Орос Хятадаас 30 тэрбум долларын зээл авна
БЭЭЖИН. /СИНА/. Оросын “Роснефть” компани Хятадаас 30 тэрбум доллар зээлэн тус улсад нийлүүлэх нефтиэ хоёр дахин ихэсгэх санал тавилаа. Энэ нь Орос улс Европын зах зээлээс зайгаа авч Бээжинг хамгийн том хэрэглэгчээ болгож буй хэрэг юм.
Оросын “Роснефть” компани нь Хятадын төрийн өмчит “CNPC” компаниас зээл авахаар хэлэлцээ хийж байгаа гэж дөрвөн ч эх сурвалж Ройтерс мэдээлсэн ажээ. Тус хоёр компани сүүлийн арван жилд 25 тэрбум долларын худалдаа хийгээд байгаа юм.
“Роснефть” компани хэлэлцээ хийж байгаа тухай үгүйсгэсэн авч цаашид хэлэлцээ хийх эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан ажээ. Урьд нь тус компани “Транснефть” компанитай хамтран Хятад улсад 15 жилийн хугацаатайгаар өдөрт 300 мянган торх нефть нийлүүлэх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан билээ.
Энэ удаад 55 тэрбумын өртөг бүхий хоолойг өрсөлдөгч “TNK-BP” компаниас урьтан худалдан авахаар зээл авч байгаа юм.
Зээлийн хариуд Оросын нефтийн томоохон компани Хятадад нийлүүлэх нефтийн хэмжээгээ хоёр дахин өсгөнө гэж эх сурвалж мэдээлжээ. “Магадгүй энэ нь Хятадад нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гэсэн арга байж болох юм” гэж өөр нэгэн эх сурвалж ярилаа.
Дэлхийн хамгийн том нефть нийлүүлэгч болон хэрэглэгч хоёр улсын хооронд зээлийг нийлүүлэлтээр төлөх шууд хэлэлцээ анх удаа хийж байгаа юм.
Түүнчлэн Орос улс хөрш орнууд төдийгүй Европын орнуудад нийлүүлэлдэг нефтийн болон шатахууны нийлүүлэлтээ хэд хэдэн удаа зогсоосон тухай маргааны дараахан болж байгаагаараа онцлог болов. Тэгэхэд Европын Холбоо Оросоос өөр нийлүүлэгч олох талаар ярилцаж байсан билээ.
Л.Урангуа
URL: