Үндэсний бөх дэх шинэчлэл ба сумо дахь бослого

__200_200Үндэсний бөхөд гарсан томоохон маргаанаас үүдэн Монгол бөхийн шинэчлэлийн тухай асуудал ид яригдаж байна. Энэ тухайд бүр 2006 онд спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ харин ийн бичиж байжээ.

ДМ онлайн. 

 

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, баяр наадам маань сайхан болж өнгөрлөө. Шинэ аврага төрж, олон сайхан залуус шинээр гарж ирлээ. Гэсэн ч бас л маргаан будлиан ихтэй, хэл амнаас салсангүй наадам болов уу даа. Жил болгон гардаг уламжлал болсон хэл ам маань энэ жил наадам эхлэхээс жилийн өмнөөс эхэлсэн онцлогтой боллоо.

Монголын Үндэсний бөхийн холбоотой зэрэгцэн Мэргэжлийн бөхийн холбоо байгуулагдаж сонин хэвлэл дамжуулан хэрүүл уруул хийцгээв. Аливаа юм өрсөлдөгчтэй байж урагшлан хөгждөг жамтай. Өрсөлдөгч гарж ирсэнд МҮБХ ыхон ихэд эмзэглэн хүлээн авж, дайрж довтлон эхэлсэн нь гайхалтай. Мэргэжлийн бөхийн холбоо ч энэ хэрүүлд идэвхийлэн оролцож , хоёр тал хонь чоно боллоо. Эрт дээр үеээс үндэсний бөх ямар нэг холбоотой холбоогүй хөгжөөд яваад иржээ. Устаж алга бололгүй, өөрийн гэсэн үзэгчтэй өдий хүрж чадсан нь уламжлалын хуулиар батлагдсан хэрэг. Гэхдээ одоо бол 21 р зуун. Тиймээс 21 р зууны хэмжээнд нь, 21 р зууны үзэгчдэд тохируулан хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй. Монголчууд бид аль хэдийнээ цаг хугацааг гэрийхээ унь, ханаар хэмждэг нүүдэлчин ард түмэн биш болсон. Хүн амын ихэнх нь Улаанбаатарт суурьшиж ажиллаж байна. Зав зай юу билээ гэдгээс эхлэн бодох юм их байна. Өөрөөр хэлбэл үндэсний бөхөд хувьсгал хэрэгтэй болжээ. Дөч тавин жилийн дараа хойч үедээ хараалган загнуулахгүйн тулд шинэчлэл өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Одоо сургуульд сурж байгаа хүүхдүүд том болоод бөх үзэх үү үгүй юу эргэлзээтэй юм. Даяарчлал хөгжсөн өнөө үед Монголын хэдэн иргэн гадаадад бий билээ? Тэдний хүүхдүүд эргэж ирээд үндэсний бөхөө үзэх болов уу?

Элдэв төрлийн тоглоом машин, интернет хөгжим, шоу концерт гээд үндэсний бөхөөс үзэгчдийг нь булаах юм зөндөө байна, цаашдаа ч шинэ шинэ юм их гарах байх. 50 жилийн дараа үндэсний бөх гэдэг гадаадын жуулчдад үзүүлдэг үзмэр, бөө удган шиг юм болж магадгүй. Одоо хийх зүйл бол хагарал маргаанаа зогсоох. Найраа байгаа үгүй гэж маргах ч хэрэг байхгүй. Урьд хийсэн ажил бүтээл, ололт амжилтаа мартаад үүнээс цааш юу хийх вэ гэдгээ бодох цаг. Хэдэн тооны түшмэл, албаны хүмүүсийн амбиц, нутаг нуга гэсэн жалга довны үзлээс болж эцсийн эцэст хохирох нь бөхчүүд ард түмэн билээ. Үндэсний бөхөөс холдон алслан одож байгаа бөхийн хорхойтнуудаа цаг алдаагүй дээрээ эргүүлэн авчрах үе болжээ. Эртний Ромд ард түмэнд талх өгөөд дээр нь гладиотарын тулаан үзүүлэхэд л бухимдах юмгүй тайван амгалан байдаг байсан байна. Улс төр, эдийн засаг гээд хамаг юм нь авилгал хахуульд идэгдэж, жагсаал цуглаанаар амьсгалан бухимдсан энэ нийгмийн хамгийн гэрэлтэй гэгээтэй салбар нь спорт байх ёстой. Ядаж ард түмэндээ талхныхаа мөнгөнөөс хумслан хумслан байж худалдаж авсан тасалбарых нь үнэнд тохирсон юм үзүүлэх нь Үндэсний бөхийн холбооны үүрэг билээ. Тасалбар аван орж, таашаал эдлэн гардагаараа бөх бол цирк, жүжиг, кинотой адилхан. Хэрэв хэн нэгэн дуучин солгой хоолойгоор бахираад байвал дахиж хэн ч концертонд нь ирэхгүй. Шоу бизнесийн хууль тийм юм. Тэнд ялагдахгүйн тулд өрсөлдөөн ихтэй. Үүнд шинэ холбоо гарж ирсэн нь үнэхээр сайн хэрэг. Аливаа салбарт монополь болохоороо шинэ юм хийхээ больдог нь гэм биш зан. Үндэсний бөхийн холбооноос бид ашгийн бус байгууллага биш хэмээн ихэд бахархалтайгаар мэдэгдэж байх юм. Ямар нэг тэтгэлгийн газар, хэн нэгний байгуулсан сан байгаа биш. Цаг хугацаанаас хоцорсон ийм байгууллага үндэсний бөхийг удирдан залж болохгүй байх. Ашиг олж байж тамирчдаа дэмжинэ, мөнгөтэй байж хүн үзүүштэй сонирхолтой юм хийнэ. Бусад спортын холбоод гадаадад тэмцээнд орох гээд л мөнгө хайгаад л гүйдэг. Тэд яаж ийгээд хэдэн төгрөгний орлого олчих гээд л хичээж чармайж байдаг. Үндэсний бөхчүүд гадаад явахгүй тул мөнгө хэрэггүй юм болуу, зодог шуудгаа бөхчүүд нь өөрсдөө бариад ирдэг тул заалны мөнгө төлөхөд л болоо гэж боддог юмуу? Үнэхээр ашгийн бус байгууллага юм бол барилдааны тасалбар зэргээс орсон мөнгөө яадагаа дэлгэж, тайлан тавимаар.

 

 

За ингээд ер нь юу хийвэл зохих вэ? Юуны өмнө хийх ажил бол төр засгаас цол чимэг олгодогийг зогсоож, хараат байдлаас гарах. Яахаараа ерөнхийлөгч зарлиг гаргаж цол олгодгийг ойлгоход бэрх. Наадам зохион байгуулах комисс засгийн газраас томилогддог нь ч гайхалтай. Хэдийгээр үндэсний бөх ч аваад үзвэл жирийн нэгэн спорт. Аль нэг спортын дотоод хэрэгт орохоо тултлаа завтай улс төрчид байна уу? Хэрэв тийм их үндэсний бөхөө удирдан залж аваад явмаар байвал бүтэн жил хариуцан, заалныхаас авахуулаад аль нэг аймаг сумын барилдааныг ч зохион байгуулж өгмөөр.

Зарим сонинд төрийн наадмыг төрийн бус байгуулагааар оромдуулахаа болье гэжээ. Энэ бол төрийн наадам биш Монголын ард түмний наадам билээ. Төр засгийн хэдэн түшмэд ноёдын наадам байж таарахгүй. Үндэсний бөхийн холбоондоо цол чимэг олгох хороо байгуулж, хурлаар шийдээд, наадмын бэлтгэл ажлаа өөрсдөө хийж чадахгүй юм бол үндэсний бөхийн холбоо гэж өөр юу хийдэг байгууллага болохыг хэлэхэд бэрх. Нэгэнт сумогийн холбоо шиг цалин пүнлүү өгөж чадахгүй тул бөхчүүд засуулаа барихад хэцүү. Тиймээс бөхчүүдийг барьж захирж байх гол систем нь цол болох ёстой. Цолыг шударга олгодог болсоноор бөхчүүдийн барилдах урам сэргэнэ. Зохисгүй байдал гаргах болон гэмт хэрэг хийсэн тохиолдолд цолыг хурааж авах. Найрааны гол цөм болсон начин цолыг наадмаар өгөхөө болих хэрэгтэй. Наадмаас 3 сарын өмнө улсын цолгүй бөхчүүдийн наадам зохион явуулж, шөвгийн 4 бөхөд начин цол олгоход болно. Жил болгон жинхэнэ чадалтай начин төрнө гэсэн үг. Бусад цолыг наадмаар олгож, цолгүй бөх 8 давбал начин болох гэх мэтээр найрааг багасгах арга хэмжээ хэрэгтэй. Бөхчүүд гэдэг үндэсний бөхийн гол эрдэнэ. Тэднийхээ амьдрал орлогыг дээшлүүлэх, бэлтгэл хийх нөхцлөөр хангах нь том ажил. Сумогийн дэвжээний систем нэвтрэхэд хэцүү ч том компаниуд, нутгийн зөвлөлүүд дээр түшиглээд гал байгуулах. Наадмын өмнө л гардаг галыг жил тойрон гаргадаг болгох. Менежментээ сайжруулж зах зээлд тохирсон уян хатан бодлого явуулах. Үндэсний бөхтэй холбоотой бүх зүйлийг холбоо эрхийг нь эзэмших. Бөхчүүдийн дүрс зурагтай ил захидал, календарь, плакат гаргах үйлдвэрлэх эрхийг үндэсний бөхийн холбоо дангаар эзэмшин худалдаалбаас хөөрхөн орлого олчино. За тэгээд хүүхэлдэй, түлхүүрийн оосор, сэтгүүл гээд л юу эс хийж болох вэ дээ. Гадаадад зардаггүй юмаа гэхэд жуулчдад арилжан бөхчүүддээ хувь хүртээдэг байвал. Энэ мэтчилэн орлогын эх үүсвэрийг олж зөв зүйтэй зарцуулбал үндэсний бөхийн холбоо шиг боломжтой спортын холбоо өөр байхгүй юм.

 

 

Бөхийн хорхойтнуудыг дуудан, хүүхэд багачууд том болоод бөх болно гэж хэлдэг болгохын тулд баатар буюу HERO хэрэгтэй. Шинэ залуу од гарж ирэх нь тухайн үеийхээ бөхийн хөгжилд их нөлөө үзүүлдэг. Таканохана Ваканохана ах дүү барилдаж байх үед сумогийн ордон үргэлж дүүрэн байдаг байсан гэнэ. Үүний тулд бөхчүүдээ рекламдаж сурталчлах хэрэгтэй. Сумогийн барилдааны өмнөх ёслол нь нэг талаар уламжлал ёс заншлаа гарган үзүүлж байгаа ч нөгөө талаар бөхөө сурталчилж байгаа хэрэг. Нүүр царайг нь дэлгэцээр тод гарган ард түмэнд таниулах гэсэн бодлого юм. Такамисакаригийн нүүр цээжээ балбадгийг анх холбооноос хориглох гэж байсан ч судалгаа хийж үзээд больсон байна. Учир нь хүмүүс Такамисакариг харах гэж ордонд их ирж байгаа нь судалгаагаар гарж. Барилдааныг нь биш нүүр царайных нь хувирлыг л харахын төлөө. Тэр тусмаа сумо ер сонирхдоггүй байсан хүн хүртэл ордонд ирдэг болжээ. Нэг хүн ирнэ гэхэд тасалбар авна, тэгээд хоол иднэ, архи дарс ууна, бэлэг дурсгал худалдаж авна. Сумогийн ордонд хоолны газар, бэлэг дурсгалын мухлаг гээд л бэлэн тул 50 ногооноор тасалбар аван орж ирсэн хүн нэг мэдэхэд 40 ногооноор ууж идээд, 60 ногооноор дурсгал худалдаж аваад л гарсан байдаг. Сумогийн холбоо ч энэ тал дээр хурдан шалмаг ажиллана. Такамисакари алдаршаад эхлэнгүүт Такамисакари гэдэг хоол гаргасан. Тэр дороо л дуусдаг. Нэгэнт зах зээлийн үед байгаа тул бизнес сэтгэлгээтэй байхгүй бол дампуурах болно. Манайд шинэ залуу од цөөхөн төдийгүй байгаа хэдийгээ холбооноос сурталчилж алдаршуулах тал дээр муу байх шиг. Аль хэдийний 6 заан гэж яригддаг байсан хэдийгээ л танихаас шинэ улсуудын царай зүсийг сайн мэдэхгүй хүн олон байх.

 

 

Тэмцээн уралдааныг сонирхолтой болгох нэг чухал зүйл шүүлт. Худлаа шүүгээд засаад эхэлбэл үзэгчид дургүйцэн дахиж бөхийн ордонд ирэхгүй ч юм билүү. Ганц хорхойтноо алдахад нилээд хэдэн төгрөгний хохирол хүлээнэ гэдгээ ойлгох цаг болсон. Засуулууд яагаад дандаа хөгшин, дээл гутлаа даахгүй хүмүүс байдагийг мэдэхгүй юм. Нэг бол холбооноос ахмадуудаа ажил хийлгэж, аж амьдралыг нь дэмжиж байгаа байх, эс бөгөөс настай хүмүүс цалин хямд болохоор ажиллуулдаг байх. Энэ бүхний эцэст хохирох нь үзэгчид бөхчүүд. Үндэсний бөхийн холбооноос энэ тал дээр анхааран залуу халаа засуулчид бэлтгэх. Биеийн тамирийн их дээд сургуулиудтай хамтран засуул шүүгчийн анги нээх. Шүүлтэд видео бичлэг ашиглах нь маргааныг таслах хялбар арга.

 

 

Оны эхнээс жилдээ зохиогдох тэмцээн уралдааны хуваарь гаргах нь хорхойтнууд төдийгүй бөхчүүдэд ч ажил алба, бэлтгэлээ зохицуулахад хэрэгтэй болуу. Хуучин үеийх шиг бүгд нутагтаа байдаг үе өнгөржээ. Гадаад дотоод явах, бизнес наймаа гээд л байх байхгүй үе олон. Аль болох олон шилдэг бөхчүүд барилдвал хүн ч их үзнэ. Барилдааныг нэвтрүүлэх эрхийг телевиз радиотой гэрээ байгуулан худалдах, реклам сурталчилгаа, ивээн тэтгэгч гээд л мөнгө олох арга сүв болгоныг ашиглах. Сүүлийн үед ихэд унасан бөхчүүд болон үндэсний бөхийн нэр хүндийг сэргээх тал дээр ч ажил их байна. Янз бүрийн сэдэвт өдөрлөг зохиох. Нэг өдөр мэх танилцууллаа гэхэд маргааш нь засуулын тухай гэх мэт. Наадам дуусаад баахан ярьж байгаад ирэх жилийн наадам хүртэл мартаад орхидог монгол зангаа энэ удаад хаях хэрэгтэй.

 

 

Японы сумо бөх эрт дээр үеээс энэ талууд дээр сайн анхаарж байсныхаа ачаар өдий зэрэгтэй яваа билээ. Тойргоос гарах, эсвэл биеийн аль нэг хэсэг газар хүрэхэд ялагдана гэсэн хүүхдэд ч ойлгомжтой энгийн дүрэм, тэгээд жижиг бөх томыгоо хаяж үзэгчдийг шуугиулах , өрсөлдөгчөөсөө гадна дэвжээтэйгээ барилдан гарахгүйн тулд хамаг хүчээ дайчлан довтлох, уйдах зав өгөлгүй шуурхай дуусах, тухайн үедээ тохирсон менежмент бодлого гээд л олон юмны ачаар сумо бөх бусад орны сырым, кураш, манай үндэсний бөхөөс илүү хөгжиж ирсэн юм. Гэхдээ үргэлж дэвжээд дэвшээд амгалан тайван яваад ирсэн юм бас биш. Цалин мөнгө, цол гээд л олон маргаан хагарал гарж байсан. Үүнээс хамгийн томыг нь та бүхэнд сонирхуулья.

 

 

1932 оны 1 сарын тэмцээний банцүкэ 1 сарын 5 ны өдөр гарлаа. Барууны комүсүби Мусашияма баруун жигүүрийн сэкивакэ Тэнрюг алгасан оозэки болсоныг эсэргүүцсэн Тэнрю 6 нд баруун жигүүрийн макүүчи болон жүрёгийн бөхчүүдийг дагуулан Оимачи хотхоны Шюнжюүэн хэмээх зоогийн газар бүгэн ,холбоонд шинэчлэл хувьсгал хийх шаардлага тавьсан. Банцүкэг шударгаар гаргаагүйгээс эхэлсэн мэт харагдавч үнэн хэрэгтээ гол шаардлага нь бөхчүүдийн амьжиргааг сайжруулах эдийн засгийн шинэчлэл байв. Тэр үед Япон Хятадад дайн хийж байсны улмаас улс орны эдийн засаг ч муу, бөхчүүдийн амьдрал доошилж байснаас гадна сумогийн ертөнцөд дийлж байсан Дэваноүми дэвжээ хэт их эрх мэдэлтэй байсан нь ч сумочдын дургүйцлийг хүргэж байв. Тэнрю– макүшитагийн бөх гэмтээд хэдэн сар болбол хоол олж идэж ч чадахаа байсан. Тэгээд л ивээн тэтгэгч дэмжигчдээс мөнгө авахаас өөр аргагүй болж байна хэмээн ярьж байв.

 

 

Сумочдоос холбоонд тавьсан шаардлага-

1, Сумогийн холбооны санхүүгийн байдлыг шалган, орлого зарлагыг ил тод болгох.

2, Барилдаан тэмцээний цагийг өөрчлөх. Зуны улиралд барилдааныг оройн цагаар хийх.

3, тасалбарын үнийг хямдруулах, сумог аль болох олон хүнд үзүүлэхийн тулд тусгай суудлуудыг цөөлж, нийтийн суудлыг ихэсгэх.

4, сумо чяя хэмээх тасалбар зардаг газрыг татан буулгах.

5, ояката болох системийг аажмаар халах.

6, тэтгэвэрийн мөнгө, халамжын систем бүрдүүлэх.

7, Орон нутагт хийх тойргийн барилдааны тогтолцоог үндсээр нь өөрчлөх.

8, Бөхчүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлж, аж амьдралыг баталгаажуулах.

9, Холбоонд цомхтгол хийх.

10, Холбоонд бөхчүүдийн хороо байгуулж, хамтран ажиллах.

Сумогийн холбооноос яаралтай хурал зарлан хуралдуулсаны эцэст бөхчүүд санал онолоо ояката багшаараа дамжуулан тавих ёстой гэсэн хариу өгөн Фүжишима, Касүгано 2 ояката очин ухуулга хийсэн боловч амжилт олсонгүй. 1 сарын 7 ны өдөр холбооноос бөхчүүдийн шаардлагад хариу өглөө. Үүнд- санхүүгийн байдлаа зарлаж байгаа ч улам ил тод болгох тал дээр анхаарна. Тасалбар зардаг газруудыг цаг нь болохоор хаана. Ояката болох системийг устгахгүй ч өөрчлөлт хийнэ. Цомхтгол хийхээр бэлдэж байна. Барилдаан эхлэх цагийг бөхчүүдийн эрүүл мэнд, үзэгчдийн саналыг судлаж шийдвэр гаргана. Тасалбарын үнийг багасгах талаар бодолцоно. Тойргийн тэмцээний талаар судлаж үзнэ. Бөхчүүдийн хороо зөвлөл байгуулах талаар бодож байгаа. Энэ хариултыг хангалтгүй гэж үзсэн Тэнрю тэргүүтэй баруун жигүүрийн бөхчүүд 1 сарын 10 нд сумогийн холбооноос тусгаарлаж байгаагаа зарлан Их Японы Шинэ Сумо Холбоо гэгчийг байгуулж байгаагаа зарласан. Шюнжюүэн хоолны газар луу хөгжөөн дэмжигч болон ивээн тэтгэгчидээс идэж уух юм хайрцаг хайрцагаараа ирэн ард түмний ихээхэн дэмжлэгийг хүлээж байлаа. 1 сарын 11 ээс эхлэн шинэ холбооны бөхчүүд бэлтгэл хийж эхлэн, Цагдаагийн газар хандан тэмцээн явуулах, холбоогоо батлуулах зөвшөөрөл хүссэн. Зүүн жигүүрийн бөхчүүд ч холбооноос гарж байгаагаа зарлан 1 сарын тэмцээнийг хойшлуулахаас өөр аргагүй болсон сумогийн холбоо Их Японы Үндэсний хороо хэмээх барууны үндсэрхэг үзэлтний намаас тусламж гуйжээ. Тэд сөргөлдөгч талуудын дунд зуучлах үүрэг гүйцэтгэхээр болж, Шинэ холбооныхонтой уулзсан боловч үр дүн гарсангүй. Энэ үеээр Үндэсний хорооныхон Шинэ холбоо руу довтолгоо хийх гэж байна гэсэн цуурхал гаран бөхчүүд сандралд орж, зарим нь зугтан сумогийн холбоонд буцан орсон. 1 сарын 16 ны өдөр шинэ холбооныхон Үндэсний намд эсэргүүцэл илэрхийлж байгаагаа мэдэгдэн бүгд магэ үсээ тайран Үндэсний намд хүргүүлсэн ба Үндэсний намаас энэ хэрэгт дахин оролцохгүй гэдгээ зарлан үсийг нь буцаан явуулжээ. 1 сарын 19 ний өдөр цагдаагийн газраас 2 холбоог эвлэрүүлэх санал гаргасан ч шинэ холбоо хүлээн авсангүй. 1 сарын 26 нд зүүн жигүүрийн 13 бөх Нагояд очин сумогийн холбооноос гарж буйгаа зарлан, Шинэчлэлийн холбоо байгуулсан. Зүүн жигүүрийн бөхчүүд анх баруун жигүүрийхэн өөрсдөдтэй нь ярьж зөвлөлгүй холбооноос гарсанд дургүйцэж байсан ч энэ маягаараа байгаад байвал холбоонд ашиглуулаад таарах нь гэдгээ ойлгоод барууныхны араас явсан байна. Эвлэрлийн зам байхгүйг ойлгосон сумогийн холбооноос 2 сарын 13 нд хуралдан хоёр шинэ холбооны 48 бөх, 5 засуулыг холбооноос хасаж байгаагаа мэдэгдэж, үлдсэн бөхчүүдтэйгээ 2 сарын 22 оос эхлэн 8 хоног башё зохиохоо зарлав. Хоёр шинэ холбоо ч нэгдэн Их Японы сумо холбоо байгуулжээ. Их Японы сумогийн холбоо бөхчүүдээ A,B,C гэсэн 3 зэрэгт хуваан тойргоор барилдаж, зэрэг тус бүр дээр аваргаа шалгаруулахаас гадна доод зэргийн эхний 3 т орсон бөх дээд зиндааныхаа доод талын 3 бөхтэй барилдан ялвал дээд зэрэглэлдээ ордог системээр тэмцээн явуулж байв. Мөн үзэгчдийн саналаар 3 үеээс 10 үе хүртэл халз барилдаан хийн , шинэлэг зүйлс сэтгэн оруулж байлаа. Гэвч бөхийн тоо цөөхөн тул тэмцээн дуусгаад дахиад 10 барилдана гэдэг их хэцүү байсан нь мэдээж. Барилдаад ганц минут амраад л дахин үзэлцэж, 10 –р үе болоход зүгээр зууралдан цохилдож байгаа юм шиг болдог ч энэ халз барилдаан үзэгчдэд ихээхэн таалагдсан байна. Анхны хэдэн тэмцээн сонин хэвлэлээр цацагдан үзэгчид ч их ирж, том амжилт олсон байна. Тэнрю тэмцээний өмнө онгоцноос сурталчилгааны хуудас цацах зэргээр реклам ч их хийж байв.

Энэ үед сумогийн холбоо ихэнх цолтоноо алдаад яаж тэмцээн хийх вэ гэдгээ бодож байлаа. Дээд зиндааны 12 , жүрёгийн 3 нийлээд 15 хан сэкиторитэй үлдсэн холбоо дээд зиндаа 20, жүрё 20 бөхтэй барилдана хэмээн шийдвэр гаргалаа. 15 сэкитори дээр макүшитагийн дээд хэсгийн 5 бөхийг нэмээд макүүчи, жүрё бол бүгд макүшитагаас гарсан бөхчүүд байв. Макүшитагаас шууд дээд зиндаанд дэвшиж байсан тохиолдол өөр байхгүй. Баруун зүүн жигүүрээр барилддаг байсныг болиулан нэг дэвжээнийхэн хоорондоо барилдахгүй байх системд шилжсэн. Энэ үед жүрё барилдаан эхлэхээс өмнө макүшитагийн бөхчүүд дэвжээнд гарах ёслол хийдэг байсан нь бидэнд өөр зөндөө бөх байна гэдгээ харуулах зорилготой байв. Гэвч олон сайн бөх байхгүй болсоноор үзэгчид ирэхгүй болж, орлого ихэд багассан байна. Үзэгчдийн хувьд хоёр тусдаа тэмцээн болж байгаад дургүйцэх хүн ч олон байлаа. Ер нь хоёр холбооны аваргуудыг халз тулалдуулбал яасан юм бэ, тэгвэл аль нь жинхэнэ хүчтэй гэдэг тодроно гэх санал их гардаг болж эхлэв. Тэнрю удаан бодсоны эцэст сумогийн холбоонд шилдэг бөхчүүдээ халз үзэлцүүлэх санал тавьсан ч сумогийн холбоо авж үзсэнгүй. Сумогийн холбоо энэ маягаараа явбал дампууралд орох шинжтэй байсан ч тэд сөрөг арга хэмжээ аван хуучин зүүн жигүүрийнхний байгуулсан Шинэчлэлийн холбоотой далд хэлэлцээ хийн, зарим нэг буулт хийснээр Шинэчлэлийн холбооныхон сумогийн холбоонд буцан орох болжээ. Шинэ аврага Таманишики , арслан Футабаяма нарын хүчтэнүүд гарж ирсэнээр сумогийн холбооны тэмцээн урьдын үзэгчдээ буцаан авж эхэлсэн байна. Тэнрюгийн Их Японы Шинэ Сумо Холбоо хоорондоо хагаралдан бутарсанаас сумогийн холбоо руу зугтах хүмүүс гарж, тэмцээн зохиоход хүндрэлтэй болсон, шинэ залуу бөхчүүд орж ирэхгүй, ивээн тэтгэгч байхгүй зэргээс болон тарах болж, 1937 онд сүүлийн тэмцээнээ хийгээд бөхчүүд сумогийн холбоонд эргэн оржээ. Тэнрю сумо ордон байсан газраа заран холбооныхоо өрийг дараад үлдсэнийг нь бөхчүүддээ хуваан өгөөд өөрөө Манжуур луу явсан байна. Өнгөцхөн харахад ялагдлаар дууссан юм шиг үзэгдэвч энэ явдлын ачаар сумогийн холбооны асуудал парламентад хүртэл хэлэлцэгдэн ил далд мөнгө болон элдэв шударга бус зүйл устахад ихээхэн нэмэр болсон. Бөхчүүд дундаа ихэд боловсролтой хүн байсан Тэнрю сумогийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн юм.

 

Одоо манай үндэсний бөхөд ингэж хагарж бутралгүй шинэчлэл хийх хэрэгтэй байна.

 

Сугараа


URL:

Сэтгэгдэл бичих