М.Батчимэг: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг эзэд нь л зогслоо
УИХ-ын гишүүн М.Батчимэгээс дараахь тодруулгыг авлаа.
-Ерөнхийлөгч санаачилсан хуулиа эргүүлэн татсан нь ямар учиртай юм бол. Та ажлын хэсэгт орж ажилласан хүний хувьд үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Манай ажлын хэсгийнхэн энэ хуульд үнэхээр итгэл үнэмшлээсээ хандаж байсан. Намын бүлэг ч Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлах ёстой гэж дэмжсэн байр суурьтай байлаа. Иргэд ч ялгаагүй дэмжиж байгаа нь мэдрэгдэж байсан. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг магтан дуулдаг биш бодит үнэнийг л дамжуулдаг байвал боллоо гэж санал бодлоо илэрхийлж байсан. Сэтгүүлчид ч дэмжсэн байр суурьтай байгааг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдсэн. Харин эзэд л энэ хуулийг эсэргүүцлээ. Үндсэндээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг эзэд нь л зогслоо. Магадгүй ингэж хэллээ гээд над руу янз бүрийн дайралт ирэх байх л даа.
-Зарим УИХ-ын гишүүн энэ хуульд шүүмжлэлтэй хандаж байх шиг байсан.
-Өнөөдөр зарим УИХ-ын гишүүд сүрхий мэдэгдэл хийж байна л даа. Ерөнхийдөө хэвлэлийн эздийн байр суурийг л дамжуулсан. Гэхдээ яг юуг нь эсэргүүцээд байгаагаа хэлсэнгүй. Хэвлэлийн эрх чөлөөг төр боомилж байна гэж ерөнхий мэдэгдэл л хэлсэн. Ямар заалтад дээр ийм асуудал байгаа юм. Гаргаад ирвэл хамтдаа ярилцаад шийдээд явъя гэхээр юу ч хэлэхгүй байна лээ. Миний мэдэрч байгаагаар намрын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудаас хамгийн бэрхшээлтэй хууль нь Хэвлэлийн эрх чөлөөны тухай хууль байлаа. Байнгын хороон дээр хэлэлцэхээс эхлээд л тодорхой үндэслэл хэлэлгүйгээр улс төржсөн мэдэгдэл хийж эхэлсэн шүү дээ. Эндээс өнөөдөр хэвлэл мэдээлэл хэний гарт байна вэ гэдэг нь л харагдаж байгаа хэрэг.
-Хууль санаачлагч нь хуулийн төслөө тодорхойгүй шалтгаанаар эргүүлэн татсан. Гэхдээ ажлын хэсгийн аль нэг гишүүн энэ хуулийг дахин өргөн барьж болно шүү дээ. Жишээ нь, та өргөн барих уу?
-Энийг ярьж байж шийдэх асуудал. Ерөнхийлөгч бол өөрөө сэтгүүлч хүн. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талд баттай зогсч байгаа хүн. Тэгэхээр асуудлыг сайтар бодож байж шийдэх байх аа.
-Тэгэхээр Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэлэлцэх асуудал нэлээн сунжрах төлөвтэй болох нь ээ?
-Эхнээсээ л явах байх л даа. Хууль санаачлагч хуулиа дахин өргөөд барьсны дараа үргэлжилдэг процесс эхнээсээ давтагдана гэсэн үг.
Х.Түвшин inet
URL: