Нийслэлийн бүх интернэт тоглоомын газруудыг журманд оруулна

koӨнгөрсөн баасан гаригт Хууль зүйн яамнаас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа интернет тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалт Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Angel” интернэт тоглоомын газраас эхэлсэн байна. Тус интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчлээд зогсохгүй цаг хэтрүүлж ажилладаг, орчин нь эрүүл ахуйн шаардлага хангахааргүй байсан.  Мөн БГД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game world” интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчилдэг, 3000 төгрөгөө өгчихвөл шөнөжин тоглож болдог гэх мэт зөрчлүүд гарчээ. Үүнээс гадна шалгалтынхан 23.00 цагаас хойш ажиллаж байсан хэд, хэдэн газруудаар ороход дээрх зөрчлүүд давтагдаж, согтууруулах ундаа хэрэглэж байсан хүүхэд ч үйлдэл дээрээ баригдсан бөгөөд баригдсан насанд хүрээгүй зургаан хүүхдийг НЦГ-ын харьяа “Хаяг тогтоох төв”-д хүргэсэн байна.

Уг нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй интернэт тоглоомын газрууд нь оройн 23.00 цаг хүртэл ажиллан, зөвхөн 18-аас дээш насныханд үйлчлэх ёстой гэсэн хууль, дүрэмтэй. Хэрэв цаг хэтрүүлж ажиллах, насанд хүрээгүй хүүхдэд үйлчилвэл 20 мянган төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авахаар журамд заасан байдаг аж. Энэ хуулийн заалтыг интернэт тоглоомын газар ажлуулж буй хүмүүс төдийлөн ойшоож үздэггүй, хэт бага торгууль оногдуулдаг зэргээс хамаарч хуулиа дагаж мөрддөггүй байна. Тиймээс Ажлын хэсгийнхэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй интернэт тоглоомын газруудыг цаашид үргэлжлүүлэн шалгаж, үүний дараа одоо мөрдөгдөж байгаа дүрэм журамд өөрчлөлт оруулах юм байна.

Г.Сонор.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих