Удвалыг удаавал…
Эрүүл мэндийн сайд Н.Удвал түүхэнд таагүйгээрээ мөнхрөх алдаатай улс төрийн шийдвэр гаргажээ. Нарныхан шоронгийхныг холин байж эмчлэх гэнэ. Тэр дундаа рецедив гэмт хэрэгтнүүдийг нийслэлийнхээ төвд, хамгийн сор болсон эмнэлэгтээ хэвтүүлэн эмчлүүлэх юм гэнэ.
Ингээд сайд нар л хэвтдэг, иргэн бидэнд бол санахын гарз байсан “Сайд нарын II” эмнэлэгт сайн эрчүүд тарвалзах болов. Нарны бид их л нааштайгаар хүлээн авч байна. Шоронгийн хоригдлууд эмчлүүлэх эрхтэй. Тэд хүний бүх эрхийг эдлэх ёстой ч гэх шиг өрөвдөж хайрлан энхрийлж байна.
Хүнд гэм зэм хийж чаддаггүй бидий ертөнц хэнийг ч уучилж, өрөвдөж, хайрлаж чаддагаараа агуу. Харин шоронгийн ертөнц тэр дундаа рецедив гэмт хэрэгтнүүд гэдэг бол хүн бичихийн аргагүй гэмт хэрэг үйлдсэн “араатнууд’’.
Тэгээд ч дэлхий нийтээрээ шорон, шоронгийн эмнэлгийг шоронгийнхоо дэргэд байлгах буюу эсвэл нэг арал дээр хүн байтугай амыан зовж хүрэх газарт байгуулан тусгаарлаж хаалга үүд харуул хамгаалалт нь тан ян хийж байдаг. Төрийн нэрийн өмнөөс ял сонсмогц л иргэн хун нэг амин чухал эрхээ хасуулдаг. Энэ бол сонгох сонгогдох эрх, мөн саналаа өгч Засаг төрөө байгуулах эрхээ хасуулдаг. Үүнтэй цуг улс төрийн эрх чөлөө, улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхгүй болно.
Харин Монголд шорон нь улс төрийн намын байр, эмнэлэг нь улс төрийн клуб боллоо. Шоронд орсон намын даргыгаа өмөөрсөн МАХН-ын гишүүд ШШГЕГ-ыг ажил хийх аргагүй болгоод байна. Тус намын гишүүд дэд сайдаасаа эхлээд УИХ-ын гишүүд хүртэл ШШГЕГ-ын албан хаагчдыг доромжилж дарамталж эхэлсэн. ШШГЕГ нь ялтныг ял завшихын эсрэг, шүүхээр тогтоосон ялыг эдлүүлэх үүрэгтэй.
Соёлтой, ардчилалтай улс оронд бол шүүхийн шийдвэр уншуулмагц, шоронгоос улс төр хийж болохгүйн учир, хуулиа дээдэлж намын даргын албан тушаалаас нь яаран чөлөөлдөг. Манайд бол өөр. Улс төрийн намын дарга нь шоронд ажиллаж байгаа тул Удвал сайдыг уучилж болно гэсэн үг. Эрүүл мэндийн сайд байж намын даргаа аль өөдтэй эмнэлэгт хэвтүүлэх үүрэгтэй гэж санаж байгаа.
Мэдээж дээрээс нь үүрэг өгөөд ч хэцүү байгаа. Хоригдлууд хуулийн мэдлэг иргэдээс хамаагүй илүү, эрдмийн зэрэг хамгаалхаар хүнд гарууд олон байдаг. Тэнд хууль бол хууль. Ял бол ял. Ял эдэлдэг болхоос ямба эдэлдэггүй газар. Н.Энхбаяр илүү эрхтэй бид дутуу эрхтэй гэж байхгүй гээд барьцаад гэдийгээд суухаа хоригдлууд мэднэ. Ялтнуудын хүнд гарууд нь сайд нарын эмнэлэгт, хэвтэж байхад дунд гарууд нь аймгийн эмнэлэгт, адаг гарууд нь сумын эмнэлэгт хэвтэх гэж ёстой чөтгөрийн арга сүвэгчилэхээ мэднэ.
Эмнэлэгт хэвтэхийн төлөө хоригдлуудын дунд ёстой дайн дэгдэнэ. Удвал сайд бол даанч мэдэхгүй. Сайд тушаал гаргахдаа шүүхийн шийдвэрт олон жил болсон дарга нараас асууж ямар сөрөг зүйл гарахыг нь тооцоолохгүй. Ял даахгүй хулгайчууд янз бүрийн аргаар эмнэлэгт хэвтэж цаг хороох гэж оролддог.
Мааньтийн хориход “яз” Пүрэв гэж нэг хулгайч байсан. Тэр эмнэлэгт хэвтэх болохоороо л хадаас залгидаг Нэгдүгээр эмнэлэгт долоон удаа хэвтэж хадаасаа авахуулсан юм. Хагалуулсаар байгаад гэдэс нь хагалуулаагүй газаргүй язархай болчихсон нөхөр явдаг байв. Хоригдлууд нарны эмнэлэгт хэвтэх гэж янз бүрийн арга заль хэрэглэнэ. Улаан тамхи буцалгаж уугаад өндөр халуурах. Өвчтөй тарвага, нохой идүүлэх, Халдварт өвчнийг санаатайгаар тараах, вирусыг нь дамжуулах.
Элдэв хорт ургамал, эм хольж үйлдвэрлэж онош нь олдохгүй өвчин тусах, доожоогүй нэгэн дээрээ туршилт хийх гээд хэн ч мэдэхгүй зан авир, арга бааш, ухаан заль зөвхөн хоригдлуудаас л гардаг юм. Удвал сайдын энэ шийдвэр нарны бидэнд ч гэсэн гэсэн түгшүүр төрүүлнэ. Хайртай хүмүүсийг нь санаатайгаар хядаж голомтыг нь эргүүлсэн яргачин өвчин тусчихаад Улаанбаатар хотын төвд сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байгаа гэхэд хохирогчдод тэдний ар гэрийнхэнд юу бодогдох бол оо.
Телевизээр хоёрдугаар эмнэлгийнхэн ярьж байна. Өндөр дээд зочдоо хүлээж авахад бэлдэх шиг ярив. Хоёр, гурван өрөө янзапсан, цаашид 50 хүн хүлээж авах багтаамжтай ч гэх шиг. Бас эрүүл мэндийн сайдын зөвлөх гэж нэг улстөрч ярьж байна. Цаашид иймэрхүү өвчинтэй 200 гаруй хүн байна.
Нүдээ олсон шийдвэр боллоо гэв үү. Хоёрдугаар эмнэлгийн эмч сувилагч үйлчлэгч нар ямар янзын зочид ирэх гэж байгааг мэдэхгүй л байна даа. Шоронгийн ертөнц гэдэг шал өөр .Цаг хугацаа элээж байгаа,шийдчихсэн хулгарууд хүчин хийх, хүн хорлох бол энүүхэнд. Нэгэнт л нийгмээс тусгаарлах ёстой хүнд гэмт хэрэгтнүүд эмчлүүлж байгаа учраас тус эмнэлгийн хоёр гурван өрөөг хүчлэн хамгаалж болдоггүй юм.
Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон энэ эмнэлгийг бүрэн хуяглаж харуул хамгаалалт хашаа хэрэм болгохоос өөр арга зам байхгүй. Эмч сувилагч асрагч нарыг нь ч наад зах нь гэмт халдлагаас биеэ хамгаалах анхны арга заалгах, сонор соргог байх гээд хийх ажил ундарлаа даа.
Шоронгийн улс төрийн хөлд эрүүл мэндийн сайд нь сор болсон ганц эмнэлгээ ингэж тушаалаа. Одоо сайд нарын эмнэлэгт хэвтэж байгаа өвчтенүүдээс бие чинь ямар байна гэж асуухын оронд “хэдэн жилтэй вэ” гэж асуух цаг ирлээ гэсэн Цэнддоогийнхоо үгийг хүргэхэд илүүдэхгүй. Эрүүл мэндийн сайд нь ингэж аашилж байхад хуулийн дэд сайд нь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэргийн сэжигтнүүдийг “биттий барь” гэж бичиг явуулаад л. Эл байдал газар авч хоригдож байгаа долоон мянган хоригдол жагсаж цуглаж, сонгуульд санал өгч, бослого гаргах нь дутаад байна.
Энэ Удвал сайд удаан байвал…
Г.Дашрэнцэн
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: