“Алтайн хүдэр” бүрэн бэлтгэлтэй байжээ

527-1363660030527-1363579395pictureГовь-Алтай аймгийн Цээл сумын нутгийн зөвлөл БОНХЯ-д өргөх бичиг барьсан билээ. Өргөх бичигт Алтайн хүдэр компани хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлдэггүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үүний дагуу тус компанид салбарын яамнаас ажлын хэсэг гарган шалгалт хийжээ. ё

“Алтайн хүдэр” компани яамны шалгалтанд бүрэн бэлтгэлтэй байсан гэнэ. Тодруулбал, тус компани хүдэр тээвэрлэлтийг 5-6 хоногоор зогсоон, замаа хусан цэвэрлэж, баяжуулах үйлдвэрүүдээ зогсоож ганц жижиг баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулсаныг эх сурвалж хэлж байна.

Энэ мэт үйлдлүүдийн буянаар шалгалтын явцад агаарт тоос, шороо босоогүй боловч ажлын хэсэг буцсаны дараа эргээд “улаан тоос” боссон гэдгийг нутгийнхан онцоллоо. Энэ бүгд үйл ажиллагаа бүрэн хүчээрээ ажиллаж эхэлсэний үр дүн юм гэнэ.

Хариуцлагатай уул уурхайг эрчимжүүлж, байгалийн нөхөн сэргээлтийг хууль тогтоомж, стандартын дагуу хийж, тоосжилтын асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах үүднээс Цээл сумаас Бургастайнбоомт хүртэл 168 км зам тавина гэж Алтайн хүдэр компани амлаж байжээ. Мөн Таяннуурын уурхайгаас 15 км зайд хатуу хучилттай нисэх онгоцны буудал, Хүрэн голын нүүрсний ордыг түшиглэн уурхайн эрчим хүч болон бүс нутгийг гэрэл цахилгаанаар бүрэн хангах хүчин чадал бүхий цахилгаан станц барих гэх мэтчилэн амлалтууд ар араасаа хөвөрнө.

Өнөөдрийн байдлаар бол энэ зам “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” болон хувирч иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа. Ганц зам татах гэж өчнөөн асуудал чирч байхад бусад амлаад байгаа ажил биеллээ олохын тулд хэдий хэр хугацаа шаардахыг тааварлахад бэрх.

Тус компаниас эл замын талаар тодруулахад “Бид асфальтан зам биш бетонон зам тавина. Тэгвэл удаан эдэлгээтэй зам болно. Замынхаа суурийг тэгшлээд дууссан болохоор бетоноо цутгах л үлдсэн” гэх тайлбар өгч ам тагладаг гэж нутгийн иргэд хэлж байлаа.

Уг замд осол аваар их гардаг сурагтай. Үзэгдэх орчин гэж байдаггүй нь мөнхийн шороо босч байдагтай холбоотой гэнэ. Хамгийн сүүлийн эх сурвалжийн мэдээгээр компанийн өөрийн машин тээвэрлэлтийн цуваа буюу том оврын авто машинтай мөргөлдсөний улмаас хоёр хүний алтан амь үрэгджээ.

Тус компани орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө нэг тэрбум 116 сая төгрөгийг зориулсан гэж танилцуулдаг. Үүнд баян байгальгүй болвол их мөнгөтэй байх ямар хэрэгтэй хэмээн нутгийн иргэд халаглана билээ. Байгаль орчинд халдаж, үүнийхээ араас мөр зэрэгцүүлэн хүний амь нас дагуулж яваа “Алтайн хүдэр”-т хариуцлага тооцох хүн алга. “Сэтэрлэсэн ухна” шиг дураараа дургих цаг ард хоцрох цаг ирэх ойрхон байгаа шүү.

Х.Баянбайгаль

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих