Д.Арвин: Ардын намынхан намайг сэтгэл санааны дарамтад оруулах зорилготой байгаа
УИХ-ын гишүүн Д.Арвиныг энэ удаагийн “Ярилцах танхим”-ынхаа зочноороо урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэц тантай холбоотой асуудлаар хуралдсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Сонгуулийн хуулийн дагуу бүх үйл ажиллагаагаа явуулсан. Тэгээд сонгогдоод, гарч ирсэн. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс, магадгүй МАН-ынхан намайг удаа дараалан ийм хүнд байдалд оруулж байна л даа.
Жишээлбэл, анхан шатны үүрүүдийнхээ хурлаар намайг намаас нь гарсан асуудлыг хэлэлцээд, одоо болтол жижиг, сажиг асуудлуудыг тавьж, намайг сэтгэл санааны хувьд дарамтанд оруулах сонирхолтой байгаа юм билээ. Намайг зүгээр байлгахгүйгээр сар болгон ямар нэгэн байдлаар хүнд байдалд оруулах процесс явагдаж байгааг би мэдэж байгаа. Сонгуулийн хуулинд “Дахин сонгууль, нөхөн сонгуулиудад ирцийг бүртгэнэ” гээд тодорхой заачихсан. Харин дахин санал хураалтын тухайд ирцийг харгалзахгүй, зөвхөн 28 хувиас дээш санал авсан байх ёстой гэсэн хуультай. Энэ хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо миний нэрийг оруулж ирсэн. Гэтэл өргөн барьсан өдрөөс эхлээд л намайг ийм байдалд оруулж байгаа юм. Үндсэн хуулийн Цэц хуралдсан гэдгийг мэдээгүй байсан. Миний асуудлаар хуралдсан юм билээ. Тэр өдөр нь мэдээлэл сонсоход Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан гэж байсан. Сүүлийн үед улстөрчид нэг нэгэн рүүгээ дайрах, дарамтад байлгах үйлдлүүд ихээр гарч байгаад би их харамсаж байна. Би өөрөө сонголтоо хийсэн. Энэ бол урвалт биш, сонголт.
-Гэнэтийн сонголт тань тэднийг цочирдуулсан бололтой?
-Би энэ намд өмнө нь маш олон жил хүнд байдалд байсан гэдгээ ярихгүй байгаа шүү дээ. Зовлонгоо яривал надад их юм бий. Гэтэл өнөөдөр миний араас удаа дараалан удирдах нөхдүүд нь ярилцлага өгөөд, анхан шатаар “юм” зохион байгуулаад, Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгааг миний эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байгаа. Ер нь Д.Арвинг намаас гаргах асуудал бол манай намын удирдах төвшний хүмүүсийн аль зургаадугаар сараас хойш хийсэн ажил шүү дээ. Долоодугаар сарын 1-нээс эхлээд л “Д.Арвин Хувьсгалт намд орчихсон” гээд миний өмнөөс мэдэгдэл, мэдээлэл хийж дамжуулсаар байгаад намайг “Байж суух газаргүй” болгочихсон. Нэг ёсны намайг намаа солих байдалд хүргэсэн хүн нь МАН-ынхан. Намайг яаж ч дарамталж, дарамттай байлгалаа гээд сэтгэл санаагаар унах ч юм уу, тийм зүйл байхгүй. Тэгж унадаг нас, цаг өнгөрсөн. Тийм учраас би зүгээр өөрсдийнхөө намыг шинэчлээд, өөрсдөө аятайхан байгаачээ гэж Ардын намынхнаас хүсмээр байна.
-Цэц хуралдсан асуудлыг ер нь МАН-ынхны хийж байгаа ажил гэж үзэж байгаа хэрэг үү?
-Тийм. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл МАН-ын анхан шатны үүрүүдийн хурал болгон дээр миний тухай хэлэлцүүлээд “Д.Арвинг сар, өдөр болгон зүгээр битгий суулгаарай” гэсэн үүрэг өгсөн. Энэ зорилгоороо гишүүдээрээ хэлэлцүүлээд, гишүүдэд зааж өгч, яриулаад байгаа юм билээ.
-Ер нь энэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш гишүүдийг ямар нэгэн байдлаар эргүүлэн татах, эсвэл гишүүн болгох гэсэн оролдлогууд шүүхийн захирамжаар гарч байгаа. МАН-ынхан бол үүнийг сонгогчдын эрхэнд халдсан асуудал гэж шүүмжилдэг. Харин та хэрхэн харж байна вэ?
-Хуулийг л дээдлэх ёстой. Хууль бус шийдвэр гарсан, хууль бусаар хийсэн үйлдэл байвал хэн нь ч хариуцлагаа хүлээх ёстой. Тийм учраас шүүхийн шийдвэр нь маш зөв гараасай, хуулийн шийдвэр нь зөв гараасай. Хууль зөрчсөн, мөнгө төгрөг тараасан зэрэг нь үнэхээр баримттай байвал эргүүлэн татах нь гарцаагүй. Тэгэхээр би бүх зүйл шүүх, хуулиар зөв яваасай л гэж бодож байна.
-Танд бол хууль зөрчсөн асуудал огт байхгүй гэж харагдаж байна уу?
-Байхгүй. Дахин санал хураалт, дахин сонгууль хоёр өөр ойлголт. Дахин сонгууль, нөхөн сонгуулийн тухайд ирц нь 50-аас дээш, нэр дэвшигч нь 28-аас дээш хувийн санал авсан байх ёстой байдаг. Харин дахин санал хураалтад 28 хувиас л дээш санал авсан байх ёстой. Ирцийг харгалзахгүй. Тэр нь сонгуулийн хуулинд тодорхой байсаар байтал ийм зүйл хийгээд байна.
-Та Ардчилсан намд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь МАН-ын төлөө чамгүй олон жил ажилласан. Ардчилсан намд орсноор хэр өөрчлөлт ажиглагдаж байна вэ. Хоёр намын ялгааг илүү сайн олж харж байгаа байх?
-Ардын намд байх хугацааны сүүлийн хоёр, гурван жилд би зогсонги байдалд орсон шүү дээ. Та нар мэдэж байгаа, би дуугарахаа ч байсан. Өнгөрсөн парламентын гишүүд надаас их халгаж байсан байх. Би намын бүлгийн хурал дээр уурлан байж үг хэлж, даралтаа ихэсгэж, гараад эм уугаад л явж байсан. Буруу юм хийж байна, ингэнэ, тэгж болохгүй гээд л хэлдэг байсан. Би МАХН-ын нэрийг солиход эсрэг байр суурьтай байсан. МАН гэдэг нэрийг авахад маш их дургүйцсэн. Тэр хурлын үеэр би эмнэлэгт хэвтсэн байсан. Намын нэрийг солихыг би сонс ч нүдээрээ харахыг ч хүсээгүй. Гишүүд нь ингэж зовж байгааг Ардын намын удирдлагууд огт мэддэггүй. Өөрсдийнхөө л өнгө аяс, үзэмжээр шийдвэрээ гаргачихдаг. Тийм учраас олон зүйл дээр үг авахгүй, дэмжихгүй байдлыг хараад би сэтгэл гонсойчихсон байсан. Өмнөх сонгуулиар нэг намаас хоёр дахь удаагаа дэвших үед манай нам намайг хүчээр “цаашаа болгочихсон” нь надад олон зүйл дээр мэдрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор би өөртөө дүгнэлт хийе гэж бодож байсан.
Хоёрдугаарт, МАН-ынхан намайг өөрийнх нь Ардын намд байхад аль хэдийнэ Хувьсгалт нам руу явуулчихсан. Миний өмнөөс ярилцлага өгч, миний өмнөөс “Д.Арвин МАХН руу явчихсан” гэж ард түмэнд мэдээлж байсан. Энэ мэт олон нөхцөл байдлаас би намаа өөрчилсөн. Ардчилсан намд орсондоо сэтгэгдэл өндөр байгаа. Яагаад гэвэл миний өөрийн натур, байгаа байдал ардчилсан. Ил тод хэлчихдэг, үзвэл үзчихдэг, яривал ярьчихдаг. Бодох санах юм байхгүй. Би өөрийнхөө намд ярих тусам дандаа дарагдаж байсан.
Ардчилсан намд би өнөөдөр ярьдаг юмаа яриад л явж байгаа. Тэгэхээр энэ хоёр намын хооронд маш их ялгаатай юм билээ. Ардчилсан нам бол фракциудтай. Тэр нь ойлгомжтой. Бүгдээрээ асуудлыг фракц, фракц дээрээ шийддэг. Манайд бол фракц байдаггүй. Хоёр, гуравхан дарга дарамтлаад л бүх юмыг шийдчихдэг. Эднийх бол нэг асуудлыг дөрөв, таван фракц ярилцаж байж, хамтын хүчээр шийддэг. Энэ нь надад маш их таалагдсан. Ийм учраас миний өөрийн натур энэ намтай нийцэж байгаа. Тэгэхээр Ардчилсан намд би сэтгэлийн хувьд их сайхан, тайван байна.
-Н.Энхбаяр даргын талаар юу гэж бодож байна вэ?
-Хуулийн хүрээнд шийдвэр нэгэнт гарчихсан учраас би үүнийг зөв, буруу гэж ярьж чадахгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг өршөөл үзүүлэх байх гэж бодож байна. Ер нь Н.Энхбаяр даргыг явуулах, матах үйл ажиллагааг өөрийнх нь Ардын намынхан л явуулсан байх гэж боддог. Энэ асуудал нэгэнт болоод өнгөрчихсөн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх байх л гэж бодож байна.
-Та Ардчилсан намын гишүүн. Хэдий тийм ч шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ, алдаа, дутагдалтай зүйл байна уу. Нөгөө талаар энэ засаг удахгүй тарна. МАХН-ынхан эсвэл МҮАН-ынхан засгаас гарна гээд л байх юм?
-Ер нь Засгийн газар болгон шүүмжлэлд өртдөг. Өртдөггүй Засгийн газар гэж байдаггүй. Энэ жамаараа бол Засгийн газрыг шүүмжлэх асуудал байдаг. Гэхдээ мэдээж энэ дөрвөн жилд би Засгийн газрыг уначихна гэж бодохгүй байна. Харин үйл ажиллагааны хувьд мэдээж ололттой, дутагдалтай талууд бий. Бид аль болох иргэд рүүгээ хүрсэн, иргэдтэйгээ тулсан ажил зохион байгуулъя гэж байгаа. Ардчилсан намын дарга, Засгийн газар иргэд рүү тулсан, иргэдийнхээ төлөө ажил явуулж байна. Миний хувьд үүнд сэтгэгдэл өндөр байгаа. Тийм ч учраас үүн дээр нэмж, өөрийнхөө бодож, төлөвлөж явсан ажлуудаа хийх, хамтарч ажиллах таатай нөхцөл бүрдсэн гэж бодож байна.
-Тухайлбал, ямар ажил байна вэ, таны хувьд?
-Дагуул хотуудыг байгуулах асуудлаар УИХ-ын даргын захирамж гарсан байгаа. Нийслэл Улаанбаатар хотод Монголын хүн амын 48-50 хувь нь төвлөрчихсөн. Цаашдаа ч хөдөөгийн иргэд хот суурин газарт суурьших бодолтой болчихсон. Наад зах нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын арван хүн тутмын долоо нь төв суурин газраа бараадах цаг үе ирчихсэн байгаа юм билээ. Тэгэхээр нийслэл хот маань энэ их шилжин ирэгсдэд бэлэн байна уу. Хотын хүчин чадал, төлөвлөлт бэлэн байна уу гэдэг нь маш чухал. Тэгэхээр бид иргэдийнхээ төлөө төв суурин газруудыг шинээр зохион байгуулах ёстой.
Улаанбаатар хотыг тойрсон Багануур, Төв аймаг, цаашилбал, Сонгинохайрхан дүүрэг, 61-ийн гарам өнгөрөөд төвлөрсөн дагуул хотуудыг байгуулж, тэндээ төрийн төв байгууллагуудыг шилжүүлж, төвлөрлийг сааруулах хэрэгтэй байгаа. Бид их нүүдлийг зогсоох ямар ч боломж байхгүй. Тиймээс иргэддээ нүүж ирэх боломжийг бий болгохын тулд шинэ хотуудыг хотын захад бий болгож, суурьшуулах асуудлыг төр өөрөө зохион байгуулах ёстой.
Бид иргэдэд хотын захад газар өгөөд байхад иргэд тэнд очиж суухгүй байгаа. Яагаад гэвэл иргэд өөрсдөө зах зээлээ бараадаж, төв суурин газарт суурьшихыг хүсэж байна шүү дээ. Үүнд тохирсон бодлогыг Ардчилсан намынхан гаргаж байна. Би энэ ажилд хамтарч, дагуул хотуудыг байгуулах комисст багтан ажиллаж байгаа. Одоо Дагуул хотуудын тухай хууль боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна.
-Таныг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа бүгд л МАХН руу явна гэж харж байсан байх. Харин та АН-ыг сонгосон. Яагаад МАХН-ыг сонгоогүй вэ?
-МАХН руу явна гэдэг долоодугаар сараас явуулсан мессежний эзэн би биш байсан. Миний өмнөөс манай намын нөхдүүд аль долоодугаар сараас эхлээд л “Д.Арвин бол МАХН-ын хүн” гээд л сонин хэвлэлээр “нүдчихсэн”. Би өөрөө ийм шийдвэр гаргаагүй байхад миний өмнөөс шийдвэр гаргачихсаныг би огт ойлгохгүй байгаа. Ингээд л дахин, дахин ийм мессеж тараад байхаар “Би явах ёстой юм болов уу. Үгүй юм болов уу” гэж бодож л байсан. Би МАХН-ын нэрийг МАН болгоход дургүй байсан гэдгээ хэлсэн. Тийм учраас хуваагдсан хоёр намын аль нэгэнд нь ороод хэрэггүй юм болов уу гэж бодсон. Алинд нь ч оролгүйгээр АН-д оръё гэж шийдсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Энхдэлгэр
URL: