Я.САНЖМЯТАВ: Иргэдийн хөдөлмөрлөх сонирхлыг сэргээхгүй бол царцаж байна

0000555558888000000Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манайд ажиллах нөөц байгаа ч мэргэжилтэй ажилтан дутагдалтай байна гэдэг. Энэ тал дээр яамнаас хэр анхаарч байгаа вэ?

Ажиллах хүчний нөөц их байна гээд байдаг. Гэтэл төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлаа харахаар ажиллах хүчний хомсдол руу гурван жилийн дараа орно. Дөрөв дэх жилдээ хүн шиг хэрэгтэй юм байхгүй болно.Тийм учраас бид компани, аж ахуйн нэгжүүдэд хэлж байгаа юм. Өнөөдөр гаднаас ажилчин оруулж ирээд хамгийн өндөр цалин өгөөд гаргаад байх уу, эсвэл үнэтэй мэргэжилтэн авчраад, түүнийг дагалдуулаад хүнээ сургаад, үндэсний өөрийн ажилтантай болох уу гэдгээ анхаар гэж хэлж байна.  Барилга, зам дээр ажилладаг улирлын чанартай ажил нь өвөлдөө амарчихдаг. Тиймээс иргэдэд хүндрэлтэй байдаг.  Засгийн газраас дэд бүтцийн асуудлыг шийдэхэд улсын төсвийн хөрөнгөөр өгөөд, компаниуд хөрөнгөө гаргаад барилгаа барих хэрэгтэй. Түүнийг нь моргейжийн зээлээр  олгоно. Моргейжийн зээлийг ажилтай хүнд л өгнө. Бид төрийн байгууллагынханд нэг хэсэг энэ зээлийг өгсөн. Төрд ажиллаж байгаа хүнд хариуцлага тооцно.  Тэгвэл хувийн компанид ажиллаж байгаа хүмүүсийг энэ зээлд хамруулах ёстой.

Үүнийг компанитай нь холбож өгөх хэрэгтэй байна. Ингэхийн тулд бид аль болох нийгмийн хариуцлагыг өндөр болгох шаардлагатай. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо гэсэн гурван талт жлын хэсэг манай яамтай хамтарч ажиллаж байна. Ирэх чуулганаар Хөдөлмөрийн хуулинд оруулж өгнө. Өнөөдөр иргэн хүн цалингаа авна гээд сар хүлээгээд байдаг биш. Цагаар цалинжаад, тэр нь үнэлэгдээд явах юм бол хүн завтай үедээ өөр газар ажиллаад хэдэн төгрөг аваад байна шүү дээ. Оюутнуудад гэхэд цагийн ажил хамгийн хэрэгтэй.

-Хөдөлмөрийн яамнаас иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах талаар ямар арга хэмжээ зохиож байна вэ?

-Монгол орондоо монгол хүн сайн сайхан амьдрах эрхтэй. Тийм учраас хөдөө орон нутгийн иргэдийг танхимын сургалтад хамруулж, мэргэжил эзэмшүүлж, ажилд нь хуваарилах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд хуваарилахын өмнө Улаанбаатар хотод авчраад МСҮТ-тэй танилцуулаад, өөрийнх нь ажиллах компанийн техник тоног төхөөрөмжүүд ямар байхыг харуулаад явуулъя гээд дөрөвдүгээр сарын 5.6-нд Хөдөлмөрийн яаманд том арга хэмжээ зохион байгуулна. Сүхбаатарын талбайд МСҮТ-үүд мэргэжлээ сурталчлах юм. Иргэд мэргэжлээ сонгоод суралцана сертифак авна. Арван ажил мэргэжилгүй байх уу, 10 сар суралцаад мэргэжилтэй болох уу гэдгийг  иргэд сонгох хэрэгтэй. Их, дээд сургууль төгссөн хүмүүс байна. Дээд боловсролтой хүнээс дутахааргүй цалинг хөлсөө гарган хөдөлмөрлөсөн ажилчин анги  авч байна. Дээд боловсролтой хүмүүс ч МСҮТ-ийг сонгож байна. Цаашдаа сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд квот өгдөг биш аж ахуйн нэгжүүдээс захиалга авч эхэлнэ.

-Ер нь иргэдийн ажил хайх идэвх хэр байдаг бол?

-МУИС-иас саяхан судалгаа гаргасан байна лээ. Тэр судалгаагаар иргэдийн хөдөлмөрлөх сонирхол буурсан байсан. Үүнийг нь сэргээж өгөхгүй бол царцах гээд байна. Бид чинь сүүлийн 20-иод жил Засгийн газрын тэтгэлэг, халамжинд суурилаад явсан. Тийм учраас Шинэчлэлийн Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийг  нь өгье. Хөдөлмөрлөх чадвартай иргэдээ ажиллаач гэж байгаа юм.

-Тэгвэл иргэдийг ажлын байр руу хэрхэн татах вэ?

-Манайхан нэг хэсэг төлөвлөлтгүй явсан. Хүн бүр л дээд сургуульд сураад. Доржийн хүүхэд сурч байхад яагаад манай охин сурч болохгүй гэж.  За эрэгтэй хүүхэд хар бор ажил хийгээд яваг, охин минь л дээд боловсролтой болог гэдэг ч юм уу. Эрчүүдийн асуудал нэлээн орхигдсон. Энд дээд боловсрол эзэмшсэн хүүхэд хөдөө орон нутаг очоод гагнуурчин, шаврын ажлыг хийж чадахгүй шүү дээ. Энэ мэргэжлийг эзэмшээгүй юм чинь. Тийм учраас бид сонголтоо зөв хийх ёстой. Иймээс л бид хөдөлмөрийн институтийг байгуулсан. Ирэх дөрвөн жилд  их дээд сургууль төгссөн хүмүүст нийт ажлын байрны 20 хувь, 80 хувь нь мэргэжилтэй ажилчид хэрэгтэй байгаа юм.  Тийм учраас бид төрийн институтциэ ч чадваржуулах хэрэгтэй, хувийн хэвшлийнхний  захиалгыг ч авах хэрэгтэй байгаа юм. Энэ байдлаар ажиллана даа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх үү? 

-Хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшлийн ажлын хэсгийг Хөдөлмөрийн сайд ахалж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, эздийн холбоод сайн ярилцаж байж гаргаж ирэх ёстой. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин, түүнээс ч  их байгаа.  Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 төгрөг гэдэг чинь маш бага цалин. Энэ асуудлаар зөвшилцлөө хийнэ. Үүнээс гадна цагийн хөлсний үнийг гаргаж ирнэ. Зөвшилцлөөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэх асуудлыг ярина. Улсын төсөв ярих үеэр цалин хөлсийг нэмэх асуудлыг ярина. Найм, есдүгээр сард хөдөлмөрийн хөлсийг нэмэх асуудлыг ярина. Засгийн газар цалин нэмнэ гэж цалингийн уралдаан явуулчихаад өргөн хэрэглээний бараа, шатахуун бусад зүйлийг хөөрөгдөөд байдаг. Бид энэ асуудлаар менежмент явуулж байна. Өнгөрсөн хугацаанд  нэг литр бензин шатахуун 300 төгрөгөөр нэмэгдэх байсныг зөв бодлого явуулснаар 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ зохицуулалтаа бид явуулна. Өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгдөөгүй. Хөөрөгдөлтийн асуудлыг явуулж болохгүй.  Төрийн хүмүүсийн тэр бүр дуугараад, тоглоод байдаг ажил бол үнэ ханш биш.

-Жижиг дунд үйлдвэрлэл, сум хөгжүүлэх санд энэ онд хичнээн төгрөг төлөвлөсөн байгаа бол?

-Энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 30 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. 14.5 тэрбум төгрөгийг аймгуудад өгчихлөө.  Таван аймагт тооцооны асуудал байгаа учир дуусахаар нь шилжүүлнэ. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг 24 тэрбум  төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 330 суманд тодорхой хэмжээгээр  очоод байна. Хамгийн бага хүн амтай суманд гэхэд 50 сая хүртэл төгрөг төлөвлөсөн байгаа. Хавар мал төллөөд дуусангуут ажил эхлэх ёстой.

-ЖДҮ-ийг хөгжүүлэхээр жил бүр мөнгө төсөвлөдөг ч энэ нь зохих хүмүүстээ хүрдэггүй гэсэн шүүмжлэл байдаг. Та үүнд хариулахгүй юу?

-Хуулиараа л явна. Хууль дүрэмд яаж зааж өгсөн. Тэр шаардлагыг биелүүлсэн үйлдвэрлэгчдэд өгнө.  Орон нутаг руу эрх мэдлийг шилжүүлээд,  ард иргэд нь хяналт тавиад, бид зөвлөмжөөр нь хангаад өгчихвөл үр дүн илүү гарна. Танил тал, намаараа өгөхгүй байх. Хуучин бол хөрөнгийн баталгаатай хүмүүст энэ зээлийг олгодог байлаа. Тэр нь танил талынхаа хөрөнгийг өөрийнхөө нэр дээр бичүүлээд авчихдаг байдаг юм уу. Харин одоо энэ нь өөрчлөгдсөн. Хичнээн ажлын байр бий болгох юм бэ. Үүнийг л гол шалгуур болгоно. Сум аймаг дээрээ ярилцана.

Улаанбаатар Таймс


URL:

Сэтгэгдэл бичих