах ажил их л байгаа санагдана. Үүнийг эрхэм Ерөнхийлөгчдөө дуулгах гэсэн юм. Хамгийн эхлээд УИХ-д суугаа архины үйлдвэрийн жинхэнэ эздээс л ам өчиг авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол архи зардаг дэлгүүрийн эзэнтэй, захын шагчинтай дээр нь өдөр бүр ус шигээр гудардаг архичидтай юугаа ярих вэ. Тухайлбал эрхэм гишүүн Г.Батхүүгийн үгийг сонсмоор байна. АПУ компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр архи борлуулдаг хэдэн мянган цэгтэй гэлцдэг. Түүнийхээ тоог цөөрүүлэх үү, үгүй юу. Юуны өмнө энэ шийд хэрэгтэй. Гэтэл Г.Батхүү гишүүн юм хэлэхгүй гүрийчих юм бол архины хяналтын хуулийн төсөл байгаад ч яахав. Батлуулаад ч юу хийхэв. Бас нэг хов сонордуулахад АПУ тун удахгүй архичдыг эмчилж, сувилдаг болох юм гэсэн. Энэ тухай бодохуйд хүндээ хор өгч өвчлүүлээд хожим нь эрүүл болгоно гэх санаанд оромгүй хэрэг шиг. Тэгсэн чинь бас бизнесийн ухаан гэж бас гүйцэгдэшгүй юм байдаг юм байна л даа. Архи арвихан үйлдвэрлээд шаргуухан уулгаад байхаар хүмүүсийн элэг авах юмгүй болно. Харх биш хүн юм хойно өвчлөгсөд ч нэмэгдэж таарна. Тэднийг цуглуулж аваад төлбөртэйгөөр эмчилнэ гэдэг орлогын нэг үүсвэр байж таарах нь.Өөрөөр хэлбэл, монголчууд АПУ-гаас байдаг мөнгөөрөө архи авч уугаад, элгээ муутгаж өвчин шаналалд баригдах юм байна. Тэгээд өвдөөд тэсэхгүй болохоороо төлбөрөө бариад АПУ-ийн эмнэлэгт үзүүлэхээр дугаарлах юм байна л даа. Архиа борлуулсан юм даа гээд зүгээр эмчилж өгөхгүй нь л лавтай.
Тийм учраас архи үйлдвэрлэгчдийн манлайд яваа эрхэм гишүүнээс бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээ цэг хэд байдгийг нь эхлээд хэлүүлж авъя. Түүнийхээ 50 хувийг ч юм уу цөөрүүлье. Үйлдвэрлэлдээ ийм өөрчлөлт хийе гэсэн нийгмээ, хүнээ бодсон үгийг нь сонсч, нэг ёсондоо ам өчигийг нь авъя л даа. Г.Батхүү гишүүн үнэхээр элгэн түмнээ гэсэн эх оронч санаачилга гаргавал бусад нь аялдан дагалдах байх. Үүний дараа л хуулийн төсөл хийх тохироо бүрдэх учиртай. Тийм биз.
УИХ-д суугаа архи үйлдвэрлэгчдийнхээ асуудлыг шийдээгүй цагт хууль олигтой болохгүй. Яагаад гэхээр архины гэх хууль хэлэлцэх, магадгүй сүүлд нь батлах болоход Г.Батхүү гишүүн эзгүй байх вий. Хэлэлцсэн болоод батлах уу гэх үед ширээ сандал нэгтэй нөхөр нь Г.Батхүүгийн товчлуурыг дарчихна. Тэгээд л гүйцээ. АПУ-гаас эхлээд архи үйлдвэрлэгчид өөрчлөгдөөгүй цагт хууль байгаад ч нэмэргүй биз ээ.
Зууны мэдээ
URL: