Москвад полиграф ашиглан авлигачдыг хөөж эхэлжээ
Хүний арьсны цахилгаан потенциалын өөрчлөлт, булчингийн бичил агшилтыг мэдрэн хэмжээд хүний үнэн худал ярьж байгааг мэдэрдэг төхөөрөмжийг полиграф гэдэг. Манай хойд хөршийн нийслэл Москва хотын удирдлага 2010 оноос эхлэн энэ төхөөрөмжийг ашиглан албан тушаалтнуудаа шалгадаг болсон юм. Төрийн өмнөөс тендер зарлах, түүхий эд, үйлчилгээ худалдан авах комисст ажилладаг албан тушаалтныг энэ төхөөрөмжөөр шалгах болсон аж. Энэ арга хэмжээ багагүй үр дүнтэй байгаа тухай Москва хотын Өрсөлдөөний бодлогын департаментын тэргүүн Г.Дегтев мэдэгджээ. Тухайлбал, 2012 онд дээрх дурдагдсан үйл ажиллагаанд оролцдог мэргэжилтэн, албан тушаалтан 874 хүнийг шалгаад 329 хүнийг авлига авах магадлал өндөртэй, хууль бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзэн комиссоос гаргажээ.Шалгалт явуулахдаа иргэдийн гомдол, саналыг үндэслэн явуулдаг аж. Ингэж шалгахад иргэдийн гомдол саналын 90 хувь нь батлагдаж байжээ. Манай улсад ч полиграф ашиглан төрийн албан тушаалтныг шалгах тухай яригдаж байгаа. Эх сурвалж: www.assa.mn
URL: