Парламентын тэргүүн Улсын сайн малчид, тариаланчидтай өглөөний цай уулаа

ooУИХ-ын дарга З.Энхболд Улсын сайн малчин, тариаланчидтай өнөөдөр /2013.01.25/ Их тэнгэр дэх “Хатан туул” зочид буудалд өглөөний цай хамт уулаа. Тэрбээр цайны өмнө малынхаа тоо толгойг өсгөж, тариалан эрхлэлтээрээ нутагтаа тэргүүлсэн малчин, тариаланчдад баяр хүргээд мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг орон нутагт амжилттай хөгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлж үр дүн гаргаж байгаа ажилд нь улам их амжилт хүссэн юм.
Тус арга хэмжээнд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нар байлцав. Улсын сайн малчин, тариаланч,  Улсын тэргүүний малчдын бүлэг, фермер, тариаланч хамт олноор өнөө жил нийтдээ 70 гаруй иргэнийг Засгийн газраас шалгаруулжээ.
Үдэж буй жилийнхээ ажлыг сар шинийн баярын өмнөхөн дүгнэж улсын сайн малчин, тариаланчийг тодруулснаар шагналыг өмнөх жилүүдэд орон нутагт нь очиж гардуулдаг байсан. Харин өнөө жил хөдөө, аж ахуйн салбарт тэргүүлэгчдийг Улаанбаатарт урьж шагналыг гардуулж байгаа нь малчин тариаланчид харилцан туршлага солилцох, УИХ-д сонгосон төлөөлөлтэй нь биечлэн уулзуулах зорилготой гэж УИХ-ын дарга хэлж байсан.
 Түүнчлэн “ Шинэ УИХ өнгөрсөн оны сүүлээр арьс ширийг дотооддоо боловсруулж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд малынхаа арьс ширийг үндэсний үйлдвэрт тушаасан малчдыг урамшуулахаар Засгийн газраас 140 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн юм. Энэ нь улсад мөнгө илүүдсэндээ биш малчдыг дэмжсэн,  малын түүхийн эдийн үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс хэрэгжүүлж буй ажил” гэж парламентын тэргүүн онцолж байв.
Малчид, тариаланчид хонь, тэмээний ноосны кг тутамд олгох урамшууллыг мөн сонирхож байлаа. Ирэх жилийн нэгдүгээр сарын нэгнээс хонь, тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохдоо зөвхөн хоршооны гишүүн малчин, мал бүхий хувь хүнд олгох юм байна. Ер нь малчид  цаашид хөдөлмөрөөрөө нэгдэж хорших, өрхийн жижиг аж ахуйгаас жижиг, дунд үйлдвэр болгон хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тодорхой чиглэлээр дагнаж ажиллах нь ирээдүйд ашигтай байна гэсэн мэдээллийг Улсын сайн малчид, тариаланчид  УИХ-ын даргаас авлаа.
З.Энхболд дарга хоёр жилийн өмнө Өвөрхангай аймагт эцэг малыг сайжруулах хагас тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлж сум болгонд барга үүлдрийн хуц, сүү, махны чиглэлийн ухна, бух малчдад тараасан нь өдгөө үр дүнтэй ажил болсон байна.Өвөрхангай аймгийн Бүрд сумаас төрсөн Улсын сайн малчин Л.Цэдэнбалжир “Малын удмыг сайжруулах төслийн хүрээнд тараагдсан барга хуцын төлийг өнгөрсөн жилийн хавар авсан.
Бусад хурганаас чац сайтай, тэвчээртэй, биерхүү төл гарч, сүрэгтээ цусны сэлгэлт хийж байгаа нь малын гаралтай бүтээгдэхүүний гарц сайжрахаас гадна өвөл, хаврын хатуу цагт малаа амархан алдчих зовлонгүй болохоор байна” хэмээн ярьж байсан. Тэрбээр барга хуцын төлнөөс сумын бусад малчдадаа тараах зэргээр нутгийн нийт малчид эцэг малаа шинэчлэх боломж бүрдэж байгаа ажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

URL:

Сэтгэгдэл бичих