Т.Мөнхнаран: Хаан банк миний хувийн данснаас 98,5 сая төгрөг завшсан

Энэ дугаарын “Ярилцах танхим”-д ХААН банкны хохирогч Т.Мөнхнаран ярилцлага өглөө.

 -ХААН банкны хадгаламжаас чинь мөнгө хэрхэн алга болсон юм бэ?
-Би 2007 оны долдугаар сарын 10-нд ХААН банкинд 5026361122 тоот данс анх удаа нээлгэсэн. Манайх “Бөмбөгөр” худалдааны төвд бөөний худалдаа эрхэлдэг байсан юм.

Үүнийхээ орлогыг өдөр бүр ХААН банкинд тушаагаад, маргааш нь аваад л явдаг байлаа. Тэгээд 2008 оны есдүгээр сарын 15-ны өдөр данснаас маань мөнгө алдагдсан.

-Хэдэн төгрөг алдагдсан бэ. Мөнгө алдсанаа хэзээ мэдэв?
-Мөнгө алдсанаа 2008 оны есдүгээр сарын 16-ны өдөр мэдсэн.Тухайн үед ХААН банкны дотоод хяналтынхан “Алга болсон мөнгийг чинь буцаагаад хийнэ” гэж гарын үсэг зуруулж байсан. 2008 оны есдүгээр сарын 11-ний өдөр данснаас 10.5 сая төгрөгийг миний гарын үсгийг дуурайлган теллер нь авчихсан. Мөн есдүгээр сарын 15-ны өдөр 33 сая, 16-ны өдөр 55 сая төгрөг нийт 98.5 сая төгрөгийг ХААН банкны теллер гаргасан байсан. Түүнээс хойш одоог хүртэл ХААН банкнаас хохирлоо барагдуулж аваагүй байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүх хурал болсон юм. Одоо мөрдөн байцаалтад шилжсэн. ХААН банк теллертээ ял эдлүүлэх гээд байгаа юм шиг байна лээ. Харин би теллерт бус банкинд итгэж мөнгөө хадгалуулсан. Тиймээс би банктай л хариуцлага тооцно. Ингэж теллер миний өмнөөс мөнгө авна гэж санаагүй. Банкинд л итгэж явсан.ХААН банкинд маш их гомдолтой байна. Харилцагчийнхаа мөнгийг авчихаад одоог хүртэл чимээгүй л яваад байх юм.

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон шүүх хурлын шийдвэр хэний талд гарсан бэ?
-Шүүхийн шийдвэрээр банк буруутай бол хохирлыг барагдуулна гэсэн.

-Теллер хэргээ хүлээсэн  юм уу?
-Теллер Т.Дугаржав өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд батлан даалтад гарсан. Түүнээс өмнө Ганцхудагт хоригдож байсан. ХААН банкныхан есдүгээр сарын17-ны өдөр ийм үйлдэл хийчихээд байхад нь теллерээ зүгээр л халчихсан байсан. Т.Дугаржав гэдэг теллер нь бусдын дансны мөнгийг өөр хүн рүү шилжүүлж, хий гүйлгээ хийснийхээ шанд мөнгө авдаг байсан юм билээ. Зөвхөн энэ ч биш ХААН банкны нэлээд хэдэн теллер ингэж ажилладаг юм байна лээ. ХААН банк итгэл даахааргүй банк гэдгийг мэдсэн. Хүмүүс над шиг ийм байдалд орж мэдэх юм.

-”Сонсголон” салбарын теллер Т.Дугаржав нэг өдөр 55 сая төгрөгийн зарлага бэлнээр гаргаж байхад банкны эрхлэгч анзаараагүй гэж үү?
-Тэр салбарын эрхлэгч өдөр бүр гүйлгээг нь хянадаггүй байсан уу, үгүй бол хуйвалддаг байсан юм уу гэдэг нь сонин байна. Энэ салбар тэр чигтээ хүний мөнгийг луйвардаж, нэг нэгэндээ шилжүүлж, гүйлгэдэг байсан юм билээ. Бас нэг зүйл нь энэ бүхэнд аудитын шалгалт яагаад явуулдаггүй юм бол гэдэг асуулт байна. Би аудитын газарт шалгаад өгөөч гэж олон очиж байсан. ХААН банкинд аудит хийдэг ямар ч байгууллага байдаггүй юм байна. Миний бодлоор эрхлэгчтэйгээ хуйвалдсан болов уу гэж бодож байгаа.

-Та хэзээнээс бизнес эрхэлсэн бэ?

-Би 2005 оноос эхлэн “Бөмбөгөр” худалдааны төв дээр хүнсний худалдаа эрхэлсэн. Гэтэл ХААН банкнаас болж бизнес эрхлэх боломжгүй боллоо. Амьдарч байсан байраа хүртэл алдсан. ХААН банкны Дотоод хяналтынхан нь шүүхэд тайлбар өгөхдөө миний дансыг өөр хүний данс болгож хүртэл дүгнэлт гаргуулсан байсан. Энэ бол миний эрхэнд халдсан хамгийн бүдүүлэг жишээ.

-Шүүхийн байгууллага үүнийг юу гэж тайлбарлаж байх юм?
-Мөнгө авсан хүний гарын үсэг минийх биш гэдгийг тогтоочихсон. Миний данс гэдэг нь ч тогтоогдчихсон. ХААН банкны ажилтнууд нь хоорондоо хуйвалдаад миний дансыг өөр хүний данс гэх .дүгнэлт гаргасан юм болов уу гэж бодож байгаа. Тэгээгүй байтлаа яагаад үнэнээр нь Т.Мөнхнарангийн данс мөн гээд гаргаж ирж болохгүй байгаа юм. Бас миний гарын үсэг биш байхад “Баталгаат гарын үсэг мөн байна” гэсэн дүгнэлт гаргасан.

ХААН банкныхан дандаа ингэж худлаа ярьдаг. Бодвол Дотоод хяналтын газрынхан нь хоорондоо хуйвалдчихсан  юм шиг байгаа юм. ХААН банкнаас мөнгөө хурдан авмаар байна. Өөрийнхөө хадгалуулсан мөнгийг авах гэж их л хөөцөлдөж, шаардаж байгаа.

-ХААН банкны аль салбараас таны мөнгө алдагдсан бэ?
-Би “Бөмбөгөр”, VI бичил хорооллын ХААН банкны салбараар үйлчлүүлдэг. Харин ХААН банкны “Сонсголон” салбараас миний мөнгө алдагдсан байсан. Би “Сонсголон” салбараар үйлчлүүлж үзээгүй, үйлчлүүлэх шаардлага ч байхгүй. ХААН банк дансныхаа орлогыг авъя гэхэд иргэний үнэмлэхгүйгээр өгдөггүй. Гэтэл намайг байхгүй байхад миний мөнгийг авчихсан л байгаа юм.

-Байраа алдсан гэлээ. Одоо хаана амьдарч байна вэ?
-Хөлсний   байранд  л  амьдарч байна. Би 0-3 насны хоёр хүүхэдтэй. Голомт банкинд VI бичил хорооллынхоо хоёр өрөө байрыг тавиад 40 сая төгрөгийн зээл авч, нөхрийнхөө дөрвөн жил Солонгост ажилласан мөнгийг нийлүүлээд бизнес эрхэлсэн. Хөдөлмөрлөж олсон мөнгөө ингээд алдчихна гэж санасангүй.

-Дараагийн шатны шүүх хурал хэзээ болох вэ?
-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Анхан шатны шүүх хуралд ХААН банкны хуулийн зөвлөх Наран гэдэг хүн миний дансыг өөр хүний данс болгоод л ярьж байсан. Би утсандаа мобайл-банкны үйлчилгээтэй. Мобайл банкаар үлдэгдлээ шалгаад явдаг. Тэгсэн чинь ХААН банкны хуулийн зөвлөх нь намайг дансаа шалгасан, тандалт хийсэн гэж хүртэл хэлж байсан. Ер нь дансаа шалгах чинь мөнгөө банкинд хадгалуулсан хүн бүрийн эрх биз дээ.

-Данснаасаа мөнгөө алдсанаас хойш ХААН банкны удирдлагуудтай уулзсан уу?
-ХААН банкны архивт нь очоод “Би мөнгөө өөрөө аваагүй. Миний гарын үсэгтэй баримтыг гаргаад өгчих” гэж өргөдөл гаргасан. Нэлээд олон удаа очсон. Надад гаргаж өгөөгүй, намайг ерөөсөө хүлээж авдаггүй. Тэгээд ХААН банкны Дотоод хяналтын дарга нь гэдэг хүн Батсайхан миний баримтыг архиваасаа шүүж өгсөн. Тэгтэл миний гарын үсэггүй баримт гараад ирсэн юм шиг байгаа юм. Архиваас алга болчихсон гээд надад гаргаж өгөөгүй. Баримтаа асуугаад очихоор нэг хүний нэр хэлээд манай ажилтан баримтыг чинь хөдөө аваад явчихаж гэдэг.

Тэгэхээр нь би “Тэгвэл одоо телевиз дуудлаа гэсэн чинь намайг “Чи тэр “Сонсголон” салбартаа очиж хэл. Чиний мөнгө авсан баримт манай архиваас алга болсон” гэж хүртэл худлаа ярьсан. Сүүлд мөрдөн байцаагч тэр баримтыг гаргаж ирсэн. Баримт дээрх гарын үсэг минийх биш: Т.Дугаржав гэдэг теллерийнх нь байсан. Мөн Баянгол, Сонгинохайнрхан дүүрэгт өргөдөл гаргасан юм. Тэгсэн чинь Баянгол дүүргийн Ганшагай гэдэг байцаагч ХААН банкны ажилтныг дуудаж байцаасан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж хүртэл ярьсан.

-ХААН банкны удирдлагаас танд дарамт ирж байна уу?
-Нийслэлийн прокурор Насанбатад миний нэр дээр гомдол ирсэн байсан. Өнгөрсөн гуравдугаар сард энэ талаар телевизээр гаргасны дараа “Т.Мөнхнаран ХААН банкинд халдаж орсон” гэсэн гомдол гаргасан байна лээ. Ямар ч байсан ХААН банкнаас хохирлоо барагдуулах болно. Болохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж бодож байна.

-Тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэхээр яах вэ. Өлсгөлөн зарлах уу?
-Би “Nesa” хууль зүйн товчооны захирал К.Султанбекээс хууль зүйн зөвлөгөө авч байгаа. Эхлээд Монголбанкны удирдлагатай уулзъя гэж бодож байгаа. Хэрэв асуудал шийдэгдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Өлсгөлөн зарлана. Нялх биетэй намайг тэмцлийн хурц хэлбэрт шилжүүлэхгүй байх гэж бодож байгаа. Бас ХААН банкны удирдлагыг телевизийн халз ярилцлагад дуудаж байна. Аалзны тор шиг сүлжсэн ХААН банкныхан харилцагчдадаа ингэж хандаж болохгүй. Хүмүүс банкинд итгэж мөнгөө хадгалуулдаг болохоос биш теллерт найддаггүй.

Хүмүүс ээ, ХААН банкнаас мөнгөө татаж аваарай гэж хэлмээр байна. Ийм найдваргүй банкинд мөнгөө хадгалуулах хэрэггүй. Надтай цуг тэмцэх хүмүүс олон бий. Ер нь ингэж мөнгөө алдсан хүн ганц би биш юм билээ.

Ц.Энхцэцэг

“Сонин мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих