Монгол Улсын Ерөнхийлөгч Усны салбар хуралдаанд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Усны нөөцийн бүлгээс (Water Resources Group Meeting) зохион байгуулсан тусгай хуралдаанд оролцов. Хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Усны нөөцийн бүлгийн дарга Андерс Бернтэл, Этиопийн Ерөнхий сайд Хайлмариан Дессалеген, НҮБ-ын Уур амьсгалын конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Кристиана Фигүрес нарын дэлхийн улс орны шийдвэр гаргагч, усны бодлогыг тодорхойлогч 70 гаруй зочин, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцов.
Энэ удаагийн хуралдаанаар Монгол, Мексик, ӨАБНУ, Энэтхэгийн жишээг хэлэлцэж “Усны нөөцийн хөтөлбөр-2030”-ын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2009 оноос хойш Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож эхэлснээсээ хойш тодорхой сэдвүүдэд анхаарлаа хандуулж ирсний нэг нь усны асуудал юм.
Давосын форумын энэ удаагийн усны хурлаар Монгол Улсын өмнө тулгамдаад буй усны нөөцийн асуудал, тулгарч буй бэрхшээл, тэр дундаа говийн бүсэд өрнөж буй уул уурхайн асуудлаас үүсээд байгаа усны бохирдол, мөн хүн амынх нь 40 хувь оршин суудаг Улаанбаатар хотын хөрсний бохирдлоос үүссэн гүний усны бохирдолд гол анхаарлаа хандуулж байгааг хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх тусгай хуралд үг хэлж өнөөгийн бодит нөхцөл байдлыг танилцуулаад Монгол Улс усны нөөцийн бүлэгтэй илүү үр ашигтай хамтран ажиллаж Монголд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх ёстойг хэлэв.
URL: