Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлал шалгаруулах
-Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд нийцсэн үндэсний стандарт, хөтөлбөрийг боловсруулж мөрдүүлэх нь боловсролын чанарын шинэчлэл хийх, цаашлаад чанарын удирдлагаар хангах ажлын эхлэл юм. Нэн тэргүүнд 12 жилийн шинэ тогтолцооны эцсийн үр дүнд төлөвшсөн байх хүний шинж төрхийг тодорхойлон гаргах, үүнд үндэслэн шинэ тогтолцооны бүтцийн зураглал гаргаж, боловсролын агуулгын үзэл баримтлалыг боловсруулна. Эхний жилд ЕБ-ын 12 жилийн тогтолцоонд нийцсэн төрөлх хэл болон математикийн хичээлийн стандартыг боловсруулж мөрдүүлэх, дараагийн жилээс байгалийн ухаан, гадаад хэлний стандартыг боловсруулах гээд шат дараатай ажлуудыг төлөвлөөд байна. Бага боловсролын болон багш бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх, удирдах ажилтны сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх ажлыг энэ жилээс эхлүүлээд байна. Мөн стандарт, хөтөлбөр боловсруулахын зэрэгцээ багш бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх чиглэлэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх, шинээр бэлтгэгдсэн болон мэргэжил дээшлүүлсэн багш нарын боловсролын шинэчлэлд оролцох сургуулийн орчинг бүрдүүлэх, боловсролын байгууллагын чадавхийг дээшлүүлэх ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
-Боловсролын үндэсний стандарт, хөтөлбөрийг боловсруулдаг арга туршлагаас судалсан зүйл байна уу?
-Аль ч салбарын мэргэжилтний чадамжийн асуудал өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Өнөөдөр дэлхий дахинаа хүн хүчний бодлого, хүний чадамжийг дээшлүүлэх нь боловсролын зорилго болон тавигдаад байна. Боловсролын үр дүнгээ хүнтэйгээ холбож, хүний чадамжтай холбон ойлгож түүгээр хүрэх үр дүнгээ баримжаалах боллоо. “Competence” гэдэг нийтлэг ухагдахууныг бид төрөлх хэлээрээ “чадамж” хэмээн хөрвүүлэн хэрэглэж байна. Чадамж нь хүний мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг өөртөө агуулдаг, шинжлэх ухааны судлагдахуунд бус хүндээ ойртсон ухагдахуун юм. Боловсролын стандарт, хөтөлбөрийг мэдлэгт бус чадамжид суурилан боловсруулах дэлхий дахины нийтлэг хандлага болоод байна.
Үүнээс гадна стандарт, хөтөлбөр боловсруулах ажлыг хамтын оролцооны зарчимд тулгуурлан явуулдаг туршлага нийтлэг болоод байна. БШУ-ны сайд дэргэдээ бодлогын зөвлөх баг ажиллуулж, стандарт, хөтөлбөр боловсруулах үндэсний зөвлөл байгуулж, багш судлаач, мэргэжлийн хүмүүсийг багийн зохион байгуулалтаар боловсролын шинэчлэлд оролцох боломж олгож байгаа нь менежментийн шинэ хандлагыг баримтлаж байгаагийн илрэл гэж хэлж болно. Ийм зохион байгуулалтанд орсноор манай багш нар, судлаачид, шинийг санаачлагч нар өөрсдийн олон жилийн турш бэлтгэж хадгалсан боловсролыг шинэчлэх үзэл баримтлал, төслүүдээ танилцуулж эхлээд байна. Бид ойрын хугацаанд зарим вэб сайтаар боловсрогдсон үзэл баримтлал, төслүүдийг нийтэд хэлэлцүүлэх болно.
URL: