Д.Сугарыг шалгахаар УИХ-д хандаж магадгүй гэнэ
“МИАТ”-ийн Дайны эрсдэлийн даатгалын мөнгийг угаасан хэрэг багагүй шуугиан тариад байгаа. Уг хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд мөнгө угаасан цагаан захтнуудын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа талаар мэргэжлийн байгууллагын эх сурвалж мэдээлж байгаа юм.
2011 оны есдүгээр сарын 11-ны өдөр АНУ-д болсон террорист халдлагаас хойш олон улсын авиакомпаниудын холбооноос шаардлагатай үед хэрэглэх эрсдэлийн хураамжийг авч байхын зөвлөсөн байдаг. Энэ дагуу “МИАТ” зорчигч бүрийн тизний үнэ дээр таван ам.доллар нэмж авдаг болжээ. Дайны эрсдэлийн даатгал нэртэй хураамжийн мөнгө эхэндээ “МИАТ” ТӨХК-д орлого болж байсан бол 2007 оноос эхлэн зарлага болон гадны компани руу шилждэг болсон гэдэг. “Вест велф” нэртэй уг компани нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани биш бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар зөвхөн цаасан дээр л байдаг байна. “МИАТ” ТӨХК-иас уг компани руу жил бүр 1.2 сая ам.доллар шилжүүлдэг байсан бөгөөд өдгөө хэдэн арван тэрбум төгрөг шилжүүлснийг нь бүрэн тогтоогоогүй байгаа аж.
Манай улсаас нислэг үйлддэг болон агаарын хөлөг түрээслэгч гадны компаниуд Дайны эрсдэлийн даатгалын гэрээ байгуулахыг “МИАТ”-аас шаардаагүйгээр болохгүй ийм төрлийн ямар нэг гэрээг огт байгуулаагүй юм байна. Хэрвээ Дайны эрсдэлийн даатгал хийлгэхээр бол олон улсад нэр хүндтэй “Ллойд” нийгэмлэгийн гишүүн брокеруудаар дамжуулан давхар даатгуулсан байх шаардлагатай аж.
Түүнчлэн уг хэрэгт холбоотой тодорхой хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд “МИАТ” компанийн удирдлагуудаас гадна Төрийн өмчийн хорооны тухайн үеийн удирдлагуудыг ч хэрэгт холбоотой гэх яриа гарч байгаа юм. Тухайлбал ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг “МИАТ-ын хувьчилж авахын тулд “Монголиан эйрлайнес” компанийг байгуулсан. Энэ ажлыг Ч.Хоролсүрэнд даалгасан” гэх мэт мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Энэ талаар Үндсэн хуулийн гишүүн Д.Сугараас тодруулахад “МИАТ компанид мөнгө угаасан хэргийн талаар мэдэж байгаа юм алга. Шалгаж байгаа хэргийн талаар юм яримааргүй байна. Юу юуны духанд хүрэлгүй би буруугүй гэж өөрийгөө өмөөрөх нь зохисгүй хэрэг. Цагдаагийн байгууллагаас намайг дуудаагүй” гэв. Харин цагдаагийн байгууллагаас түүнийг одоо хүртэл шалгахгүй байгаагийн шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй эрхтэй нь холбоотой бололтой. Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалж “Үндсэн хуулийн гишүүн Д.Сугарыг одоогоор шалгаагүй байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад шалгах байх. Д.Сугарыг шалгахын тулд Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавина” гэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах албадан саатуулах буюу цагдан хорих зэргийг хориглодог аж. Тиймээс Д.Сугарыг шалгахаар болвол энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц болон УИХ-д тавих юм байна.
Н.Санжаасүрэн
URL: